

ЕАЭЗХ-той байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээр өнгөрсөн 7-р сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжиж эхлээд хоёр сар ч болоогүй байгаа ч хоёр талын бизнес эрхлэгчид энэхүү хэлэлцээрээр нээгдэж буй шинэ боломжийг ашиглахыг зорьж байгаа нь өчигдөр “Блю Скай”-н 3 давхар Орос, Монголын бизнес эрхлэгчид багталцахгүй шахам цугласнаас харагдана. Ялангуяа В2В уулзалтын танхим хамгийн хөл хөдөлгөөнтэй байлаа.
Улаанбаатар хотноо 9-р сарын 14-15-нд зохиогдож буй Монгол-Оросын Бүс нутгийн II чуулганы эхний өдөр энэхүү түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг хийлээ.
“Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойших хугацааны худалдааны үзүүлэлтийг авч үзэхэд хэлэлцээрийн тарифын хөнгөлөлт бодитоор ашиглагдаж эхэлсэн нь харагдаж байна” хэмээн Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.
Гаалийн ерөнхий газрын 7-р сарын 22-ноос 9-р сарын 7-ны өдрийн хоорондох мэдээллээр ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Монгол Улсад нийт 15.97 сая ам.долларын үнийн дүн бүхий 12.8 мянган тонн бараа бүтээгдэхүүн импортлогдож, 2.86 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлжээ. Үүний дийлэнх нь буюу 12.17 сая ам.долларын бара бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортолсон бол Беларусаас 0.2 сая, Казахстанаас 3.6 сая ам.долларын бара бүтээгдэхүүнийг тус тус импортолжээ.
Харин Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд нийт 2.64 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.4 мянган тонн бараа бүтээгдэхүүнийг 26 аж ахуйн нэгж, иргэн экспортолсон нь тун чамлалттай. Монголын өчүүхэн экспортын дийлэнх нь буюу 2.45 сая ам.долларын экспорт ОХУ руу, үлдсэн нь Казахстан руу гарчээ.
Эхний хоёр сар хүрэхгүйн хугацааны тоон үзүүлэлт чамлалттай байгаа ч цаашид экспорт нэмэгдэх боломж байгааг ашиглахыг зорьж байгааг Монголын тал илэрхийллээ. Ингэхийн тулд хэлэлцээрийн хэрэгжилтэд учирч буй элдэв саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэх нь Хамтарсан хорооны зорилт юм.
Хамтарсан хорооны дэргэд Барааны худалдааны дэд хороо, Гаалийн хамтын ажиллагааны дэд хороо байгуулахыг анхны хуралдаанаар дэмжлээ. Үүнээс гадна Барааны худалдааны дэд хорооны дэргэд техникийн асуудлыг хэлэлцэх Ажлын хэсэг байгуулах Монголын саналыг дэмжлээ.
Оросын Agroexport-ын мэдээгээр 2026 оны эхний 7 сарын байдлаар ОХУ-аас Монгол руу 167 сая ам.долларын 290 мянган тонн ХАА-н бараа бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх 2025 онтой харьцуулахад экспорт 2.3 дахин нэмэгдсэн дүн ажээ. Оросын Монгол руу экспортолсон ХАА-н топ таван бүтээгдэхүүн нь улаан буудай (18%), баяжуулсан гурил (10%), гахайн мах (8%), шоколад (6%), ургамлын тос (6%) байна.
Хэлэлцээр хэрэгжсэнээс хойших хугацаанд Монголын ЕАЭЗХ руу гаргасан экспортын 70% жонш, 20% нь ноос, ноолууран бүтээгдэхүүн байгаа нь Монголын эдийн засгийн бүтцэд хэдхэн салбар идэвхтэй байгаа сул талыг харуулахын зэрэгцээ, Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид хэлэлцээрт бэлэн биш байсныг илтгэж байна. Хэлэлцээрээр хоёр тал харилцан 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт үзүүлсэн боловч 7-р сарын 22-ноос хойш хөнгөн үйлдвэрийн 112 бараанаас 23, хүнсний 74 нэр төрлийн бараанаас ердөө 4 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Монголын ААН, иргэд ЕАЭЗХ руу экспортолжээ. Ихээхэн найдлага тавьж байсан ХАА, малын гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх найдлага харагдахгүй байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд ХАА, малын гаралтай бүтээгдэхүүний хувьд Монголын экспорт 686.3 мянган ам.доллар, харин ЕАЭЗХ-ны импорт 4.9 сая ам.доллар буюу 1:14 гэсэн харьцаатай байжээ.
Монголын тал хэлэлцээрийн боломжоо бүрэн биш юмаа гэхэд тал хувьд нь хүргэж ашиглаж чадахгүй байгаагийн шалтгаануудыг сонсоход шинэ зүйл бараг байхгүй, сүүлийн 20-30 жил ярьсан хорио, цээр, вакцинжуулалт, стандартын асуудал голлож байна. Тиймээс Оросын талаас хорио цээрийн шаардлагаа зөөлрүүлэх хүсэлтийг Монголын талаас тавьсан бөгөөд 9-р сарын эхний өдрүүдэд Владивосток хотноо болсон Дорны Эдийн засгийн форумын үеэр ерөнхийлөгч Путин Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеэрээ хорио цээрийн шаардлагыг зөөлрүүлэх тал дээр нааштай хандахаа илэрхийлсэн. Монголын нөөшилсөн махны экспорт Казахстан болон Киргиз рүү элдэв саадгүй нэвтэрч байгаа хэрнээ Оросын зах зээл рүү нэвтэрч чадахгүй байгаа нь хорио цээрийн шаардлага хатуу байх талтайг харуулж байна.
Хорио цээрээс гадна хил, гааль, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, транзит тээвэр, төлбөр тооцоо зэрэг практик хүндрэлүүд Монголын ААН-үүдэд учирч байгаа бөгөөд эдгээр асуудлыг хоёр тал шат дараатайгаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Гурван жил хэрэгжих энэхүү хэлэлцээрийн үр дүн, ач холбогдлыг Монголын үйлдвэрлэгч, экспортлогчид шинэ зах зээл рүү нэвтэрч чадсан эсэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн эсэхээр хэмжигдэх учиртай. Хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр талд маш их ажил хийгдсэн нь сайшаалтай ч хэлэлцээрийн үр дүнг бодитоор хүртэхийн тулд цаашид ч хийх ажил их байгаа юм.
Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев нар хамтран даргаллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өргөн байлаа. Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагуудын төлөөлөл, харин ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комисс, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улсын холбогдох яам, агентлаг, байгууллагын төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаанаар Худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, Хамтарсан хорооны ажиллах журмыг батлан, барааны худалдаа, гаалийн хамтын ажиллагааны дэд хороод, техникийн зохицуулалт болон ариун цэвэр, ургамлын эрүүл ахуйн асуудлаар хамтарсан ажлын хэсгүүд байгуулахаар тохиролцов.
Монголын тал экспортын зах зээлийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх хүрээнд SPS шаардлага, гаалийн үйл ажиллагаа, гарал үүслийг баталгаажуулах, худалдааны техникийн саад тотгорыг бууруулах асуудлыг хөндөж, ЕАЭЗХ-ны зах зээлд Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдийг холбогдох худалдан авагч, бизнесийн түншүүдтэй шууд холбох санал гаргав.
Түүнчлэн талууд 2027 онд Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийлүүлэх махны урьдчилсан хэмжээг тодорхойлж, техникийн саад тотгорыг арилгах чиглэлээр зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.
Мөн гаалийн дамжин өнгөрүүлэх тээвэр болон Гаалийн нэгдсэн транзит систем байгуулах саналын талаар мэдээлэл солилцов.
Талууд Барааны худалдааны дэд хорооны анхдугаар хуралдааныг 2026 оны эцэс хүртэл, улмаар сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2027 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөв.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.