

Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл орлогоо нотлоогүй яваа. Тэрбээр Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг 4 жил 4 сар орчим (2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 2025 оны 6 дугаар сарын 3 хүртэл)толгойлсон.
Өөрийнх нь хувьд амаргүй ч, харин эдийн засгийн хувьд эрдэс баялгийн үнэ өндөр өсөлттэй, улс төрийн хувьд парламентад суудалтай бүх намаа “өвөртөө” хийсэн, сөрөг хүчингүй, эрх мэдэл ихтэй Ерөнхий сайд байв.
Тэрбээр 125 их наядын төсөв зарцуулсан агаад үр дагаварт нь Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн засаглалын үеийн 125 их наяд авлигач, хулгайч нарын халаасанд орж ард иргэдийн нуруун дээр ачаа болсон гэсэн үг.
Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд хэд, хэдэн зорилтот өнцөг шиджээ. Түүнээс нь дүгнэвэл Л.Оюун-Эрдэнэ асар их айдастай. Түүний эмзэг цэг дээр нь Б.Энхбаяр олоод гишгэчихсэн бололтой.
-Гэнэт л нэг өдөр Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа хоёр хөөгдсөн асуудал гарсан.
-Гэнэт Х.Нямбаатарт махны үнийн асуудлыг нааж эхэлсэн. Одоо гэнэт л С.Амарсайхан их муу хүн болж байх шиг. Хүн чанарын хувьд онцгүй л зүйл санагдаж байгаа.
-Сөрөг хүчин ажлаа хийлгүй яах вэ. Ер нь харж байхад манайхан сэтгэл хөөрлөөр л хандсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад, төслүүд явж байх үед хэдэн хүн сайд болох гээд л. Ардчилсан намд хамаг л гоё яамаа өгчихөөд байна гэсэн ийм л асуудал үүссэн.
-Дангаараа засаглаад, "Алтан өргөө" киноны Ёроо, Ёмбо шиг зүйл болсон. Авдарт алт эрдэнэс байгаа гээд нээсэн шиг юу ч байхгүй. Усгүй ган гачиг болдог шиг ийм л зүйл болсон.
Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж л ийм зүйл болсон. Улам л нөхцөл байдлыг хүндрүүлнэ.
-Өөрийн толгойтой байвал түүхэнд үлдэх Ерөнхий сайд болох байх аа. Өөрийн толгойгүй байвал хананд зургаа өлгүүлсэн л түр хугацааны Ерөнхий сайд болно" гэж хэлж байсан.
-Ерөнхий сайд асан Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Н.Учрал одоо хоолойгоо боолгож унаж магадгүй. Би цагдаагийн мэдэгдэл энэ тэрийг Б.Энхбаяр хийсэн байх өндөр магадлалтай гэж хардаж байгаа.
Түүний энэ, мэт мэдээллээс харахад ямартай ч “авдарт байсан алт эрдэнэс”-ийг хулгайлаад усгүй, ган гачиг мэт эдийн засаг үлдээснээ ойлгоод яваа бололтой. Харин үүнээсээ болж огцорсноо л Л.Оюун-Эрдэнэд одоо ч ойлгоогүй яваа аж.
Угтаа тэр эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, "супер Ерөнхий сайд" болох хам шинжээр өвчилсөн, удирдагч биш дарангуйлагч болох гэсэн улс төрөө даалгүй унасан. Хоёрдугаарт, улс төр, хууль хяналт, эдийн засаг, томилгоо гээд салбар бүрийг самарч, албан тушаалаар сөрөг хүчний амыг үдсэн эгдүүцсэн ард иргэд түүнийг эсэргүүцсэн. "Би хийнэ, би илчилнэ" гэх өнгө аясаар ажилласан нь Монголын бүх институцийг чадамжгүй болгосныхоо төлөөсийг тэр төлөхөд хүрсэн.
Л.Оюун-Эрдэнэ гэж ганцхан хүний микро-менежментээр өнгөрсөн 4 жил Монголын төр удирдуулсан. Ардчилсан сонгуульд алуурчдыг тугаа болгосон адгийн түүхийг тэр бичсэн. "Шинэ сэргэлтийн бодлого", "Алсын хараа 2050", 14 мега төсөл гэх утга уянгын сонгодог романтизмдаа их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулснаар инфляци өссөн, иргэдийн амьжиргааны төвшин уруудсан, эдийн засаг хямарсан. Өнөөдрийн эдийн засагт нүүрлэж буй хямралууд өчигдрийн Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлсэн бодлогын эффект юм.
Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ системтэй тэмцэх нэрээр авлига, хулгайн асар том систем бий болгосон. Хүн юу тарина, түүнийгээ л хүртдэг. Л.Оюун-Эрдэнийн усалсан системийн хохирогч нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.