

Ардчилсан намын бүлгээс өчигдөр (2026.11.16) мэдээлэл хийж, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан, хотын дарга асан Х.Нямбаатар лайваар нэр дурдагдсан албан тушаалтнуудыг огцрохыг шаардаж, шаардлагыг нь хүлээж авахгүй бол талбай дээр гарна гэв.
Гэхдээ Хууль зүйн сайд асан, хотын дарга асан, авлига, албан тушаалын сэжигтэн Х.Нямбаатарын дэлгэсэн $110 саяыг тараасан гэх 2 цүнх дүүрэн төгрөгийн зураг үнэндээ санхүүгийн ч, хуулийн ч баримт болж чадахгүй юм.
Захын мөрдөн байцаагч доллар тараасан гэх атлаа төгрөгийн зураг үзүүлдэг нь ямар учиртай болохыг, тэгээд авлига авч, өгөлцөж буй баримт нь хаана байгааг асууна, лавлана, шалгана. Харин санхүүгийн салбарынхан $110 саяыг хөрвүүлээд ₮340 тэрбумыг тараалаа гэхэд лавтайяа Монголбанкнаас төгрөгийн зузаатгал хийсэн, тэр нь мөн л баримттайгаа үлдсэн болохыг хэлнэ. Гэж харвал Х.Нямбаатарын лайваар дэлгэсэн 2 уут төгрөг, 2 машины зураг баримт огт биш.
Гэвчиг, Ерөнхийлөгчийн сонгууль жил хүрэхгүй хугацааны дараа болох тул сөрөг хүчин эрх баригчдын зодоон дээр л “таанц эргэх”-гүй бол хэзээ, ямар улс төр хийнэ гэж хүлээх билээ. Энэ үүднээс харвал Х.Нямбаатарын ховон дээр дөрөөлж МАН-ыг унагаах АН-ын арга тактикийг буруутгах аргагүй. Гол нь Ардын намыг "алах" гээд ардчиллаа тавьж туух хэмжээний үймээн самуунд үүсгэвэл Ардчилсан нам ч амьд үлдэхгүй юм.
АН-ын дарга О.Цогтгэрэлийн хэлснээр Засгийн газар, Ерөнхийлөгчөө огцруулах дээрээ хүрвэл УИХ ч мөн адил тарна. Төрийн бүх институци хуулийн чадамжгүй болж үлдэнэ. Тэр тохиолдолд жинхэнээсээ Монгол Улс “Тамгагүй төр”-ийн тайз болж хувирна. Тэгвэл хэнд ашигтай вэ. Лав жирийн иргэд, Монголын үндэсний эрх ашигт ашиггүй.
Төрийн ордны зодоон гудамжинд гарвал эцэс төгсгөлгүй улс төрийн хэрүүл биш, эцэс төгсгөлгүй иргэний үймээн самуундаа тулж мэднэ. Ийм л аюул Монголын хаалгаар хэдийнэ ороод ирсэн.
Л.Оюун-Эрдэнийг, Х.Нямбаатарыг огцруулахаар иргэд элдвийн дарамт, шахалт дор жагсаж, тэмцэж явахад Ардчилсан нам амаа үдүүлсэн мэт таг чиг сууж байсан нь гашуун үнэн. Атал Женкогийн дохиураар ард иргэдийг талцуулах хямрал руу улс орноо унагаахыг зорьж буй улс төрийн цаад зорилго юу вэ?
Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тун хүнд. Түүнээс дутуугүй улс төр, геополитикийн нөхцөл байдал хурцадмал байна. Тэр тусмаа энэ долоо хоногт Хятадын Шэньжэнь хотод болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Трамп, Ши Жиньпин, Путин гурвын уулзалт болно. Монголын хоёр том хөршийн болон гуравдагч том хөршийн удирдагч нарын гурвалсан уулзалтыг дэлхий нийт түгшин харж сууна. Гэтэл хоёр том автократ дэглэмийн дунд орших, экспорт, импорт нь Бээжингээс, эрчим хүч, шатахуун нь Москвагаас хамааралтай Монгол Улсыг морь унасан толгой орон болгох нь хаанаас шидсэн чулуу вэ.
Монгол Улсыг авлига, хулгай дампууруулж байгаа нь хамгаас үнэн. Хамгийн том хулгайч нарын нэг Канадад шувуу болоод лайв хийж суугаа нь бүр үнэн. Тэднийгээ нотлох баримтад үндэслээд хууль шүүхийн өмнө дуудаж байж, Монголд шударга ёс тогтох нь гашуун үнэн. Түүнээс хэн нэгний ховоор нийгмээрээ хооллож, бусдын баримтгүй гүтгэлгээр хэн нэгнийг яллавал хэлмэгдүүлэлт болно. Тэр тусмаа ховоор нийгмийг хооллох тусам авлигач, хулгайч нар хуулийн хариуцлагаас гадуур үлдэнэ.
Иргэдийг гөлөг төөрүүлэх замаар эрх баригчид ялгүй үлдэх нь нийгмийн хүсэл, захиалга огтоос биш билээ. Иймээс хэн чанга хашгирсны үгээр биш хэн баримт дэлгэж вэ гэдгээр үндэслэж ялладаг хуулийн засаглалтай болж байж хэлмэгдүүлэлт дуусна, хариуцлагын тогтолцоо бий болно, хуулийн засаглал бэхжинэ.
Эцэст нь, М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулсан бол нүүрсний эх захгүй ийм их хулгайд энэ улс живэхгүй байлаа.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.