

АН-ын Хяналтын ерөнхий хорооноос Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулж буйгаа баасан гаригийн үдшээр, намын байрныхаа гаднаас яруу сандруухан мэдээлэв. Үйл явдлыг тоймлоход, тухайн үед Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Сөүл хотноо болж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцох хойгуур З.Энхболд ХЕХ-ны гишүүдээ цуглуулж, С.Баярцогтыг огцруулах дүрмийн бус шийдвэр гаргахыг даалгасан аж.
З.Энхболдын хувьд хэдийгээр ХЕХ-ны даргаар сонгогдсон ч шүүхээс авлига, албан тушаалын хэргээр ял авсан тул Ардчилсан намын шинэ дүрмээр хөөгдөх болзол хангасан нэгэн. Атал ХЕХ-ны даргаасаа огцрох нь бүү хэл “боохой борооноор, муу хүн дүйвээнээр” гэгчээр Ардчилсан намыг ахин хагалах муу, муухай аргаа дахиад ашиглаад эхэлсэн нь энэ бололтой.
ХЕХ-ны энэхүү шийдвэрийг тус хорооны гишүүн Д.Цэндсүрэн дүрмийн бус болохыг тодотгоод С.Баярцогтыг огцруулах эрх мэдэл тэдэнд байхгүйг тайлбарлажээ. Мөн ХЕХ-ныхны буруутгаж буй асуудлыг шийдвэрлэх боломж Үндсэн дүрэмд зааснаар С.Баярцогтод байхгүй болохыг мөн тодотгосон байна. Тодруулбал, “Ерөнхий нарийн бичгийн дарга Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын Үндсэн дүрмээр ҮБХ-ны хурлаар шийднэ. Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймгийн АН-ын гишүүдийн гомдлыг аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг ХЕХ-оор хэлэлцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэж ийм шийдвэр гарсан бололтой юм. АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Намын Үндсэн дүрмийн 100.1 дээр аймаг нийслэлийн намын хорооны сонгуультай холбоотой маргааныг тухайн шатны ХсХ-оор хэлэлцүүлэн шийдвэрлэнэ гээд хоёргүй утгаар заасан байгаа. Намын Үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна. Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр.ХЕХ-нд ЕНБ-ын даргыг чөлөөлөх эрх үндсэн дүрмээр олгогдоогүй” гэснээс харвал ХЕХ гэх байгууллага мэхт мэхэндээ болсон байна.
Үндсэндээ, Х.Баттулга, З.Энхболд нарын утсан хүүхэлдэй болсон ХЕХ нь өнөөдөр С.Баярцогтыг намын Үндсэн дүрмээ зөрчин огцруулж байгаа бол маргааш Б.Түвшингээ бүлгээс нь авч хаяад, нөгөөдөр О.Цогтгэрэлээ намаасаа хөөх үү гэдэг томоос том асуултын тэмдэг болжээ.
Тэгэхээр харанхуй шөнөөр, ядаж л С.Баярцогтынхоо тайлбарыг сонсолгүйгээр, бүр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын Үндсэн дүрмээ зөрчин, дүрмийн бус шийдвэр гаргасан Хяналтын ерөнхий хорооныхонтой хариуцлага тооцохгүй бол Ардчилсан нам улс төрийн нам биш бүлэг мафичид болж харагдана. Ардчилсан намын дэргэдэх Хяналтын Ерөнхий Хорооны чиг үүрэг нь тухайн шатны нам, намын гишүүдээс ирүүлсэн гомдлыг намын дүрэм зөрчсөн эсэх тухай хянан хэлцэж дүгнэлт гаргах, зөвхөн дээд удирдлагад танилцуулах үүрэгтэй. Түүнээс хүн хөөдөг, огцруулдаг прокурор, шүүхийн байгууллага бүр биш.
Тэр тусмаа Ардчилсан намын Үндсэн дүрэм С.Баярцогтод ч, З.Энхболдод ч, Х.Баттулгад ч тэгш үйлчилэхийг ардчилал гэнэ. Ардчиллаар овоглож ирсэн Ардчилсан нам үүнийгээ Үндсэн дүрмийнхээ заалтыг ойлгохгүйгээр улстөржих юм бол улс төрөөс бүр мөсөн арчигдана.
Сонгууль болгоноор л Ардчилсан намыг хуваах аргад Х.Баттулга, З.Энхболд хоёр мэргэшсэн гэхэд буруудахгүй. 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Баттулга, З.Энхболд нар Ардчилсан намыг хоёр хувааж, нэртэй зүстэй болгонд нь, хоч, ял өгөөд яг сонгуулийн сурталчилгааны үеэр шоронд ачсан нь гашуун үнэн. Ямар сайндаа л С.Эрдэнэ сонгуулийн дараа “Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойлголцож чадаагүй учраас АН ялагдсан” гэж хэвлэлийн бага хурал хийж байлаа.
Тэрчлэн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийг шаардаж, С.Эрдэнийхээ эсрэг төв талбай дээр Ардчилсан намын бүлгийнхэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын заавраар өлсгөлөн зарлаж байсан нь мөн л болсон явдал. Үнэндээ С.Эрдэнэ муудаа бага санал авсан юм биш С.Эрдэнийг унагаах гэж Х.Баттулга Ардчилсан намыг Ардчилсан намын эсрэг ажиллуулсан байдаг.
2024 оны сонгуулиар Ардчилсан намын ялалтыг Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэд найман сайдын суудлаар наймаалцсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн сценарийг Женко.Баттулга зурна гэсэн тохироотойгоор. Харамсалтай нь, баас хатавч өмхийгөө өдгөө ч тавихгүй яваа нь өнгөрсөн баасан гаригийн “боохой борооноор” гэх үйл явдал. С.Баярцогт Ерөнхий нарийн бичгийн даргаар байвал Женко мафийн Ерөнхийлөгчид хүнээ сойх сценари талаар болно.
Нөгөө талаасаа С.Баярцогтыг улс төрөөс зайлуулах нь зөвхөн Х.Баттулга, З.Энхболд нарын хүсэл биш. ХЕХ-ны шийдвэр гарахын өмнө Оросын Элчин гэнэт Монголын улс төрийн хэрүүл дээр хэрүүл нэмсэн нь яав ч санамсаргүй давхцал биш нь мэдээж. Улс төрд зорилгогүй үг, санамсаргүй давхцал гэж хэзээ ч байдаггүй. Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүс бол оросуудын хувьд мөнхийн өсөөтнүүд нь билээ.
Тиймээс З.Энхболдын хоронд Ардчилсан нам хоёр дахь удаагаа хордвол ахиад амьд үлдэх боломжгүй!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.