2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн “автобусаар зорчсон, алхсан болон дугуй унасан иргэнд оноо олгоно” гэж ээлжит сюрприз барьсны араас нь залгуулаад нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “цуглуулсан оноогоороо иргэд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үйлчлүүлэх журам боловсруулж байгаа”-гаа мэдээлэв.
Бээжин хот 2018 оны 5-р сараас эхлэн “нийгмийн оноо”-гоор иргэдээ ангилж, хянаж, тодорхой эрхийг нь хязгаарлаж эхэлсэн. Нийгмийн оноо багатай иргэд зээл авах, төрийн байгууллагаар үйлчлүүлэх эрхгүй, тэр ч бүү хэл галт тэрэг, онгоцоор зорчих хориотой. Нийтэд худал мэдээ тараасан, гэмт хэрэг үйлдсэн, өр зээл ихтэй бол нийгмийн оноо нь нэлээд хасагдана.
Ийнхүү иргэнээ “оноожуулах” нэрээр хянах, эрхийг нь хязгаарлах тогтолцоог бүрдүүлэхээр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэгэнт шийдсэн нь энэ аж. Нийгмийг оноожуулснаар нэг ёсондоо Х.Нямбаатарыг шүүмжлэх хүн цөөрнө.
Яваа, яваандаа Х.Нямбаатарт бүгдээрээ алга нижигнүүлэн ташдаг болно. Одоохондоо огт өөр агуулгаар оноожуулалтаа тайлбарлаж буй ч алсдаа Монголын ардчилал, хүний эрхийг хязгаарлах харгис дөнгө болж мэднэ.
Хүний эрхийг ноцтой зөрчсөн, иргэдээ хяналтдаа авах гэсэн чухам энэ далд санаархал нь Х.Нямбаатарыг багтай нь хотоос зайлуулах томоохон үндэслэл. Түүнийг нийслэлийн Засаг даргаас огцруулах хангалттай шалтгаан ч бүрдсэн. Гэлээ гээд Х.Нямбаатарыг нийслэлчүүд энэ хүртэл удаан тэвчсэн юм.
Хотын дарга болсон цагаасаа эхлээд хорих, хянах, торгох, шийтгэх, булаах, дээрэмдэх, буулгах, нүүлгэх тухай л хэрүүл хийж ирснээс яг үнэндээ хэчнээн ажлын байр бий болгож, нийслэлчүүдийн амьжиргааны төвшинг хэдэн хувиар нэмэгдүүлсэн бэ гэвэл хэлэх үг түүнд байхгүй. ТҮЦ буулгаж, бусдын өмч хөрөнгө рүү эрээ, цээргүйгээр халдсанаас нь болж цөөнгүй хүн ажил орлогогүй болсон нь бодит факт.
Х.Нямбаатар шиг төсөв мөнгөтэй, эрх мэдэлтэй, хэл амтай хотын дарга урьд өмнө байгаагүй. 2025 онд нийслэлийн төсвийн орлого нь 1 их наяд 688 тэрбум, зарлага нь 5.7 их наяд байжээ. Нийтдээ 4.6 их наядын алдагдлаа хаанаас олсон, юунд зарцуулсан нь тодорхойгүй.
Л.Оюун-Эрдэнэ 14 мега төсөл ярьдаг байсан бол Х.Нямбаатар 24 “мийгаа”-тай болсон. Хоёр жилийн дотор 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэдэг мэдээж үлгэр. Энэ үлгэрт зөвхөн Х.Нямбаатарын троллууд л итгэнэ. Үрж буй мөнгө, магтуулж буй троллынхоо тоогоор Х.Нямбаатарын урд гишгэх улстөрч Монголд одоогоор алга. Олон нийтийн сүлжээнд фэнүүдийнх нь бичиж байгаагаар Х.Нямбаатар шиг гайхамшигтай дарга Улаанбаатарт урьд, хойно байгаагүй, байхгүй ч юм байх. Түүн шиг эрх мэдэлтэй, том төсөвтэй байсан бол Э.Бат-Үүл илүү ихийг хийх байсан гэдэгт харин эргэлзэхгүй байна.
Нийслэлчүүдийн татварын мөнгөөр төрийн байгууллагын хурган дарга нарын гадаад аяллыг санхүүжүүлсэн нь ил болсоор байтал Х.Нямбаатарыг зайлуулах гэж хэн нэгэн заль зохиосон болоод явчихсан. Уг нь "нянгар өөрөө л хадан дээрээс уначихсан" юм шүү дээ.
Л.Оюун-Эрдэнийн даалгавраар нийслэлийн төсвөөс 4.3 тэрбум төгрөгийн гэрээг Английн “Фүлхэм” багтай байгуулж, санхүүжилтийг 100 хувь шилжүүлснээ Х.Нямбаатар өөрийн амаар хүлээн зөвшөөрсөөр байтал үүнийг шүүмжилж буй нь тун цөөхөн. Олонх нь түүнгүйгээр манай хот сүйрнэ гэсэн бодолтой явдаг бололтой. Нүдэн дээр нь нийслэлийн хөрөнгийг үрэн таран хийж байхыг харсан мөртлөө л ТҮЦ нүүлгэсэн нь манай хотынхонд машид таалагдсан юм байх. Энэ байдлаараа боржуур, хавтангаар халхавчилсан "хулгай, луйвар"-ыг нь цаашдаа ярьж, хэлэх хүнгүй ч болох биз.
2026 онд нийслэл 4.2 их наядыг орлого төвлөрүүлнэ. Үүний 80 хувийг татвараас бүрдүүлэх гэнэ. Татвараас бүрдүүлнэ гэдэг чинь та бидний халааснаас гарах мөнгө гэсэн үг. Торгууль, шийтгэл, татвар, хураамжинд өгсөн иргэдийн мөнгөөр эцэст нь төрийн хурган дарга нар зугаална. Ийм л даабль стандартыг энэ хотод Х.Нямбаатар тогтоож байна.
2024 оны аудитын дүгнэлтэд, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтын 15.6 хувь нь нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдаагүй төсөл, арга хэмжээ байгааг тодотгожээ. Товчхондоо, нийслэлд хамаагүй төсөл хөтөлбөрт Х.Нямбаатар багагүй мөнгө зарцуулсан байна гэдгийг аудит тогтоочихсон гэсэн үг. Үүнд хяналт тавих сөрөг хүчин нийслэлд байхгүй болсон. Учир нь, бүгдийг нь Х.Нямбаатар албан тушаалаар амыг нь таглачихсан билээ.
Үндсэндээ хэмжээлшгүй эрх мэдэлтэй болсон хотын дарга Х.Нямбаатарт хэн ч үг хэлж чадахгүй болсон байна. Шүүмжилсэн цөөхөн хэд нь Х,Нямбаатарт таалагдсангүй, иймээс эсэргүүнүүдийн үг хэлэх эрх чөлөөг иргэний оноогоор хязгаарлана л гэнэ.
Х.Нямбаатар нийслэлчүүдийн ажил, амьдралыг сайжруулж гийгүүлэх ерөөс хэрэггүй. Гай болохоосоо харин зай тавиад өгвөл улсад ч, Улаанбаатарт ч хэрэгтэй байна.
Ганцхан жишээ дурдахад, анх хотын даргаар "томилогдож" ирэхдээ авто машины дугаар олголтыг хязгаарлах шийдвэр гаргасан нь 30 мянгаар олгож ирсэн автомашины дугаарыг өнөөдөр 2 сая төгрөгөөр шагладаг болгочихсон.
Улаанбаатар өөрийн гэсэн өнгө төрх, үүх түүхтэй эртний хот. Өнөөдөр өнгө зүсгүй “өлөн саарал” хот болж хувирсан. Өч, төчнөөн мөнгөөр боржуур сольж, хятад хавтангаар зам талбайгаа шинэчиллээ гээд Улаанбаатарт хөгжил дэвшил авчрахгүй. Хөгжил дэвшил гэдэг чинь хүний ашиг орлогоос хамаардаг. Атал Улаанбаатарын таван хүн тутмын хоёр нь ядуу амьдарч байна.
Иймээс явах цаг чинь болжээ, Х.Нямбаатар аа! Улаанбаатар бол Бэрх тосгон биш, Бээжингийн дагуул хот биш өөрийн гэсэн үүх түүхтэй тусгаар улсын нийслэл юм шүү дээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16