

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.
Төрөөс төмөр замын тээвэр баримтлах бодлогоо УИХ-аар батлуулах цагаас эхлээд Х.Баттулгын хорлон сүйтгэх ажиллагаа эхэлсэн. Тиймээс улсаа авлига, хулгайгаас салгахын тулд Н.Учрал улс төрийн цэвэрлэгээгээ УИХ-ын гишүүн Х.Баттулга болон түүний бүлэглэлээс эхлүүлж буйгаа ийнхүү зарлаж байна. Үнэхээр ч Гашуунсухайтын оффтейк гэрээ тойрсон хулгайг цэгцэлье гэвэл овоолсон шорооноос эхлүүлэх нь зүйн хэрэг. Чингис бондын хөрөнгөнөөс олгосон $280 сая Х.Баттулгын хамаарал бүхий найман хүний дансаар орсон гэх баримт хүртэл дэлгэгдэж байсан. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны гүйцэтгэгчээр ажиллаж байсан БНСУ-ын “Samsung C&T” компанийн захирал асан луйврын хэргээр Монголын шүүхээс ял авсан. Энэ бүгдийг эхнээс шалгах нь Монголын хэр их хэмжээний хохиролд унагасан бэ гэдгийн гол хариулт болох юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын гэмт хэргийн хөлд МАН, АН-ын нэр бүхий гишүүд ч чирэгдэх нь тодорхой болж байна. Тэр тусмаа намдаа аудит оруулна гэдэг цагаан байранд том цэвэрлэгээ явагдана гэсэн үг.
Үндсэндээ Х.Нямбаатар зүүдээ ярих гээд хулгайгаа ярьсан нь Н.Учралд намаа ч, улсаа ч цэвэрлэх сайхан далим болж мэдэх нь. Н.Учралын хуурай ахынх нь хэлэх дуртай үг бий. Зориг нь эс хүрвээс ухаан нь эс хүрнэ гэж. Н.Учралын зориг, ухаан хоёрын зохицлыг харж л байя даа.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.