2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу.
-Тэд далайн эсрэг хийсэн тэмцлээ хэзээ ч мартахгүй...!-
“Хэдэн арван жилийн турш зовлон зүдгүүр, төөрөгдөл, гайхширал, маргааны үндэс болсоор ирсэн энэ бүх "илбэ шидийг" би олж хараад, тэдгээрт нэр өглөө. Бүх зүйлийг энгийн, ойлгомжтой бөгөөд гунигтай үгээр нэрлэсэн юм". Пастернакийн эдгээр үгс нь Оросын “хувьсгалын хэлхээт он жилүүдэд” амьдарч байсан Юрий нэртэй эмч болон өөр ертөнцийн охин гэгдэх Лара нарын хайрын түүхийн тухай байв. Энд дурдагдаж буй “илбэ шид” гэдэг нь хувь хүнийг үгүйсгэн нурааж, нийгмийг дахин шинээр бүтээн, хувийн үзэл бодол, итгэл үнэмшилд дэлхийн түүхэн үзэл суртлыг хүчээр тулгах гэсэн большевикуудын нүсэр төлөвлөгөө байлаа. Ард иргэдийг “бие даан бодож, тунгаах зуршлаас нь салгахын тулд терроризмын бүхий л арга хэрэгслээр "эмчилж", байхгүй зүйлийг байгаа мэтээр харахыг албадан, өөрийн нүдээр үзэж буй бодит байдлынхаа яг эсрэг зүйлийг батлан хэлэхэд хүргэж байв. Нам-төрөөс зохион байгуулсан энэхүү нарийн төвөгтэй хуурамч үзэгдэл болон түүхийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн тэрхүү “тарни шидийг” эвдэхийн тулд Пастернак “юм бүхнийг бодит нэрээр нь нэрлэх” энгийн, ойлгомжтой бөгөөд гунигтай үгсийг санал болгосон юм.
Хятад улс XIX зуунд олон улсын өсөн нэмэгдэж буй системтэй нүүр тулсан болон түүнийг дагасан хувьсгалт он жилүүдийн гинжин хэлхээнд нэрлэх ёстой зүйл олон бий. Коммунизмын дараа Хятадын Засгийн газраас удаан хугацаанд хавчигдаж ирсэн "Хятадын Борис Пастернакууд" тэрхүү эрүү шүүлт мэт ээдрээтэй орчин үеийн түүхийг олж илрүүлэн, нэр өгөх шаардлагатай болно. Тэдний ажлын үр дүнд Хятадын соёл, оюун санааны өв залгамжлал, орчин үеийн ертөнцөд Хятадын ард түмний эзлэх байр суурь, олон улсын систем дэх Хятад улсын хандлага зэрэг амин чухал асуудлууд шийдэгдэх юм.
Тэд Пастернакийн адилаар өмнөх үеийн шинэчлэгчид болон сэхээтнүүдийн эхлүүлсэн, Гэхдээ Марксист-Ленинист хувьсгалд тасалдаж, тоталитар төрд булаагдсан тэрхүү үйл хэргийг үргэлжлүүлэх болно. Пастернак нэгэнтээ Москваг зөвхөн "үйл явдал өрнөх талбар бус, харин эрх чөлөөг зөгнөсөн урт түүхийн гол баатар" гэж харж байсан шиг тэд Бээжинг тэгж төсөөлөх болно.
Ямар ч Засгийн газар өнгөрсөн түүхийг тайлбарлах "зөв нэр" эсвэл "үнэн зөв тайлал"-ыг зааж өгч чадахгүй. Зохиолчид, түүхчид, уран бүтээлчид, Хятадын Коммунист намын хуучин албан тушаалтнууд болон жирийн иргэд бүгд өөрсдийн хувилбарыг дэвшүүлж, "илбэ шидийн" хувьсгалт он жилүүдийг даван туулж, хамтын ой санамжаа сэргээх чөлөөт, тасралтгүй үзэл бодлын өрсөлдөөнийг бий болгоно.
ГАЗАР БА ДАЛАЙ
1980-аад оны богинохон үргэлжилсэн ил тод байдлын үеэр, ХКН-ын "илбэчид" түр зүүрмэглэх зуур дэглэмийн цензурыг даван гарч, Хятадын төв телевизээр цацагдсан нэгэн бүтээл бол "Голын гашуудал" (River Elegy) гэх баримтат кино байв. Уг кинонд өргөн уудам тивийн гүнд орших шар шаварлаг хурдас бүхий газрыг дүрсэлжээ. Тэрхүү шаварлаг нутгаар урсах гол нь дэлхийн хамгийн их лаг шаврыг тээх бөгөөд үе үеийн давтамжтайгаар өөрийнхөө эрэг дээрх соёл иргэншлийг тэтгэж, бас сүйтгэж байв.
Үүнээс үүдэн тэндхийн ард түмэн ертөнцийг тодорхой циклээр харах болжээ. Үер ба ган, амьдрал ба үхэл, мандалт ба буурал, тариалалт ба хураалт, улирлын солигдол. Тэд амьдрал, үхэл, дахин төрөлтийн бэлгэдэл болсон "Луу"-г шүтдэг байв. Тэд газар шороотойгоо соёл болон сэтгэл зүйн гүн бат хэлхээ холбоо тогтоож, хөдөө аж ахуй болон газар нутгийнхаа хил хязгаарыг дайчин эрсээс хамгаалахын тулд "Цагаан хэрэм"-ийг босгожээ. Тэд өөрийгөө тэтгэх дэг журам болон газар нутагтайгаа уялдсан шатлан захирах засаглалын уламжлалыг хадгалж ирсэн юм.
Тэрхүү ард түмний хувьд газар бол оршин тогтнохын үндэс, үе дамжих өв хөрөнгө, хүний амьдралын бүхий л зорилго байв. Мянга мянган жилийн соёл энэ шар хөрсөнд хуримтлагджээ. Тиймээс энэ нь Хятадын ард түмний сүнсийг агуулж буй мэт маш нууцлаг, ер бусын санагддаг.”
Баримтат кинонд дүрслэгдсэн тэдгээр үйл явдал өрнөж байх зуур, дэлхийн нөгөө буланд орших нэгэн арлын үндэстэн далай руу хараагаа чиглүүлж байлаа. Тэд хөлөг онгоцондоо сууж, өөрсдийгөө "дуудлагад" хариулж байна гэдэгт итгэж байв.
“Бурхны нэрээр эх газар руу тэмүүлэхээ больцгооё. . . Хэрэв бид өөрсдийгөө тэлэхийг хүсвэл Мөнхийн тэнгэрийн тавилангаар бидэнд заяасан тэрхүү замаар буюу далайгаар явцгаая.”
Тэд хувь заяаг мөчлөгт бус, харин шугаман (урагш тэмүүлсэн) байдлаар төсөөлдөг байв. Далай дээр тэд эдийн засаг болон цэргийн урьд хожид үзэгдээгүй хүчийг олгосон шинэ шинж чанар, эзэнт гүрний шинэ загварыг эзэмшжээ. Тэд дэлхийг нөмөрсөн далайн аюулгүй байдал болон худалдааны системийн оргилд гарч ирэв.
“Олон жилийн турш алгуурхнаар англичууд өөрсдийг нь далай хамгаалж байгааг, бас далайг хамгаалах нь тэдний үүрэг гэдгийг ухамсарлах болжээ.”
Энэ нь газар зүй, технологи, худалдааны хөшүүрэг, шашны итгэл үнэмшил, улс төрийн уламжлал, үндэсний шинж чанар болон цаг үеийн ер бусын давхцлаас үүдэлтэй мянган жилд тохиогоогүй дэлхий дахины түүхэн өөрчлөлтийн эхлэл байв.
“Английн аз завшаан нь дэлхийн жагсаалын тэргүүнд гарах хамгийн чухал үед нь тэднийг бэлтгэсэн байлаа. Жинхэнэ капитализм дэлхий ертөнцөд мэндлэх гэж байсан бөгөөд энэ шинэ системийг эзэмшсэн улс өнгөрсөн үеийн ямар ч эзэнт гүрний эрдэнэсээс хол давсан ашиг шимийг хүртэх байв.”
Энэхүү шинэ хүч нь үржил шимт голын сав газар болон эх газрын өв залгамжлагчдад хүчтэй сорилт, довтолгоо болон ирэх болно.
1838 онд хана хэрэм босгох замаар 2000 жилийн турш хээрийн нүүдэлчдийн довтолгоог эсэргүүцэж ирсэн Хятадын эх газрын эзэнт гүрэн өөр нэгэн "хил хязгаарыг" зохицуулахаар зүүн өмнөд эрэг рүүгээ нэгэн комиссарыг илгээжээ. Ли Зэшю гадаадын хөлөг онгоцуудаар ирсэн бараг гурван сая фунт опиумыг хураан авч, далай руу урсган хаясан байна. Тэрээр далайд залбирсан боловч далай түүнд дайн ба гутамшгийг авчирлаа. Британийн Хааны тэнгисийн цэргийн хүчин 1840 онд ирж, Шанхай, Жэньжяныг эзлэн, Янз мөрнийг өгсөн аялав. Манж Чин улсын төлөөлөгчид 1842 онд Нанжин хотын гадна зангуугаа хаясан "HMS Cornwallis" хөлөг онгоц дээр энхийн гэрээ байгуулжээ. Энэ нь шар хөрсний үерлэг тал нутгийн ард түмэн болон тэлж буй далайн системийн хооронд байгуулсан анхны "тэгш бус гэрээ" байлаа.
Опиумын дайнд ялагдсан нь шинэчлэл хийхийг эрмэлзэгч эрдэмтэн-түшмэдийг 1860-аад оноос эхлэн "Өөрийгөө хүчирхэгжүүлэх" болон барууныг дуурайх (洋务 - "далай дахь хэрэг явдал") хөдөлгөөнийг өрнүүлэхэд хүргэв. Америкийн коллежийг төгссөн анхны хятад хүн болох Юн Вин 1864 онд АНУ-д буцаж очин, Шанхайн ойролцоо шинэ зэвсгийн үйлдвэр, усан онгоцны зогсоол барих машин механизмыг худалдан авчээ. 1861 онд Чин улсын ханхүү далайгаас цааших улс орнуудтай харилцахын тулд Гадаад хэргийн яамны эх суурь болох Zhongli Yamen-ийг байгуулав. Хятад оюутнууд Америкийн ахлах сургууль, коллеж, Европын тэнгисийн болон хуурай замын цэргийн академиудад суралцаж эхлэв. Гэсэн хэдий ч гутамшигт ялагдал болон тэгш бус гэрээнүүд үргэлжилсээр байлаа. Хятад улс 1884 онд Францын эсрэг өмнөд флотоо, 1895 онд барууны тэнгисийн цэргийн тулаанд амжилттай хариу барьсан Японы эсрэг хойд флотоо алджээ. Чин улсын түшмэд 1881 онд хилийн чанадад суралцах даалгаврыг зогсоож, Америк дахь оюутнуудаа эгүүлэн татав. Кан Ювэй, Лян Цичао нараас урам зориг авсан Гуаншю хаан 1898 онд 100 хоногийн шинэчлэлийн цуврал зарлигуудыг гаргажээ. Гэвч бэлэвсэн хатан хаан Цыши түүнийг гэнэт ордны хорионд оруулж, зарлигуудыг нь цуцлан, шинэчлэлийн зургаан удирдагчийг цаазаар авсан юм. Эх газрын эзэнт гүрэн далайг (далай тэнгисийн соёл иргэншлийг) өөртөө нутагшуулах нь тийм ч амар байсангүй.
1911 оны хувьсгалын дараа Хятад улс "хуучин нь үгүй болсон ч, шинэ нь хараахан ирээгүй" үе рүү шилжив. Хуучин дэг журам эргэж буцалтгүй нуран унасан бол шинэ засаглал хараахан тогтож амжаагүй байлаа. Хувьсгал болон дайны ноёдын үеийн цэргийн зайлшгүй шаардлага нь олон нийтийн үзэл суртлын өсөлтөөс түрүүлж байсан тул "зэвсэг бус хүмүүс" (Зен Гуофань нэгэнтээ Ли Хунжанд зөвлөж байсанчлан) эсрэгээрээ "хүмүүс бус зэвсэг" болон хувирчээ. Энэхүү үзэл санаа 1919 оны 5-р сарын 4-нд Бээжингийн Тяньаньмэний талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийж, Хятадын өнгөрсөн үе, одоогийн хүнд нөхцөл байдал, улс төр, соёлын ирээдүйн талаар гүнзгий эргэцүүлэл эхлүүлэх үед л биеллээ олсон юм. Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн нь үр хөврөл мэт Хятадын нийгэм, төрийн олон боломжит хэлбэрүүдийг агуулж байв. Шинжлэх ухаан, ардчилал, мөн Пастернак шиг Хү Ши-гийн энгийн хэллэг рүү тэмүүлсэн уриалга гээд. Гэвч энэ хөдөлгөөн дотор ХКН-ын анхны сэдэл ч мөн нуугдаж байсан бөгөөд энэ нь ирэх арван жилүүдийн бодит зовлон зүдгүүр, биелээгүй итгэл найдварын эхлэл болсон юм.
"Голын гашуудал" киноны зохиогчид төгсгөлийн хэсэгтээ Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөнийг Хятадын феодалын үеийн хуримтлагдсан шар шаврыг угаан зайлуулж чадаагүй "прогрессив соёлын түрлэг"-тэй зүйрлэсэн байдаг. "Дараагийн хэдэн арван жилийн турш тэрхүү лаг шавар дахин гарч ирж, заримдаа гадаргуу нь бүхэлдээ хөлдөж байв. Хятад дахь олон асуудлыг Тавдугаар сарын 4-нөөс дахин шинээр эхлүүлэх ёстой мэт санагддаг. Пастернак ч мөн адил Оросын сэхээтнүүдийн соёлын ололт амжилтыг Сталинизмын айдсаар тасалдсан "хөлдүү хөгжим"-тэй зүйрлэж, ирээдүй хойч үе нь өвлөн авч, үргэлжлүүлнэ гэж найдаж байсан "тасарсан өнгөрсөн үе" гэж нэрлэсэн байдаг. Үүний нэгэн адил "Голын гашуудал" кино цэнхэр далай, шар шаврын өндөрлөг (Loess Plateau) болон мурилзан урссаар эцэст нь далайд хүрч буй Хатан голын (Шар мөрөн) итгэл найдвар дүүрэн дүрслэлээр өндөрлөдөг.
Шар мөрөн шар шаврын өндөрлөгийг зүсэн гарах тавилантай. Эцэст нь тэр цэнхэр далайд цутгах болно. Хатан голын агуу чанар нь түүний зовлон зүдгүүр болон итгэл найдвараас бүрэлдсэн юм. Түүний агуу байдал нь магадгүй далай болон өндөрлөгийн хооронд асар том эх газрыг бүтээсэнд оршиж байж болох. Хатан гол далайн агуу бөгөөд шаналгаат босгонд тулж ирлээ. Мянга мянган бээр өнхрөн урссаар, лаг шавар нь энд л тунах болно.
Далайн хүчит давалгаа болон Хатан гол энд л мөргөлдөнө. Хатан гол далайгаас эмээх айдсаа авч хаях ёстой. Тэрээр өндөрлөгөөс эхтэй шантаршгүй шийдэмгий байдал, эрч хүчээ хадгалан үлдэх ёстой. Амьдралын ус далайгаас ирсэн бөгөөд далай руугаа буцдаг. Мянган жилийн ганцаардлын эцэст Хатан гол эцэст нь далайг олж харав.
Өнөө цагийн Хятадын "Пастернакуудыг" асар их, хөлдүү өв залгамжлал хүлээж байна. Үүнд 1861-95 оны барууныг дуурайх болон өөрийгөө хүчирхэгжүүлэх хөдөлгөөн, 1895-98 оны тэмүүлэл, 1919 оны 5 сарын 4-ний хөдөлгөөн, 1988 оны "Голын гашуудал", 1989 оны ардчилсан хөдөлгөөнүүд багтана. Энэхүү тасарсан өнгөрсөн үеийг эргэн санаснаар тэд газар болон далайг эцэст нь эвлэрүүлэх олон зуун жилийн хүчин чармайлтыг үргэлжлүүлэх болно. Тэд зайлшгүй нэгэн асуулттай нүүр тулах ёстой. Тэрхүү завсар үеийн хэдэн арван жилд эх газар болон далайд юу тохиолдсон бэ?!
Хятад дахь "далайн" талыг баримтлагчид тэдний прогрессив түрлэг нь 1949 онд эцэстээ ялсан Марксист-Ленинист хувьсгалаас хамаагүй өмнө эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Карл Маркс Британийн музейн уншлагын танхимд "Капитал"-аа боловсруулахаар тэнүүчилж явахаас хэдэн зуун жилийн өмнө Европын номлогчид Хятадад шашнаа түгээж байв. Владимир Ленин 1919 онд Кремльд Коммунист интернационалын анхдугаар их хурлыг зарлан хуралдуулж байх үед Америк, Европын боловсрол эзэмшсэн Хятадын шинэчлэгчид "Барууны эрдмийг практикт ашиглах" үзлийг хэдийнэ 50 жилийн турш сурталчилж байлаа. 1905-1906 оны хооронд Чин улсын төлөөлөгчид Япон, АНУ, Британи, Франц, Герман, Орос, Италиар аялж, тэдний засаглалыг судалж, Хятадад үндсэн хуулийн шинэчлэл хийх санал гаргаж байв. Дэлхийн II дайны үед АНУ-ын армийн генерал Жозеф Стилвелл Чан Кайшигийн штабын даргаар ажиллаж, Хятадын Үндэсний үзэлтнүүдэд (Гоминдан) "Лэнд-лиз"-ийн тусламжийг зохицуулж байлаа. "Далайд" хангалттай боломж байсан ч 1949 оны 10-р сарын 1-нд далайн эсрэг зогссон ХКН-ын дарга Тяньаньмэний индэр дээр ялгуусан байдалтай зогсож, Марксист-Ленинист Ардын Бүгд Найрамдах Улс байгуулагдсаныг зарласан юм. Тэгвэл хэн Хятадыг алдсан бэ?
Иргэний дайны үед Чан Кайшигийн Гоминданаас илүүтэй Мао Зэдуны ХКН-ыг илүүд үзсэн хятад иргэдийг далайгаас ирсэн үзэл санаа, институцид хоёрдмол хандсаныг нь уучилж болох юм. 1839 оноос хойш олон улсын далайн систем Хятадад опиумын хоёр дайн, гэрээт боомтууд, газар нутгийн халдашгүй эрх болон Франц, Японы тэнгисийн цэргийн хүчинд ялагдахын шорвог амтыг мэдрүүлсэн. Үүнийг дагаад Бээжинг "Боксерын бослогыг дарах" экспедици (Британи, Америк, Франц, Герман, Бельги, Австри-Унгар, Итали, Энэтхэг, Японы цэргүүд оролцсон олон улсын системийн анхны "хамтын аюулгүй байдлын" ажиллагаа) эзлэн авч байв. Парисын энхийн бага хурлаар нууц газар нутаг, бүрэн эрхт байдлын буулт хийж, жагсагчид болон гадаадын аюулгүй байдлын хүчнийхний хооронд үхлийн мөргөлдөөн гарч, Японы эзлэн түрэмгийллийн дор дайны харгислалыг амссан нь далайн соёл иргэншлийг амжилттай нэвтрүүлсэн далайн хөршдөө гашуунаар боолчлогдсон гашуун түүх байлаа. Хувийн өмчийг хууль бус гэж тунхагласан, гэрээт боомтуудаас илүүтэй хөдөө орон нутгийг эрхэмлэсэн, Орост (өөр нэг эх газрын эзэнт гүрэн) анхны ялалтаа байгуулсан, далайг эзэмшсэнээр баян хүчирхэг болсон хөрөнгөтний дэлхийн дэг журмыг орвонгоор нь эргүүлнэ гэж амласан хувьсгалт үзэл сурталд суурилсан түүхийн өөр нэг онол Хятадад ийнхүү үржил шимт хөрсөө олсон байж болох юм.
1927 онд цуврал бослогууд бүтэлгүйтэж, Гоминданы довтолгоо ХКН-ыг бараг устгахад хүргэсэн тул коммунистууд эргийн хотууд дахь баазаа орхиж, Хятадын уудам нутгийн тал хээр, уул нурууд, нуур цөөрөм рүү дүрвэв. Тэд хөдөө орон нутагт баазаа дахин байгуулж, тариачдыг дайчлах, эх газрын массд хандах, партизаны тактик хэрэглэж сурчээ. Гоминдан эргийн хотуудыг хянаж, далайн гаалийн татвараас орлогоо олж, далай дамнасан үйлдвэрлэлийн гүрнүүдийн тусламжтайгаар зэвсэгт хүчнээ шинэчилж байв. ХКН олон нийтийн сэтгэл зүйг ашиглан 1932 онд Японд дайн зарлалаа.
Үүний эсрэгээр, Чан Кайшигийн өөрийнх нь туслахууд 1936 онд түүнийг барьцаалж, Японы эсрэг илүү хүчтэй бодлого явуулахыг шаарджээ. 1935 онд Гоминданы хүчин тэднийг мөрдөж байх үед ХКН-ын гишүүд эх газраар дамжин "Их аян" (Мао үүнийг "тунхаг бичиг, суртал ухуулгын хүч, үр суулгагч машин" гэж нэрлэсэн) хийж, дайны үеийн нийслэл Яньаньд хүрчээ. Чан Кайши ч Япон эргийн бүсийг эзэлсний дараа Чунцин руу дүрвэсэн боловч дэмжигчид нь түүнийг гадаадын нийлүүлсэн нисэх онгоцоор тийш нь хүргэсэн байна.
Япон-Хятадын хоёрдугаар дайны туршид ХКН эх газрын сэтгэл зүйд маш нарийн хандаж, орон нутгийн тариачдын дэмжлэгийг авч, Японы эсрэг хорсол зэвүүцлийг ашиглан, тагнуул болон ложистикийн тусламж үзүүлэх тосгоны сайн дурынхныг байгуулж, "ард олныг сэрээж, босгох" үзэл суртлын компанит ажил өрнүүлжээ. Чан Кайши хожим өдрийн тэмдэглэлдээ Гоминдан хилийн чанад дахь тусламжид хэт найдаж, эх газар, эдийн засгийн шинэчлэл, үзэл суртал, цэргийн сэтгэл зүйг орхигдуулсандаа харамссан байдаг.
1945 онд Япон бууж өгсний дараа АНУ-ын нисэх хүчин болон тэнгисийн цэргийнхэн АНУ-д бэлтгэгдсэн 110,000 гаруй Гоминданы цэргийг агаар болон далайгаар дамжуулан Хятадын хойд болон зүүн хойд хэсгийн гол хотуудад хүргэв. Гэвч Ли Бяогийн удирдсан ХКН-ын арми эх газраар хүчээр марш хийн тэднийг ялав. ХКН дахин хөдөө орон нутагт ялалт байгуулах зуур Гоминданы хүчнүүд мужийн төв хотуудад бүгж байлаа.
Японы эзлэн түрэмгийллийн олон жилийн дараа далайг эсэргүүцэх хандлагатай болсон нутгийн иргэдийн дунд ХКН газрын шинэчлэл, үзэл суртлын шинэчлэл, олон нийтийн дайчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэв. ХКН-ын үндсэн цэрэг болон орон нутгийн партизанууд зүүн хойд нутагт болсон иргэний дайнд ялалт байгуулж, гадаадын хүнд тоног төхөөрөмжөөр зэвсэглэсэн Гоминданы цэргүүдийн эсрэг өөрийн төрөлх нутаг дээрээ тулалдсан юм. "Тосгонууд хотуудыг бүсэлж", хотууд зэвсэг техникээ тушааж байлаа. ХКН-ын хүчнүүд хуурай замын байлдааны шинэ чадвар болон тасралтгүй хорлон сүйтгэх ажиллагаа, Гоминданы цэргүүдийн урвалт, сая сая партизануудын дайчилгааны тусламжтайгаар ялалтаа өмнөд болон баруун зүгт тэлэв. Сонирхолтой нь, Гоминданы хүчнүүд Гүэмой (Quemoy)-н тулалдаанд тэнгисийн болон десантын ажиллагаанд томоохон ялалт байгуулж, Тайвань арал руу ухрах замаа хамгаалж чадсан юм. Харин эх газар дээр ХКН давамгайлсан. Тэд далайн эсрэг хийсэн тэмцлээ хэзээ ч мартахгүй...
Үргэлжлэл: https://mono.mn/n/hkn_nuran_unasny_daraah_a
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19