

Харласан модод, үнс болсон өвс, салхинд хийсэх тортог, хөл дор нурж унах мөчир. Холоос харахад ердөө л шатсан газар. Харин ойртож очвол тэнд саяхан амьдрал байсныг мэдэрнэ. Хавар бүр соёолдог байсан өвс, нарны гэрэлд дэлгэрдэг цэцэгс, олон жил ургасан модод, тэр бүхний дунд өөрийн гэсэн орон зайтай амьдарч байсан амьтад. Тэдний зарим нь зугтаж амжсан байх. Зарим нь амжаагүй. Заримынх нь үүр, ичээ, амьдрах орчин нэг өдрийн дотор үгүй болсон.
Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт өртсөн тухай сонсоход хамгийн түрүүнд хэдэн га талбай шатсан бол гэсэн бодол төрж болох юм. Бид байгальд учирсан хохирлыг ихэвчлэн тоогоор илэрхийлдэг болжээ. Төдөн га ой, төдөн га хээр, төдий хэмжээний хохирол. Тоо хэрэгтэй. Гэхдээ тэр тоонуудын цаана юу алга болсныг төсөөлөхөд хэцүү.
Нэг га газар гэдэг газрын зураг дээрх хэмжээс. Харин тэнд амьдарч байсан амьтны хувьд бүхэл бүтэн ертөнц нь байж болно.
Бид байгалийг өөрсдийнхөө амьдралаас тусдаа зүйл мэтээр ойлгох нь олон. Хотод амьдардаг хүнд ой мод, тал хээр бол амралтаараа очдог газар, гол мөрөн бол зураг авахад сайхан үзэмж, уул нуруу бол алсаас харахад сүрлэг бараа. Тэр бүхнийг бид өөртөө хэрэгтэй, эсвэл сайхан санагдаж байгаа хэмжээгээр үнэлдэг. Гэтэл ой мод хүн очоогүй үед ч амьдралтай. Тэнд бидний хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй тоо томшгүй олон амьд биет оршин байдаг.
Байгальд хүнээс зөвшөөрөл авдаггүй амьдрал бий. Олон зуун жилийн турш нэгэн хэвийн мэт харагдах ойд өдөр бүр ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байдаг. Хөрсөн дор үр соёолж, шавж хорхой хөдөлж, шувууд үүрээ засаж, амьтад үр төлөө бойжуулна. Нэг мод унаж, оронд нь өөр мод ургана. Энэ бүхэнд хэн нэгний тушаал, төлөвлөгөө, тайлан хэрэггүй. Байгаль өөрийн жамаар оршдог.
Түймрийн дараа зарим ургамал дахин ургаж, зарим амьтан эргэн ирж, байгалийн нөхөн сэргэх үйл явц эхэлдэг нь үнэн. Гэвч нөхөн сэргэнэ гэдэг нь өмнө байсан бүхэн яг хэвээрээ буцаж ирнэ гэсэн үг биш. Хөгшин модыг шинээр ургасан суулгацаар орлуулахад олон арван жил хэрэгтэй. Тэр модны мөчир дээр үүрлэж байсан шувуу, үндэс орчимд нь амьдарч байсан шавьж хорхой, хөрсөн дэх олон төрлийн амьд биетийн харилцаа тэр чигээрээ буцаж бүрдэх эсэхийг ч урьдчилан хэлэхэд амаргүй.
Байгалийн цаг хугацаа хүнийхээс өөр. Бид нэг жилийн дотор байшин барьж, зам тавьж, хотын нэг хэсгийг танигдахгүй болтол өөрчилж чадна. Харин ой хээрийг хүссэн үедээ байгуулж, олон зуун жилийн турш бүрэлдсэн амьд орчныг хэдхэн улиралд сэргээж чадахгүй.
Энэ ялгааг бид хангалттай ойлгодог болов уу? 2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарч, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу 79.8 хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл бий. Аравдугаар сарын 16-нд түймрийг бүрэн унтраасан бөгөөд экологийн хохирлын нарийвчилсан үнэлгээ үргэлжилж байна.
Энэ бол ганц удаагийн гамшгийн тухай мэдээ биш. Бид байгальтайгаа хэрхэн харьцаж ирсэн, түүнийг хамгаална гэж хэлэхдээ яг юуг хамгаалж байгаагаа ойлгодог эсэх тухай бодоход хүргэх үйл явдал юм.
Дархан цаазат газар гэдэг нэрийг анх сонсоход л тэнд хүний дур зоргоор халдаж болохгүй, онцгойлон хайрлан хамгаалах учиртай зүйл бий гэсэн ойлголт төрдөг. Бид тэр газрыг хуулиар хамгаалж, газрын зураг дээр хил заагийг нь татаж, ховор амьтан, ургамлынх нь тухай судалгаа хийдэг. Гэвч тэр бүх хамгаалалт эцсийн дүндээ хүний хариуцлагаас хамаарна. Хуулийн заалт өөрөө түймэр унтраахгүй. Газрын зураг дээр татсан хил галын тархалтыг зогсоохгүй.
Байгальд хүний тогтоосон хил гэж байхгүй. Гал ч ялгаагүй. Нөмрөгийн түймэртэй холбоотойгоор галын шалтгаан, холбогдох хүмүүсийн хариуцлага, учирсан хохирлыг хэн барагдуулах тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон. Эдгээрийг баримтаар тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид үүнээс цааш нэг зүйлийг бодох ёстой. Байгальд учирсан хохирлыг мөнгөөр бүрэн нөхөж болдог уу? Шатсан модны үнийг тооцож болно. Түймэр унтраахад зарцуулсан шатахуун, техник хэрэгсэл, хөдөлмөрийн зардлыг гаргаж болно. Хөрс, ургамал, амьтдын амьдрах орчинд учирсан хохирлыг шинжлэх ухааны аргаар үнэлэх боломжтой. Гэвч тэр бүх тооцоо байгалийн амьд тогтолцооны үнэ цэнийг бүрэн илэрхийлж чадах болов уу?
Олон жил ургасан модонд мөнгөн үнэлгээ тогтоолоо гэхэд тэр модны сүүдэрт ургаж байсан ургамал, мөчирт нь үүрлэсэн шувуу, үндэснийх нь орчимд бүрэлдсэн амьд орчныг нэг дор буцааж авчирч чадахгүй. Түймэрт өртсөн талбай бүр бүрэн сүйдсэн гэсэн үг биш, байгаль нөхөн сэргэх чадвартай. Гэхдээ хаана, ямар хэмжээнд, хэдий хугацаанд сэргэхийг тогтооход нарийвчилсан судалгаа хэрэгтэй.
Бидний хувьд найм хоног гэдэг богино хугацаа. Харин тэр найм хоногийн үр дагаврыг байгаль хэдэн арван жил үүрч мэднэ. Энд л хүний цаг хугацаа, байгалийн цаг хугацаа хоёрын ялгаа тод харагдана. Бидний амьдралд нэг үе өнгөрөхөд олон зүйл солигддог. Харин ой мод, тал хээрийн хувьд тэр хугацаа дөнгөж эхлэл байж болно. Хүний нэг алдаа хэдэн үеийн туршид үргэлжлэх өөрчлөлтийг байгальд үлдээх боломжтой нь аймшигтай.
Бидэнд байгаа зүйлийн үнэ цэнийг ойлгохын тулд заавал түүнийг алдах хэрэгтэй гэж үү? Монголчууд байгалиа хайрладаг ард түмэн гэж бид өөрсдийгөө тодорхойлох дуртай. Уул усаа шүтдэг, газар дэлхийгээ эхтэйгээ зүйрлэдэг, өвөг дээдсээс уламжилсан байгаль хамгаалах ёс заншилтай гэж бахархдаг. Энэ бүхэн бидний соёлын нэг хэсэг мөн. Гэхдээ байгальд хайртай гэж хэлэх, байгальд хариуцлагатай хандах хоёр өөр зүйл.
Хайртай гэж хэлэх амархан. Харин хамгаална гэдэг мэдлэг, сахилга бат, хяналт, заримдаа өөрийн хүсэл сонирхлоос татгалзах шийдвэр шаарддаг.
Дархан цаазат газарт зорчихдоо дүрэм мөрдөх, түймрийн эрсдэлийг тооцох, аюултай нөхцөлд үйл ажиллагаагаа зогсоох, хяналтын тогтолцоог бодитой хэрэгжүүлэх нь байгаль хамгааллын энгийн боловч хамгийн чухал хэсэг. Гамшиг болсны дараа харамсах биш, болохоос нь өмнө сэргийлэх нь хамгааллын утга учир.
Түймэртэй тэмцсэн хүмүүсийн тухай ч бодох хэрэгтэй. Галын өөдөөс явна гэдэг амаргүй. Утаа, халуун, салхи, байнга өөрчлөгдөх аюултай нөхцөл дунд ажилласан онцгой байдлын алба хаагчид, хилчид, орон нутгийн иргэдийн хөдөлмөрийг мартаж болохгүй. Байгальд учирсан гарзын тухай ярихдаа түүнийг аврахын төлөө эрсдэл үүрсэн хүмүүсийн тухай ч ярих ёстой.
Гэхдээ түймрийг унтраасан нь бүх ажил дууссан гэсэн үг биш. Харин ч одоо илүү удаан, илүү тэвчээр шаардсан ажил эхэлж байна. Ямар амьдрах орчин хамгийн их өртсөн, ямар ургамал, амьтанд нэн түрүүнд хамгаалалт хэрэгтэй, хаана байгалийн өөрийн нөхөн сэргэх явцыг дэмжих, хаана хүний оролцоо шаардлагатайг судлах ёстой. Үүнийг нэг удаагийн аян, хэдэн өдрийн мод тарих ажлаар орлуулж болохгүй.
Нөмрөгийг хамгаална гэдэг зөвхөн шатсан газрыг ногоон болгох тухай биш. Тэнд байсан амьдралын олон янз байдал, байгалийн унаган тогтолцоог боломжтой хэмжээнд хадгалж, сэргээх тухай асуудал юм.
Харин бидний хувьд энэ явдлаас юу үлдэх бол? Хэдэн өдрийн бухимдал уу? Хэн нэгнийг буруутгасан маргаан уу? Эсвэл дахин ийм хэмжээний гарз учруулахгүй байх бодит өөрчлөлт үү?
Нөмрөгийн түймэр нэгэн цагт мэдээний хуудаснаас арчигдана. Өөр үйл явдал гарч, хүмүүсийн анхаарал тийш шилжинэ. Харин түймэрт өртсөн газар бидний анхаарал өөр тийш хандсанаар өмнөх төрхөндөө эргэж орохгүй. Тэнд хавар ирнэ. Бороо орно. Зарим газарт өвс дахин соёолж, зарим мод амьд үлдэж, зарим амьтан эргэн ирэх байх. Гэвч байгаль хэрхэн өөрчлөгдсөнийг бид үргэлжлүүлэн судалж, хамгаалж байж л ойлгоно.
Бид тэр өөрчлөлтийг харж амжихгүй ч байж мэднэ. Нэг өдөр Нөмрөгийн тухай өнөөдрийн мэдээг огт мэдэхгүй хүүхдүүд тэнд очих байх. Тэдний харж байгаа ой, хээр бидний өнөөдөр хамгаалж үлдээж чадсан зүйлсээс бүрдэнэ. Харин хамгаалж чадаагүй зүйлсийг тэд хэзээ ч харж мэдэхгүй өнгөрнө. Энэ бодол л хамгийн харамсалтай нь. Учир нь бид зөвхөн өнөөдөр амьдарч байгаа хүмүүсийнхээ өмнө бус, маргааш төрөх хүүхдүүдийн өмнө ч хариуцлага хүлээдэг.
Нөмрөгийн шатсан газрыг хараад бид юу алдсанаа бүрэн мэдэхгүй байж болно. Гэхдээ дахин алдахгүйн тулд юу хийх ёстойгоо мэдэх боломж бидэнд бий.
Байгаль биднээс өрөвдөх сэтгэл гуйдаггүй. Харин бид түүнгүйгээр амьдарч чадахгүй. Үүнийг ойлгохын тулд заавал бүхнийг үнс болтол нь хүлээх хэрэггүй юмсан.

Биологич
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.