
Хиймэл оюун ухаанд суурилсан шууд дамжуулалтын (livestream) худалдааны платформ гэгдэх "Tatao Live"-д Вьетнамын 40 мянга гаруй иргэн залилуулж, 407 тэрбум вьетнам донг буюу $16 саяыг байршуулан хохирсон хэрэг гарчээ.
e.vnexpress.net (2023-10-27)
Тус платформыг зохион байгуулсан долоон этгээдэд холбогдуулан Нге Ан мужийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.

Вьетнамын төв хэсгийн Нге Ан мужид Tatao Live платформыг ажиллуулдаг бүлгийн гишүүн тус платформыг ажиллуулж байсан өрөөндөө зогсож байгаа нь. Цагдаагийн газрын гэрэл зураг.
Сэжигтнүүдийг мөнгө угаах, мөн компьютер, цахим холбооны сүлжээ болон цахим хэрэгсэл ашиглан бусдын хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр буруутгаж байна.
Гадаадын иргэдээр удирдуулсан уг сүлжээ нь "Tatao Live" системийн харьяа аж ахуйн нэгжүүдийн нэрээр халхавчлан үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Урьдчилсан мөрдөн байцаалтаар уг бүлэг этгээдүүд 2025 оны 6 дугаар сард "Tatao Vietnam Technology" болон "Livestream AI Market Development" хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг үүсгэн байгуулсан нь тогтоогдсон байна.
Тэд "tataovn.com" цахим хуудас болон олон нийтийн сүлжээний сувгуудыг ашиглан "Tatao Live" аппликейшнийг сурталчилж, хөрөнгө татан төвлөрүүлэх замаар оролцогчдын мөнгийг завшиж байжээ.
Хэрэглэгчдийн итгэлийг олж авахын тулд тэд бага хурал, шууд дамжуулалт болон цахим уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, өөрсдийн хөгжлийн стратеги, шимтгэл урамшууллын (commission) бодлогоо танилцуулдаг байв.
"Tatao Live"-ийг шууд дамжуулалтын худалдаанд хүнийг орлох виртуал дүрүүдийг бүтээдэг хиймэл оюун ухааны платформ хэмээн сурталчилж байжээ. Үүнийгээ "Хиймэл оюуны жижиглэн худалдааны экосистем" гэж нэрлэн, "AI Livestream" технологи нь автоматаар орлого бүрдүүлдэг хэмээн зах зээлд танилцуулсан байна.
Түүнчлэн тус платформ нь "TikTok", "Shopee", "Lazada" зэрэг цахим худалдааны томоохон компаниудтай түншлэн ажилладаг хэмээн худал сурталчилж байв.
Уг бүлэг этгээдүүд хурал зөвлөгөөнүүдийг тогтмол зохион байгуулж, хүмүүс мөнгөө амжилттай татан авч буй зургуудыг үзүүлэн, мотоцикль, гар утас зэрэг шагналтай азтан шалгаруулах тохирлуудыг явуулдаг байжээ.
Мөн зарим хүмүүсийг зориуд зохион байгуулалттайгаар оролцуулан, бусдад "боломжоос хоцрох вий" гэсэн айдсыг төрүүлж, энэхүү схем нь мөнгө олох хурдан бөгөөд эрсдэл багатай арга хэрэгсэл гэдэгт хүмүүсийг үнэмшүүлдэг байв.
"Tatao Live" аппликейшн нь 2026 оны 1 дүгээр сараас эхлэн Google Play платформд тавигдсан байна. Харин Apple-ийн App Store дээр албан ёсоор ороогүй байсан тул хэрэглэгчид "Tatao"-оос өгсөн шууд холбоосоор нэвтрэх эсвэл Android Package Kit (APK) файлыг татан авч програм хангамжийг суулгах шаардлагатай болдог байжээ.
"Tatao Live"-ийг суулгасны дараа хэрэглэгчид бүртгэлээ идэвхжүүлэхийн тулд "AI Livestream" багцын төлбөрийг төлөх ёстой байв. Анхны урамшуулалт үнэ нь "насан туршдаа ашиглах" нөхцөлтэйгөөр 2.9 сая вьетнам донг байжээ.
Үүний дараа тэдэнд 14.9 сая, 84.9 сая, болон 418.9 сая вьетнам донг-ийн үнэтэй "Matrix Livestream AI" багцуудыг санал болгодог байсан байна.
Хэрэглэгчид бүртгэлээ идэвхжүүлсний дараа аппликейшнийг нээж, "AI Livestream" хэсгийг сонгон, 30 секундээс нэг минутын хугацаатай видеог үзээд хаадаг байв.
Үүнээс хоёр-дөрвөн цагийн дараа систем нь тэдний аппликейшн доторх цахим хэтэвчинд шууд дамжуулалтын орлого, хиймэл оюуны шимтгэл, эсвэл "Tatao coin" нэрээр мөнгийг автоматаар байршуулдаг байжээ.
Сурталчилж байсан орлогын хэмжээ нь "AI Livestream" багцын хувьд өдөрт 30,000-аас 50,000 вьетнам донг, харин "Matrix Livestream" багцын хувьд өдөрт 900,000-аас 1.5 сая вьетнам донг байв.
Үлдэгдэл нь 200 мянган вьетнам донг-д хүрмэгц оролцогчид холбосон банкны данс руугаа мөнгө татах хүсэлт гаргах боломжтой байжээ. Төлбөрийг төлбөрийн гарцуудаар (payment gateways) дамжуулан эсвэл "Tatao Vietnam Technology" компанийн банкны данснаас шууд шилжүүлдэг байсан байна.
Эхний үед уг бүлэг этгээдүүд оролцогчдод долоо хоногийн турш мөнгийг нь саадгүй олгож, системийг хууль ёсны дагуу ажиллаж байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж чаджээ.
Үүний гол зорилго нь одоо байгаа оролцогчдоор дамжуулан шинэ хүмүүсийг элсүүлэх байв. Оролцогчид олон хүн элсүүлэх тусам илүү их ашиг олох нөхцөлтэй байжээ.
Гэвч эрүүгийн цагдаагийн газраас шалгахад хэрэглэгчдэд тухайн хиймэл оюуны шууд дамжуулалтын платформ болон борлуулагдаж буй бүтээгдэхүүний талаар ямар ч тодорхой мэдээлэл байгаагүй байна. "Tatao Live"-д ямар нэгэн цахим дэлгүүр, сагс, бүтээгдэхүүний ангилал, эсвэл захиалгын мэдээлэл гэх зүйл огт байсангүй.
Түүнчлэн тус платформ нь цахим худалдааны үйл ажиллагаанаас орлого олж байгаагаа нотолж чадаагүй байна. Оролцогчдод олгож байсан мөнгө нь үндсэндээ өмнөх оролцогчдын худалдан авсан үйлчилгээний багцын хөрөнгөөр дараагийн оролцогчдын төлбөрийг санхүүжүүлэх зарчмаар буюу Понзи схем загвараар явж байжээ.
Урьдчилсан мөрдөн байцаалтаар "Tatao Live" нь улсын хэмжээнд 40 мянга гаруй данстай байсан нь энэхүү схемд татагдан орсон Вьетнамын 40 мянга орчим хэрэглэгчтэй дүйцэж байна.
Дөрөвдүгээр сар гэхэд тус систем үлэмж хэмжээний хөрөнгө төвлөрүүлж амжжээ. Ингээд хэрэглэгчид мөнгийг татан авах боломжгүй болж, гаргасан хүсэлтүүд нь зөвхөн "боловсруулагдаж байна" гэсэн төлөвт шилжсэн байна.
Удалгүй олон тооны баг, бүлгүүд таран бутарч, "Tatao"-ийн салбар оффисууд үүдээ барьжээ.
Цагдаагийн байгууллагаас тогтоосноор уг бүлэг этгээдүүд системийг хаахаасаа өмнө бэлэн мөнгө татан авч, олон тооны дамжуулах дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн байна. Түүнчлэн тэд бичиг баримтуудыг устгаж, хөрөнгөө зөөж, мөрөө баллах зорилгоор хөрөнгөө хилийн чанад руу шилжүүлсэн шинж тэмдэг илэрчээ.
Хохирогчид "Tatao Live" системд нийт 407 тэрбум вьетнам донг байршуулж хохирсон гэж тооцоолж байна.
Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар тус бүлэг этгээдүүд ажилчдын цалин, хиймэл оюуны шимтгэл, сүлжээний урамшуулал зэргийг хассаны дараа 220 гаруй тэрбум вьетнам донг-ийг хууль бусаар завшиж, өөрийн болгосон гэж үзэж байна. Одоогоор эрх баригчид 8.6 тэрбум гаруй вьетнам донг-ийн хөрөнгийг царцаагаад байна.
Энэхүү шууд залилангийн хэргээс гадна "tataovn.com" домэйн нэр нь БНХАУ дахь "Alibaba Cloud"-ийн сервер рүү хөтөлж байсныг тогтоожээ.
Түүнчлэн "Tatao Live"-ийг албан ёсны аппликейшн дэлгүүрүүдээс гадуур тараасан нь ил тод байдлын эргэлзээг төрүүлж, хэрэглэгчийн мэдээллийг Вьетнамаас гадна байршилтай серверүүд рүү дамжуулж байсан байж болзошгүй шинж тэмдгийг харуулж байна.
Вьетнамд гарсан "Tatao Live"-ийн хэрэгтэй яг ижил, өөрөөр хэлбэл "Хялбар даалгавар гүйцэтгэж, өндөр ашиг олох" амлалттай, аппликейшн болон платформд суурилсан Понзи луйврууд Монгол Улсад сүүлийн жилүүдэд маш ихээр гарах болсон.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас анхааруулж буй хамгийн төсөөтэй бодит жишээнүүд байдаг.
МОНГОЛЫН СУРГАМЖ БУЮУ ХУУРАМЧ ПЛАТФОРМД СУУРИЛСАН ЛУЙВАР
Вьетнамын хэрэг дээр хэрэглэгчид "видео үзэж даалгавар биелүүлдэг" байсан бол Монголд яг үүнтэй ижил арга үйлдэлтэй "Телеграм залилан" масс-ыг хамарч байна.
Фэйсбүүк, инстаграм дээр "Онлайнаар гэрээсээ хийх ажил", "Апп дээр даалгавар гүйцэтгэх ажил" нэрээр зар тавьж хүмүүсийг телеграм группт оруулдаг.
Эхлээд "Пост лайклах", "Ютуб видео үзэх", эсвэл "Хуурамч цахим дэлгүүрийн барааг сагсанд хийж борлуулалтыг нь дэмжих" гэх мэт хялбар даалгавар өгнө. Даалгавар бүрийн дараа 20,000 - 50,000 төгрөгийн урамшууллыг хохирогчийн данс руу шууд шилжүүлж, системийг "үнэн" гэж итгүүлдэг (Tatao Live эхний долоо хоногт мөнгө өгдөг байсантай яг ижил).
Дараа нь "Илүү их ашиг олохын тулд VIP багц ав" эсвэл "Манай платформд мөнгө байршуулж даалгавар ав" гэж шаарддаг. Хохирогчид мөнгөө өсгөх зорилгоор сая саяар нь тусгайлан бэлдсэн апп болон данс руу шилжүүлж эхэлмэгц дансыг нь царцааж, мөнгө татах хүсэлтийг "боловсруулагдаж байна" төлөвт оруулсаар алга болдог.
ЦЕГ-ын албан ёсны мэдээгээр зөвхөн нэг удаагийн богино хугацааны давтамжаар 619 гаруй иргэн энэ төрлийн Телеграм луйварт өртөж, 10.3 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд нэг иргэн гэхэд 39 удаагийн гүйлгээгээр 195 сая төгрөгөө алдсан кэйс бүртгэгджээ.
"Tatao Live" өөрийгөө хиймэл оюуны жижиглэн худалдааны экосистем гэж сурталчилж байсан шиг сүүлийн үед Монголд өндөр технологийн нэр томьёогоор маск зүүсэн санхүүгийн сүлжээнүүд хүчээ авч, иргэдийн шүүсийг шахаж байна. "AI робот таны өмнөөс автоматаар крипто арилжаа хийж, өдөр бүр тогтмол ашиг бодно", эсвэл "Олон улсын жижиглэн худалдааны AI системд мөнгөөрөө багц авч түрээслүүл" гэх мэт гоёл чимэглэлтэй үгсэд залилангийн хэлбэрүүд нуугдаж буйг хууль хүчний байгууллагууд болон мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Эдгээр аппликейшн нь Google Play болон App Store-ын аюулгүй байдлын шалгуурыг давж чаддаггүй тул ихэвчлэн удалгүй устгагддаг, эсвэл албан ёсны дэлгүүрт огт байршдаггүй. Тиймээс "Tatao"-той адил APK файлаар буюу сошиал орчин дахь шууд линкээр иргэдэд тулган татуулдаг. Апп дотор мөнгө нь хэд дахин өсөж байгаа мэт чамин тоо, үзүүлэлт харагдах ч энэ нь бодит хөрөнгө оруулалтаас бус, ердөө дараагийн элссэн шинэ хохирогчийн мөнгөнөөс санхүүжиж байдаг классик понзи пирамид юм. Сүлжээ өргөжиж, Монголын захаас босгох шинэ мөнгөний урсгал саатах үед аппликейшн гэнэт унтарч, зохион байгуулагчид нь хэрэгжүүлсэн мөнгөө крипто хөрвүүлэг ашиглан хилийн чанад руу угааж амждаг. Энэ бүхний ард хэдэн арван тэрбум төгрөгийн хохиролтой, дотоодын олон зуун иргэн хохирч үлддэг гашуун жишээ ар араасаа гарсаар байна.
Цахим орчинд "Богино хугацаанд, ямар ч эрсдэлгүйгээр мөнгөө 2-3 дахин өсгөх", "Онлайн даалгавар биелүүлж өндөр цалин авах" гэсэн зар, аппликейшн, линк болгон залилан байх өндөр магадлалтай. Иймд монголчууд технологийн чамин нэршилд хууртахгүй байж, ямар ч тохиолдолд баталгаагүй сүлжээ, апп руу урьдчилгаа мөнгө болон багцын төлбөр шилжүүлэхгүй байхыг хуулийн байгууллагууд онцгойлон анхааруулах болсон билээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.