2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3


(“Цахлай” романы шүүмжийн I хэсэг)
Уран бүтээлчийн замналаар амьдрахыг тэнгэрийн таалал, бурхны хишиг гэж болно. Анхны бүтээл гэдэг аливаа зохиолчийн зам мөрийг тодорхойлдог тэр л уламжлалаар ном, найрагт дуртай нь “танигдсан” учир редакторлан өмнөх үг бичиж “Бүсгүй чи- зураг” (2010) анхны түүвэр нь хэвлэгдсэн түүхтэй.

Урмын “ташуур” өгсөн тэр цагаас хойш Г.Батжавхлан маань яруу найраг, хүүрнэл зохиолын хэд хэдэн ном бичиж шүүмж судлалаар мэргэшин МЗЭ-ийн шагналт уран бүтээлч болон өсөж өндийжээ. Тэдгээр бүтээлийн талаар энд ярихгүй. Гагцхүү намрын сэрүү буутал нуурын хөвөөнд туурвисан ном ямархан олз тээж ирснийг цуврал шүүмжээр хуваалцъя. Номонд шимтэж, автсан Г.Батжавхлан энэ хугацаанд багагүй уншсан нь “Цахлай бид хоёрын яриа” (2025) зохиолоос тодорч, хэл найруулга жигдэрсэн нь бичгийн боловсролд утга дурайсныг илтгэнэ. Ялангуяа дэлхийн сонгодог утга зохиолоос задлан шинжилж онолын бүтээлүүдтэй танилцаж буй нь сэдэв санаа, ур ухаанд нь нөлөөлжээ.
“Сар, Цахлай бид гурав буюу эхлэл” хэсгийн харилцан яриа гүн ухаан, сэтгэл зүйн өгүүлэмжтэй тул жүжгийн зохиол болгон тайзнаа дэглэвэл зохирохоор байна. Энэ нь гүн ухаан, сэтгэл зүйн драмд хувь нэмэр оруулсан Д.Батбаяр, Д.Урианхай нарын залгамж, жин дарах бүтээл хэмээн үнэлж буйд оршино. Энэхүү эхлэл шигээ зохиолоо үргэлжлүүлэн бичиж дуусгасан бол энгийн хүүрнэл шинж рүү бус эргэцүүллийн дотоод мөн чанар руу илүү дөхөх байжээ гэдгийг ч сануулъя. Гэхдээ сар, цахлай, өгүүлэгч гурван ганцаардлыг садансуулан нэгтгэхдээ цаг хугацааг хүний оюун тархитай холбож, цаг хугацааны хэврэгшил зэрэг гүн ухааны сонирхолтой асуудлууд дэвшүүлжээ. Цахлай нь утга зохиолд эрх чөлөө, тэсвэр тэвчээр, хүний хүсэл хязгаарыг давж гарахыг бэлгэдэж, нийгмийн болон сэтгэлгээний хүлэгдмэл байдлаас чөлөөлөгдөх эрмэлзлийг илэрхийлдэг. Түүнчлэн өндөрт нисэх тэмүүлэл ба хагацал гэсэн эсрэгцэл бүхий дотоод сэтгэлгээний аялал, дасан зохицох чадварыг ч төлөөлдөг билээ.
Тэгвэл уг зохиолд “Могой голын Сарангүнжийн домог хүүрнэсэн нь хэмээх үлгэр оршвой”, “Булаг хээрийн тухай цахлайн ярьсан домог оршвой” гэх мэтээр бүлэг бүрд арав гаруй үлгэр, домог хүүрнэдэг нь орчин цагийн үлгэр- өгүүллэг, зохиомжийн тэлэлтэд онцгой хувь нэмэр оруулж байна. Өөрөөр хэлэхэд яруу өгүүлэхүйн шидээр шинэ цагийн домог бүтээж гүн ухааны санаа хөндөж буйг сайшаалтай. Сарны сүүдэр, салхисын чуулган, хувилгаан салхины шивнээ, цуурайн нулимс зэрэг шинэ сэтгэмжүүдээр өгүүлэгч, цахлай хоёр хүүрнэнэ. Тухайлбал,
“-Цуурай бол хүний оршихуйн үр дагавар, бидний “байсан” гэдгийг батлах гэрч бололтой. Хэн нэгэн энд хэзээ нэгэн цагт байсан, ингэж хашхирсан, ингэж шивнэсэн гэдгийг өнгөрөгч цаг хугацаа дотроос сануулах мэдрэмжийн нөлөө юм уу даа. Хайдеггер “Оршихуйн чимээгүй хариу” гэж хэлсэн санагдана гэж хэлэхэд цахлай бодлогошронгуйгаар над руу харснаа:
-Цаг хугацаанд замхарсан авиа, гэхдээ зүрхэнд шивнэх мэдрэмж юм уу даа гэж хэлэв” (2025. 105-106) зэрэг олон жишээ татаж болохоор байна. Сарны нөлөөг нуураас тольдож гагцаар бус хань бологч Цахлайтай хүүрнэж буй өгүүлэмжийн шийдэл нь анирдах сэтгэлийн толь болж буйгаараа содонсдог. Нэг ёсондоо шувууны эрх чөлөөг уран бүтээлчийн хязгааргүй сэтгэмжтэй нийцүүлж Цахлай нь шувуу бус өгүүлэгчийн, уран сайхны дүрийн хэмжээнд боловсорчээ.
Гэхдээ “Молон тойн эхийн ач хариулсан судар”, “Бүлээн нурам” кино зохиол зэргийг товчлон дурдах байсан эсэхийг цаашдын зохиолдоо бодууштай. Эртний зохиолын өгүүлэмжийг сануулсан энэ мэт зохиомж нь хуудасны тоо бус шинэ санаа, сэтгэмжтэй л ахул 100 тал нүүр ч романы хэмжээний агуулга тээдгийг сануулах юун.
Эрэл хайгуулын үр дүн буюу “анти” роман
Онолын хувьд “Цахлай”-г романд тооцож байна. Гэхдээ уламжлалт бичвэр бүхүй роман бус, уламжлалаас зугтсан, эрэл хайгуулын үр дүнд дотоод ертөнцөө “сэрээсэн” роман юм. Роман нь хэмжээ урт, багтаамж өргөн, олон давхар өгүүлэмж, үйл явдлын зэрэгцсэн өрнөл, зөрчил тэмцлийн дунд цөөнгүй дүрээр биеждэг нэг төв ухагдахуун, цаг хугацааны дотоод хөдөлгөөн зэрэг шалгууруудтай. “Цахлай” романд үйл явдлын шугам голлодоггүй бөгөөд дүрүүд “үйлдэл хийж” биш, утга тээж оршдог. Тиймээс ухамсрын урсгал буюу дотоод өчил яриа (Interior Monologue or Stream of Consciousness), дүрийн эргэцүүлэмж (Introspection), үйл явдлаас илүүтэй орон зайн нөлөө (Atmosphere Over Plot), дотоод сэтгэлийн мөн чанар (Dialectic of the Soul), цаг үеэсээ түрүүлж сэтгэсэн өгүүлэмж (Subjective Perspective) шингэсэн тул сэтгэлгээний шинжтэй “Гүн ухааны роман” (Psychological Novel) хэмээн онцолж байна.
Төрөл зүйлийн энэхүү оноолтыг нарийвчлан авч үзвэл, тууж нь ихэвчлэн нэг шугамт үйл явдалтай бөгөөд бодрол бэлгэдлийн үйлдэл давамгайлдаггүй, дүрүүд нь “амьдралын практик” илүү голлодог. Иймд “Цахлай” нь туужаас хэмжээ, гүн бүтцээрээ илт давсан тул уянгын өгүүлэмжтэй “туульсын роман” (Epic novel)-ы төрөлд ч хамаатаж байна. Учир нь, хэл найруулга нь туульслаг, өгүүлэмж нь ам дамжсан домог мэт, хувь хүн- нийт ухагдахуун- орчлон гэсэн тэлэлттэй, морь, эх нутаг, салхи, ус, сар, нар, уулс бүгд туульсын өгүүлэмж болж байна. Гэхдээ уламжлалт уянгын баатарлаг туульс бус орчин цагийн “гүн ухааны туульс” (philosophical epic) хэмээн тодотгож болохоор юм.
“Цахлай” нь М.Бахтины тодорхойлсон романы үндсэн шинж болох диалогт оршихуйг нэвтрүүлсэн философи-мифологийн бүтээл ажгуу. Энэ төрлийн романыг нэг үнэнтэй зохиол биш олон дуу хоолойтой (полифони) хэмээн нэрлэдэг бөгөөд “диалогизм” (ямар ч утга ганцаараа ордоггүй), дуусашгүй оршихуй болон карнавалчилсан байдлыг өөртөө агуулдаг аж. “Цахлай” романд өгүүлэгч, Цахлай, байгалийн үзэгдлүүд, домог, домог- үлгэр доторх хүний дуу, орчин цаг, уншигч зэрэг өгөгдөхүүнүүд хүүрнэдэг нь дээрх олон дуу хоолойн шинжийг агуулж байна. Гэхдээ эдгээр дуу хоолой нь цаашид үргэлжлэх төлөвөө хадгалдаг. Бахтин “Зохиолч үнэнийг зарладаг биш харин үнэн хоорондын харилцааг зохион байгуулдаг” гэснийг ч багтаасан хэмээн үзэж байна.
Диалогизмын ухагдахуунаар роман нь асуултаар эхэлдэг ч хариултаар төгсдөггүй ба дараагийн асуулт руу шилждэг. Жишээ нь: Хайр, Хань, Үүрэг гэж юу вэ? гэх мэт ил болон далд хэлбэрээр асуултууд үргэлжилнэ. Гэвч нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүй бөгөөд харин ч давхардуулж амьдарна. Энэ бол Бахтины диалоги бөгөөд зохиолын дүр нь захирагдмал объект биш өөрийн ухамсартай оршихуй аж. Харин “Цахлай” романд Цагаанзул өөрийн дуу хоолойтой субъект байдаг нь Бахтины полифонийн цөм юм. Цахлай нь бурханлаг шувуугаар дүрслэгдсэн ч түүнд ямар нэгэн тахин шүтэгдэл үгүй, харин ч эрх чөлөөний бэлгэдэлт шинж агуулагддаг.
Бахтины тодорхойлсноор роман нь бичигдэж дуусаагүй хэлбэр гэдэгчлэн “Цахлай”-н төгсгөл нь үргэлжлэхээр буюу үлгэрүүд дуусаагүй, дахин хүүрнэх шинжээ хадгалж байна. Бичвэрүүд өөрийгөө хаалгүй ирээдүйн хүүрнэлд шилжүүлж, нээлттэй орхиж буй нь туужаас ялгагдах бас нэгэн сэжим мөн. Зохиогч “Цахлай”-г туурвихдаа төрөл зүйлд баригдалгүй харин ч уран зохиолын эрх чөлөөг сонгосон нь анзаарагддаг. Энэ утгаараа “Цахлай”-г постмодерн сэтгэлгээний роман гэж болох нь “романыг дотроос нь задалж цааш нээсэн” утгаар юм. Постмодерн нь романы уламжлалт бүтцийг эвдсэн ч үгүй болгоогүй, харин ч өөрийгөө ухамсарласан шинжтэй агаад “Цахлай”-г тус төрөлд хамаатуулахын учир нь өгүүлэмж нь түүх бусд оршино. Уламжлалт романд эхлэл- зөрчил-төгсгөл гэсэн үйл явдлын дараалал өрнөдөг бол “Цахлай”-д үйл явдал биш яриа, драм бус эргэцүүлэл, шийдэл биш буцах хөдөлгөөн оршдог. Тодруулбал постмодерн роман нь үйл явдлаар бус, утга-оролцоог чухалчилдаг ажээ. Бартын тодорхойлсноор “Текст өөрийгөө уншиж эхэлсэн мөчөөс пост-хэлбэрт ордог” гэдэгчлэн “Цахлай” нь романы уламжлалт өгүүлэмжийг эвдэж, утга, миф, оршихуйн асуудлыг диалоги хэлбэрээр нээсэн пост-роман шинжтэй бүтээл юм.
Шүлэглэсэн хэлбэрээр бичигдээгүй ч тогтож уншвал яруу найргийн хэв шинж, мэдрэмжийг агуулж, яруу найргийн хэл (Poetic Language), хүүрнэл уянга (Lyricism in Prose)-ыг шингээснээрээ “Яруу найргийн роман” (Poetic novel) ч гэж үзэж болох талтай. Учир нь, үйл явдал илүү дотоод аялгуутай, өгүүлбэрийн хэмнэл, дүрслэл давамгай, яруу найраг + хүүрнэлийн завсрын орон зайн нийлэмжтэй байна. Дэлхийн уран зохиолд Х.Хессе, Я.Кавабата, Г.Маркесийн зарим бүтээл энэ мэт бичвэртэй байдаг тул олон төрөл зүйлийн нэгдэл (синкретист), уулзварт бүтээгдсэн нь өвөрмөц туурвилын илрэл мөн. Тодруулбал уг зохиол нь уламжлалт роман, туужийн шугаман өгүүлэмжээс ангид, туульслаг шинж бүхий яруу найргийн роман хэмээх Монголын орчин үеийн уран зохиолд харьцангуй ховор бүтээгдсэн төрөл зүйлийг үргэлжлүүлсэн. Гэхдээ “Гал морин цаг” зэрэг шүлэглэлт романаас хэлбэр, өгүүлэмжийн хувьд өөр байж домог, үлгэр, гүн ухааны хөөрөлдөөн, дотоод өчил (монологи), бэлгэдэлт дүрслэлийг нэгэн цул урсгал болгон зангидсан нь барууны роман бүтцээс илүүтэй монгол аман зохиол, тууль, сургаалын сэтгэлгээнд ойртсон өгүүлэмжийн шинэ загвар болж байна.
“Цахлай” романы цараатай сэтгэмж
“Цахлай” роман нь орчин цагийн Монгол уран зохиолд төрөл зүйлийн хэлбэр, өгүүлэмжийн бүтэц, хэл найруулга, гүн ухааны агуулгын түвшинд бодитой шинэчлэл авчирч буй бүтээл болно.
1. Хүн ба байгаль, оршихуй ба ухамсрын харилцааг декорацийн түвшинд бус, ярианы түншлэл, амьд субъектийн түвшинд авч үзсэнээрээ онцлог юм. Цахлай, ус, салхи, сар зэрэг байгалийн бодгаль дүрүүд нь энгийн уран дүрслэл бус хүний сэтгэлгээ, ёс суртахуун, амьдралын сонголтыг тольдон харуулах бэлгэдэлт оршихуй болон амилж байна. Энэ нь ертөнцийг үзэх ардын уламжлалт үзэл, байгаль шүтэх сэтгэлгээтэй нийцэхийн зэрэгцээ орчин цагийн уран зохиолд шинэ хэлбэрээр илэрхийлэгдэж буй онцлогтой юм.
2. Зохиолд ёс суртахуун, хариуцлага, ах захаа хүндлэх, гэр бүл, хань, хүний үүрэг зэрэг суурь ойлголтуудыг шууд ухуулан сурталчлах бус, домогчилсон өгүүлэмж, амьд жишээ, бэлгэдлээр ухааруулсан нь шинэ цагийн уран зохиолд өвөрмөц эрэл болж байна. Энэ нь уншигчийн сэтгэлд аажим нөлөөлөх, удаан амьдрах бүтээлийн үндэс юм.
3. Найруулгын хувьд орчин үеийн ярианы хэлэнд авталгүй, хэт хуучинсаг уянгын хэтрүүлэгт уналгүйгээр амьд, урсгалт, яруу найргийн өгүүлэмжийг тогтвортой хадгалсан. Энэ нь орчин үеийн Монгол уран зохиолд туурвилын соёл, бичвэрийн хэмнэлийг сэргээх, залуу зохиолчдод өөр чиг баримжаа өгөхүйц нөлөөтэй. Иймд “Цахлай” роман нь:
-Монголын уран зохиолд төрөл зүйлийн туршилтаас давсан, бие даасан хэлбэрийн шинэчлэл авчирсан,
-Уламжлалт сэтгэлгээ ба орчин үеийн уран зохиолын хэлний амжилттай уулзвар болсон,
-Богино хугацааны шуугиан бус, удаан уншигдаж, аажим нөлөөлөх чансаатай зохиол хэмээн үнэлэгдэх бүрэн үндэстэй юм.
Энэхүү бүтээл нь орчин цагийн Монгол уран зохиолын хөгжлийн явцад яруу найргийн өгүүлэмжит гүн ухаан- туульсын роман дахин боломжтой гэдгийг нотолсон, соёлын өв, сэтгэлгээний залгамж чанарыг хадгалснаараа чухал хувь нэмэр оруулж байна. Иймд:
1. Монголын уран зохиолын уламжлалт хэлбэрийг орчин цагийн сэтгэлгээтэй шинэчлэн уялдуулсан. “Цахлай” роман нь Монголын уламжлалт тууль, домог, үлгэрчилсэн сэтгэлгээг орчин үеийн философи, дотоод сэтгэлийн урсгал, бэлгэдэлт харилцан яриатай хослуулсан туульсын шинжтэй яруу найргийн роман юм. Энэхүү хэлбэр нь орчин цагийн Монгол уран зохиолд харьцангуй ховор бөгөөд төрөл зүйлийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж байна.
2. Орчин цагийн Монгол хүний ёс зүй, хариуцлага, оршихуйн асуудлыг гүнзгий тусгасан. Гэр бүл, хайр, хань, эрх чөлөө ба хариуцлагын зааг зэрэг манай нийгэмд чухлаар дэвшигдэж буй сэдвүүдийг байгаль, домог, шувууны бэлгэдэлт дүрээр дамжуулан гүн ухааны түвшинд сэрээсэн. Энэ нь уншигчийг сургах бус, өөрөө ухаарч тунгаахад хүргэдэг уран зохиолын үнэ цэнийг дэвшүүлж байна.
3. Уншигчийн өргөн хүрээ, соёлын өвийг орчин цагт өртөөлөх өвөрмөц бүтээл болсон. “Цахлай” роман нь аль ч мэргэжил, насны уншигчдад
адил түвшинд танигдах боломжтой бөгөөд монгол хүний байгальтай харилцах уламжлалт сэтгэлгээ, ёс суртахууны үнэт зүйлсийг орчин цагийн хэлээр өртөөлж буйгаараа соёлын бодлогын зорилтод нийцсэн бүтээл юм.
Ийнхүү “Цахлай” роман нь эртний уламжлалт уран зохиолын хэлбэрийг орчин үеийн гүн ухаан, бэлгэдэлт өгүүлэмжтэй уялдуулахдаа XXI зууны иргэний оршихуйн асуудлыг гүнзгий хөндөж, соёлын өвийг шинэ хэлээр дамжуулсан өвөрмөц оролдлогод тооцогдоно.

ШУА-ийн ХЗХ-гийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.ЦЭВЭЭНДОРЖ /Доктор Ph.D, дэд профессор/
2025.01.28
Үргэлжлэл бий

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2026 оны 1-р сарын 20
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3