

2026 оны АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дүн нэгэнт тодорхой болж, Ардчилсан нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимд олонхын хяналтаа эргүүлэн тогтоолоо. Вашингтоны улс төрийн тавцанд үүссэн энэхүү асар том эргэлт нь Цагаан ордны өнөөгийн бодлогод сонгогчдоос өгч буй шууд бөгөөд хатуу сануулга болж байна. Канзас, Айова, Техас зэрэг Бүгд найрамдах намын хатуу тойргууд дээр Ардчилсан намын нэр дэвшигчид амжилт үзүүлсэн нь дэлхийн ардчиллын салхи эргэсний дохио хийгээд засаглалын тэнцвэрийг хадгалах гэсэн мессеж юм. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан энэхүү сонгууль нь Ерөнхийлөгч Дональд Трампын хоёрдугаар бүрэн эрхийн хугацааны Вашингтон дахь эрх мэдлийн тэнцвэрийг бүрэн өөрчилж, түүний засаг захиргааны ирээдүйд томоохон сорилт дагуулж байна. CNBC-ийн сонгуулийн төвөөс мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхимд ч Ардчилсан намынхан олонх болоход шаардлагатай 218 суудлын босгыг хялбархан давж, 245 орчим суудал авахаар тэргүүлж байна.
СОНГОГЧДЫН ШИЙДВЭР БА БОДИТ АМЬДРАЛЫН ӨРТӨГ
Сонгогчдын энэ удаагийн сонголт нь зөвхөн намын харьяалалд тулгуурлаагүй бөгөөд иргэдийн өдөр тутмын амьжиргаанд тулгарч буй бодит дарамтыг илэрхийлэв.
Амьжиргааны өртгийн өсөлт, инфляцын шахалт болон Дональд Трампын засаг захиргаанаас эхлүүлсэн олон талт худалдааны тарифын сөрөг нөлөө залуус болон хотын дундаж давхаргын иргэдийн бухимдлыг хуримтлуулсан. Энэхүү нийгмийн шилжилт нь Сенатад шаардлагатай суудлуудыг авч, Төлөөлөгчдийн танхимыг хяналтадаа авах гол хүчин зүйл болсон бөгөөд Цагаан ордны бүрэн эрхийг хязгаарлах улс төрийн саадыг бий болгов. Дональд Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлсэн нийт импортын бараанд 10-20%, хэд хэдэн стратегийн салбарт 25%-иас дээш хувийн хэрэгжүүлсэн худалдааны тарифууд нь олон улсын томоохон хэвлэлүүдийн тэмдэглэснээр "хэрэглэгчийн шууд татвар" болон хувирсан. Бэлэн хувцас, цахилгаан бараа, барилгын материал болон өргөн хэрэглээний барааны үнэ тарифын улмаас өссөн нь инфляцыг дахин хөөрөгдөв. Гадаад бодлогын хурцдмал байдлаас үүдэн шатахууны үнэ нэмэгдэж, дотоодын тээвэр ба логистикийн өртгийг байнга өсгөсөн нь айл өрх бүрийн төсөвт шууд дарамт болсон.
Хэдийгээр Трамп $5000 амалсан ч сонгогчид түүнд салаавч өгөхөд энэ бүхэн нөлөөлсөн билээ.
Тэр тусмаа энэ удаагийн завсрын сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын бүтцийг ажиглахад хэд хэдэн онцгой шилжилт хийгджээ. Орон сууцны үнийн өсөлт, сургалтын зээлийн дарамтаас үүдэн амьжиргааны өртөгт түүртсэн залуу үеийнхэн сонгуульд идэвхтэй оролцсон агаад тэд Трампын засаг захиргааны эсрэг санал өгчээ. 2024 онд Трампт санал өгч байсан хотын ойролцоох дундаж орлоготой өрхүүд амьжиргааны түвшин буурсанд сөрөг үнэлгээ өгч, саналаа Ардчилсан нам савлуулсан нь ялалтын шийдвэрлэх хүчин зүйл болов.
ЗАСАГЛАЛЫН ГАЦАА БА ЦАГААН ОРДНЫ ИНСТИТУЦИЙН МУХАРДАЛ
Конгрессын хоёр танхим хоёул сөрөг намын хяналтад орсноор Дональд Трампын бүрэн эрхийн сүүлийн хоёр жил институцийн гацааны үед шилжиж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ардчилсан намынхан "сайн ажилласныг" тэмдэглээд, Ираны дайн болон түлшний үнэ БНН-ын ялагдалд тодорхой үүрэг гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ тэрбээр “Би Ерөнхийлөгч хэвээрээ байгаа шүү” гэсэн ширүүн анхааруулга өгөхөө ч мартсангүй. Завсрын сонгуулийн үр дүн Бүгд Найрамдах нам доторх удаан хугацаанд нуугдмал байсан дотоод зөрчлийг ил гаргалаа. Трампын радикал чиг баримжаа, түүний биечлэн дэмжиж нэр дэвшүүлсэн улс төрчид уламжлалт консерватив мужуудад ээлж дараалан унасан нь намын удирдлагуудын дунд Трампизмыг дахин үнэлэхэд хүргэж байна.
Нам доторх Трампыг эсэргүүцэгч уламжлалт консерватив жигүүрийнхэн энэхүү ялагдлын хариуцлагыг шууд Дональд Трампт тохож эхлэв. Трамп өөрөө санал хураалтын хуудсанд нэр нь байгаагүй гэж өөрийгөө өмгөөлж байгаа ч нам доторх түүний нөлөө урьд өмнөхөөсөө эрс суларч, тэрбээр өөрийн намдаа ч "улс төрийн дэмжлэггүй цөөнх" болох эрсдэлтэй нүүр туллаа.
Конгрессын хоёр танхим хоёулаа Ардчилсан намын хяналтад шилжсэнээр Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулах буюу гурав дахь удаагаа импичментийн ажиллагааг эхлүүлэх хууль эрх зүйн бүрэн чадамж сөрөг хүчинд үүсэж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын Үндсэн хуулиар тогтоосон импичментийн систем нь зөвхөн нэг намын хүсэл зоригоор шууд шийдэгддэггүй нарийн бүтэцтэй.
Нэг талаас, Ардчилсан нам төсөв батлах, хуулийн төслүүдийг хэлэлцэх, томилгоог баталгаажуулах эрх мэдлийг гартаа авснаар Цагаан ордны бие даасан бодлогын хэрэгжилтийг хязгаарлах боломжтой болов.
Ерөнхийлөгч Трампын захиргаа хил хамгаалалт, дотоодын цэрэг-цагдаагийн болон батлан хамгаалах салбарт төсөв нэмэхийг хүссэн ч Конгрессоос төсвийг батлахгүй саатуулах бүрэн чадамжтай. Энэ нь төсөв тохиролцож чадахгүйн улмаас Засгийн газар хийж чадахгүйд хүрч болзошгүй. Ардчилсан нам Конгрессыг хянаж байгаа ч Дональд Трамп тэдний баталсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хориг тавих эрхтэй. Конгресс энэхүү хоригийг даван туулахын тулд Сенат болон Төлөөлөгчдийн танхимын 67%-ийн санал авах шаардлагатай байдаг тул хоёр тал харилцан хууль тогтоох боломжоо гацааж, улс төрийн тэг зогсолт бий болгох эрсдэлтэй.
Нөгөө талаас, Конгрессын хороодоор дамжуулан засаг захиргааны гадаад бодлого, бизнесийн сонирхлын зөрчил болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн нөхцөл бүрдэж байна. Сөрөг нам Сенатад олонх болсон нь Дональд Трампын гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнийг шууд хянана. Ардчилсан намын гол тактик нь сенат Трампын дэвшүүлсэн консерватив чиглэлийн шүүгчид болон сайд нарын томилгоог гацаах, эсвэл өөрсдөд нь ашигтай буулт хийлгэх замаар Цагаан ордны бодлогод шахалт үзүүлэх магадлалтай юм.
АРДЧИЛСАН НАМЫН СОРИЛТ БА 2028 ОНЫ СОНГУУЛИЙН УГТАЛТ
Олонх болсон ялалт нь Ардчилсан намд тайвшрах шалтгаан бус харин улс төрийн өндөр хариуцлага бэлэглэж байна. Ардчилсан нам импичментийн ажиллагааг албан ёсоор эхлүүлбэл, Трампын бодлогод сэтгэл дундуур байгаа БНН-ын сенаторууд Трампыг намын ирээдүйд "ачаа" болж байна гэж үзэн, түүнийг огцруулах санал өгөх магадлал маш өндөр байна. Энэ нь АНУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгч импичментээр албан тушаалаас нь бүрэн буух нөхцөлийг бүрдүүлж болох юм. Түүнчлэн АНУ-ын Сенатад цөөнх хэлэлцэж буй хуулийн төслийг санал хураалтад оруулахгүйгээр урт хугацаанд гацаах боломж олгодог филибастер (Filibuster) дүрэм байдаг тул хууль тогтоох түвшинд ширүүн тэмцэл өрнөх нь тодорхой байна.
Олон улсын харилцааны өнцгөөс авч үзвэл Вашингтон дахь эрх мэдлийн шилжилт нь Кремлийн гадаад бодлогын стратегид хүнд цохилт болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Трампын засаг захиргааг АНУ-ын гадаад бодлогыг тусгаарлах үзэл рүү чиглүүлж, Украины асуудал болон Барууны хориг арга хэмжээний эрчийг сулруулна гэсэн хүлээлттэй байсан нь нууц биш.
Конгрессын хоёр танхим хоёулаа Ардчилсан намын хяналтад орсноор дараах геополитикийн өөрчлөлтүүд гарах нь тодорхой болов. Үүнийг аналитикууд Москвагийн хувьд Вашингтонтой өөрт ашигтайгаар тохиролцож, олон улсын тусгаарлалтаас гарах "сүүлчийн оч" нь бөхөж буй хэрэг хэмээн дүгнэж байна. Трампын дотоод дахь эрх мэдэл суларсан нь Путины геополитикийн давуу тал олж авах стратегийг урт хугацаанд мухардалд оруулж байна.
2026 оны АНУ-ын завсрын сонгууль нь Дональд Трампын ерөнхийлөгчийн засаглал болон дэлхийн улс төрийн амьдралд эргэлтийн цэг боллоо. Конгресст Ардчилсан нам давамгайлснаар Трампын засаг захиргаанд тавих парламентын хяналт дээд цэгтээ хүрч, түүний хууль тогтоох хөтөлбөрүүд гацахаар байна.
Хэдийгээр импичментээр ерөнхийлөгчийг бүрэн огцруулах үйл явц нь Сенатын 67 саналын босго болон Бүгд Найрамдах намын дотоод фракцуудын тохиролцооноос хамаарах нарийн төвөгтэй, цаг хугацаа шаардсан ажил боловч, Трампын улс төрийн нөлөө нам дотроо болон олон улсын тавцанд эрс суларсныг энэхүү сонгуулийн "Цэнхэр давалгаа" бэлхнээ батлан харууллаа. Вашингтонд эрх мэдлийн шинэ хуваарилалт эхэлж байна.
Баруун хэвлэл, улс төрийн шинжээчдийн онцолж буйгаар санал өгөгчид зөвхөн Ардчилсан намыг дэмжсэнээс илүүтэй Цагаан ордны засаг захигааны бодлогыг эсэргүүцсэн нь энэ аж. Тиймээс Ардчилсан намын өмнө иргэдийн эрүүл мэндийн даатгалын систем, уур амьсгалын бодлого, амьжиргааны өртгийг бууруулах чиглэлээр бодит реформ хийх шаардлага тулгарч байна. Хэрэв Конгрессын олонхын эрх мэдлийг зөвхөн улс төрийн сөргөлдөөнд зарцуулбал 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар савлагаа эсрэг чиглэлд эргэх эрсдэлтэй.


journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.