2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


Өнгөрсөн 2025 оны улс төр “хошин шог”-оор дүүрэн байлаа. Монголын улстөрчид улсаа хөгжүүлдэггүй ч иргэдээ харин уйдааж байгаагүй юм. Ингээд өнгөрөгч 2025 оны онцлох номинацийн эзэд хэн, хэн байсныг түүвэрлэн хүргэе. Эрх чөлөө егөөдлөөс эхэлдэг.
ОНЫ ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ!
Улиран одсон 2025 онд Хууль зүйн сайд Б.Энхбаяраас эхлээд олон хүн шүгэл үлээж, шүүмжлэл хэлсэн. Тэдэн дундаа хамгийн шилдэг шүгэл үлээгчээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэр нэрлэгдэж байна. Бэрийн шүгэл үлээлт хадам эцгээ эрх мэдлээс нь буулгахдаа анд найзыг нь араас нь давхар чирсэн бий.
О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүй Ө.Өгөөмөрийн Instagram-даа оруулсан зургууд Монгол Улсыг дарангуйллаас чөлөөлөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Тиймээс ч бэр бүсгүйд монголчууд талархах нь зүй ёсных юм. Монголын улс төрд ч “бэрийн цүнх” гашуун сургамж, бас хар түүх болж үлдэх нь тодорхой.
Улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулах хамгийн том эрх мэдэлтэй хүний хүүгийн хэт тансаглал нь хууль ёсны хөрөнгөөс эхтэй юу, хууль бус мөнгө үү гэдгийг Монголын хууль шүүх одоо ч нотлож чадаагүй байгаа нь харин эмгэнэл юм. Гэвчиг “уран бэрийн нүүдэл” МАН-ын пентхаус дахь авлига, луйвар улсаа хэрхэн дампууруулахад хүргэснийг илчилсэн. Мөн Монголын хууль тогтоох байгууллага, хууль, хүчнийхэн ямархуу хэмжээнд ялзарсныг тод томруунаар харуулсан билээ.
Бэрийн эцэг Ч.Өгөөдэйбаатар хэвлэлд худынхаа захиалгаар тайлбар өгсөн биш гал дээр тос улам нэмчихсэн. Монголын хамгийн баян бас хамгийн бяртай найруулагчийн зүгээс хүүгийн хадмыг баян эцгийн дүрд тоглуулсан нь чухамдаа “галч, түлээчин хоёр”-ын хувьд бүтэл муутайхан драм болж төгссөн юм.
ОНЫ НУЛИМС!
Уг нь уйлсаар уйлсаар хүн болно гэдэг. Орчин үед уйлсаар, уйлсаар улстөрч болдог болсон. Монголын улс төр уйланхайчуудаар дүүрсэн гэвэл худал гүтгэлэг болохгүй. Сав л хийвэл нулимс дуслуулах эмзэг, энхрий улстөрчдөөс "оны нулимс" номинацийн эзнээр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал хоёр тунаж үлдсэн юм.
Камер дурангийн өмнө нус нулимс болсон тэднийг чухам юунаас болж, яагаад уйлсныг олон хүн одоо ч ойлгоогүй явна. Улс төр бол хатуу тоглоом. Уйланхай хүүхэн, харчуудын даадаг наадам ч биш. Энэ утгаараа улстөрчид бие, сэтгэлийн хөдлөлөө хянаж, тооцож чадахгүй бол төрийн ордноос төрхөмдөө эртхэн буцсан нь дээр.
Камер дурангийн өмнө сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй “Морь уралдуулж, монгол хүүхдийн эрхийг зөрчлөө” гэж "сад тавьсан" Х.Баасанжаргалаас "Оюутолгой"-н сонсголоос болж, нулимс дуслуулсан (нулимс нь гараагүйг эс тооцвол) О.Батнайрамдал дүрдээ хэт орсон жүжиглэлтээрээ хол илүү байсныг онцлууштай.
Энэ мэт үйлдлээрээ МАН-ын нялх Сэнгүм хэзээ том хүн болохыг хэлэхэд хэцүүхэн харагдсаныг нуухгүй. Тиймээс төрийн ордон бол том болоогүй “охид, хөвгүүд”-ийн цалинтай өдөр өнжүүлэх биш гэдгийг тодотгох нь илүүдэхгүй биз ээ.
ОНЫ ТӨӨРӨГДӨЛ
"Ерөнхий сайд бол зөвхөн хурал даргалагч" гэх үгээрээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг 2025 оны төөрөгдлийн эзнээр тодруулж байна. Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр хамгийн удаан хугацаанд ажилласан тэрбээр чухамдаа хурал даргалагч ба бодлого боловсруулагч хоёрын ялгааг ойлгоогүй, Ерөнхий сайдын гол үүрэг юу болохыг мэдээгүй явсан гэхээр харамсалтай.
Ийм “төөрөгдсөн” хүнээр Монголын Засгийн газрыг толгойлуулсан нь бидний хувьд том сургамж. Монгол Улсад авлига, хулгай нүүрлэх аргагүй шалтгаан юм. Түүнийг төрийн эрх барьсан дөрвөн жил гаруйн хугацаанд Монголын гадаад индексүүд бүгд арагшаа ухарсан нь баримттай зүйл. Харин төөрсөөр, төөрсөөр Л.Оюун-Эрдэнэ төрөлдөө буцсан нь 2025 оны ололт байлаа.
ОНЫ МЭДЭГДЭЛ
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан дараалсан олон мэдэгдлээрээ жагсаалтын нэгд бичигдэж байна. Тэрбээр МАН-ын даргад өрсөлдөхөө анх Төрийн ордноос зарласан цагаасаа хойш хувийн аккуант хаягаараа өдөр өнжихгүй мэдэгдэл гаргадаг болсон билээ. Мэдэгдэл гаргах болгондоо нэлээд тэвдэнгүй, сандралттай байгаагаа ч “мэдэгддэг”. Хамгийн сүүлд Г.Занданшатар МАН-ын даргад өрсөлдөхгүй гэснээс нэг хоногийн дараа мөн нэрээ татаж авч байгаагаа мэдэгдсэн нь түүний хамгийн сүүлийн мэдэгдэл байлаа. Харин Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр болон шинэ жилээр мэндчилгээ дэвшүүлсэн байсан.
ОНЫ ХЭРҮҮЛЧ
Хотын дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нарын хэл ам, хэрүүл заргыг барах улаан хэлтэн Монголд бүү хэл цэнхэр гариг дээр ч байхгүй биз. Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс чуулганы танхимд хэрүүл, шуугиан гарах тохиолдол цөөнгүй байсан, байсаар байгаа. Хэн, хэнийгээ элдвээр хэлэх нь бий. Гэвчиг ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара шиг ард иргэдийг аймшигтайгаар хараадаг, зүхдэг, бүдүүлэг, ёс суртахуунгүй хүн цөөн. Захын хэрүүлч авгай нар ч түүн шиг биеэ барьж чадахгүйд хүртлээ дөвчигнөхгүй. Тэрбээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланг огцруулах үеэр "улаан галзуу, долоон согтуу" нэгэн болж хувирсан нь бас факт.
Хэрүүл, хараалаараа түүнтэй эн зэрэгцэхүйц албан тушаалтан бол хотын дарга Х.Нямбаатар. Хэрүүлч, заргачаараа алдартай Х.Нямбаатар "хэн намайг хэлэх вэ" гэж аяглах болоод удаж байгаа. Энд тэнд очиж, хэрүүл зарга хийх нь түүний хувьд хэвийн характер, улаанбаатарчуудын хувьд байдаг үзэгдэл болсон. Бодлого, шийдвэрийг нь шүүмжилсэн хүн болгонтой олон нийтийн газар ч, олон нийтийн сүлжээнд ч тэр гарамгай хэрэлдэж чадна. Ганц сурсан мэргэжил нь байж магадгүй. Хэрүүлийн тулам гэх үг Х.Нямбаатар, М.Нарантуяа хоёрт дэндүү гоёдно.
ОНЫ ШАТАЛТ
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн амалсан албан тушаалд хууртаж, шатсан улстөрч УИХ-д олон бий. Тэднээс хамгийн том шатсан нь УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа. Түүнийг Үндсэн хууль зөрчин, төрийн эргэлт хийсэн гэх хэрэгт ТЕГ-аас яллаглагчаар татсан бий. Цагаан байрны тамхины цэгийн мэдээллээр Х.Булгантуяад Д.Амарбаясгалан хоёр албан тушаал амалсан гэх. Хэрэвзээ Д.Амарбаясгалан намын тамгаа авч чадсан тохиолдолд Х.Булгантуяаг УИХ дарга эсвэл Ерөнхий сайд болох тохироо хийсэн талаарх албан бус мэдээлэл сонсогдож байв.
Тиймээс ч олон хуульч анхааруулсаар атал Х.Булгантуяа авч хэлэлцээгүй нь албан тушаалд хэт шунасантай нь холбоотой бололтой. Ямартай ч УИХ-ын дэд даргаас огцроод зогсохгүй улс төрийн цаашдын карьер нь дуусаж мэдэх төвөгтэй байдалд орсноороо хамгийн их "шатсан", шатсан улстөрчөөр тодорч байна.
ОНЫ БАНТАЛТ
Соёлын сайд асан Ч.Номин "Mongolz" багийн нэрийг барин төсвийн мөнгөнөөс нөхөртөө 60 сая төгрөг өгсөн нь баригдсан. Өмнөхөн нь ямар ч тийм асуудал байхгүй гэж мэлзэж явсан тэрбээр баримт дэлгэгдсэний дараа “Манай нөхөр буцаагаад шилжүүлсэн” гэх яриа өгсөн нь хамгийн ичгүүр сонжуургүй тайлбар байв. Соёлын сайд асны энэ мэт банталт зөвхөн үүгээр дуусахгүй. Хуулийн сайд Б.Энхбаяр түүнтэй холбоотой бас нэгэн хулгайг ил болгосон. Тодруулбал, “Рио Тинто” компанийн “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 саяас Монголыг сурталчлах нэрээр “Монгол хан” жүжигт $1.7 сая буюу 7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэх баримтуудыг дэлгэсэн. Тэрбээр мөн л "худлаа мэдээлэл" хэмээн гүрийсэн ч түүний эл үгэнд итгэсэн хүн бараг байгаагүй юм. Тэр цагаас хойш Ч.Номин чуулганы хуралдаандаа суулгүй “ор сураггүй” алга болоод удаж байна.
ОНЫ ЗАНАЛХИЙЛЭЛ
“Сайдууд сайхан амарсан уу” гэж хөмхийгөө хорсолтойгоор зууж, заналтайгаар асууж асан УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ номинацийн эзнээр өрсөлдөгчгүй тодорч байна. "Оюутолгой"-н сонсголын үеэр Ховдын "савдаг" гэх хоч зүүгээд байгаа Э.Болормаа Ардын намынхаа ах нарыг бас багагүй занасан ч удаатай. УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хууль бусаар гадаадын компаниас хандив авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүн бүсгүй хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх болгондоо хэн нэгэнд хаягласан учир битүүлэг заналхийлэл байнга хэлдэг. Магадгүй амь наана, там цаана яваа хүний сүүлчийн тактик ч байх. Биеийн хэлэмж, үг яриаг нь сонсоход МАН-ын дараагийн эмэгтэй дарангуйлагч болохоос сийхгүй нэгэн гэж харагддаг дутагдалтай.
ОНЫ ӨНГӨ
2025 оны улс төрийг ногоон өнгөөр тодорхойлж болно. Алдагдаж буй ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө иргэн хүнд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлсэн "Огцрох амархан" жагсаалын залуусын эсрэг МАНЖ мафийнхан “ногоон шилтнүүд”-ийн "бослого" өдөөсөн билээ. Жишээлбэл, ногоон нүдний шилээр гоёсон Ц.Оюунжаргал гэх ахимаг насны эмэгтэйг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн биет тролл гэсэн шүүмжлэл ч олон нийтийн сүлжээнд багагүй өрнөсөн юм. Тэгвэл ногоон нүдний шилтэй бас нэгэн жагсагч нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сонгуульд ажилласан эрэгтэй байлаа. Тэгвэл Төрийн ордонд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нараас тэрбум төгрөг авсан гэх хардлагад өртсөн М.Нарантуяа-Нара тэднийг огцруулах асуудал ид хөндөгдөж байх үед ногоон нүдний шилээр гоёсон нь санамсаргүй тохиол гэхэд хэцүү.
Ийнхүү улс орноо “уландаа” гишгэсэн улстөрчид уйдаах завдал өгөлгүйгээр улстөржсөн "амаргүй" нэгэн он амар сайхандаа жаргаж байна. Гэвч Монголын улс төр дэх авлига, хулгай луйврын асуудлууд эцэслэгдээгүй. Хууль шүүхийн хаалга дуудсан улстөрчдөөс УИХ-ыг цэвэрлэх улам том ажил УИХ-ыг хүлээж байна.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16