2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28

Роу МакДермотт. The Guardian
Өвдөгний хагалгаанд орсон хүмүүс үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдээс илүү их харамсдаг. Тэгвэл яагаад эцгийн эрхт ёс биднийг насан турш айлгасаар байна вэ?
Ирландын парламент (Дойл) энэ сард үр хөндөлт хийлгэхээс өмнө заавал гурав хоног хүлээдэг журмыг цуцлах тухай хуулийн төслийг хэлэлцэн унагаалаа. Социал демократуудын өргөн барьсан, амжилтад хүрээгүй уг хуулийн төслийг дэмжигчид энэхүү хүлээлгийн хугацаа нь эмнэлгийн ямар ч ач холбогдолгүй бөгөөд зөвхөн саад тотгор болж байна хэмээн маргасан юм.
Уг хуулийн төслийг тойрсон улс төрийн мэтгэлцээн болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцэх явцад, үр хөндөлт хийлгэх хүсэлт гаргаснаас хойш тусламж үйлчилгээ авах хүртэл гурав хоног хүлээх шаардлагыг хамгаалагчид үүнийг эмнэлгийн талаас зөвтгөх гэж бараг оролдсонгүй. Үүний оронд тэд шинэчлэлийг эсэргүүцэхдээ "эмэгтэйчүүд өөрсдөө юу хүсэж байгаагаа мэдэх чадваргүй" гэсэн санаан дээр тулгуурлан аргументаа босгов. Европын ихэнх оронд байдаггүй энэхүү хүлээлгийн хугацааг тэд "тайвшрах", "эргэцүүлэн бодох", "дахин тунгаах" хугацаа хэмээн дахин тайлбарлаж байлаа. Одоогийн тогтолцоог хэвээр үлдээхийг дэмжигчид эмэгтэйчүүдийг ирээдүйд харамсах мэдрэмжээс аврахыг хүсэж байгаа тухайгаа урт хугацааны турш ярьсан юм.
Энэхүү өнцөг бол зориуд бэлдсэн тактик юм. Үр хөндөлтийн талаарх нийгмийн хандлага илүү нээлттэй, хүлээн зөвшөөрдөг болж өөрчлөгдөхийн хэрээр үр хөндөлтийг эсэргүүцэгч орчин үеийн хөдөлгөөнүүд өөрсдийгөө шийтгэгч бус, харин хамгаалагч дүрээр харуулах нь нэмэгдэв. Эмэгтэйчүүдийг хувиа хичээсэн, ёс суртахуунгүй гэж цоллохоо больж; оронд нь тэднийг эмзэг, сэтгэл санаа нь үймэрсэн, бие даан шийдвэр гаргах чадваргүй мэтээр дүрслэх болжээ. Улмаар төрийн үүрэг нь тэднийг саатуулах, хянах, өөрсдийнх нь гаргах шийдвэрээс өөрсдийг нь хамгаалж анхааруулах явдал болж хувирч байна.

"Үр хөндөлтийн эмнэлэгт орж, бодлоо эрс өөрчлөх нь поп соёлд ердийн үзэгдэл болжээ." Жүжигчин Валери Тиан "Жуно" кинонд үр хөндөлтийн эсрэг жагсагчийн дүрд тоглосон.
Гэвч тэдний жинхэнэ санаа зовоосон асуудал нь "харамсал" өөрөө биш юм. Харамсах мэдрэмж бол хүний амьдралын ердийн л нэг үзэгдэл. Насанд хүрсэн хүмүүс бүтэлгүй харилцаа, карьерын сонголт, өөр газар руу нүүсэн шийдвэр, санхүүгийн алдаа, гэрлэлт, нууц амрагийн явдал, сонгуулийн санал хураалт, тэр байтугай эцэг эх болсондоо хүртэл харамсах үе байдаг. Гэвч бид хүмүүс дараа нь өөрийн шийдвэртээ эргэлзэж, дотоод зөрчилдөөнд орж магадгүй гэсэн айдсаас болж тэдэнд зориулсан хууль эрх зүйн тусгай хязгаарлалтыг босгодоггүй.
Мөн харамсал гэдэг нь үргэлж туйлширсан, хүнийг бүхэлд нь залгичихдаг мэдрэмж биш гэдгийг бид мэднэ. Харамсал нь зуурдынх байж болно, цаг хугацааны эрхээр замхарч болно, эсвэл сэтгэл амрах, өөрийгөө өрөвдөх, аз жаргалтай байх мэдрэмжүүдтэй зэрэгцэн оршиж болдог. Хүмүүс тухайн нөхцөл байдлын зарим нэг хэсэгт харамсаж, харин гаргасан шийдвэртээ харамсахгүй байх нь ч бий. Бид харамслыг амьдралын олон талт, даван туулж болох, өдөр тутмын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрдөг мөртлөө зөвхөн үр хөндөлтийн тухай яригдахад л үүнийг өөрөөр харж эхэлдэг.
Зөвхөн үр хөндөлтийн тухайд л харамсал гэдэг ойлголтыг хүнийг сэтгэл санааны насан туршийн тарчлаан, зовлонд унагах аюул заналхийлэл болгон хурцалж ашигладаг байна.
Энэхүү айдас заналхийлэл нь судалгаа шинжилгээ, нотлох баримт дээр биш, хариуцлагагүй тэмцэл, суртал ухуулга дээр тогтож ирсэн. "Үр хөндөлтийн дараах хам шинж" (post-abortion syndrome) гэсэн нэр томьёог 1981 онд АНУ-ын үр хөндөлтийн эсрэг тэмцэгч Винсент Рю анх санаачилжээ. Тэрбээр үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүд харамсах, гэм буруугаа мэдрэх, түгших, сэтгэл гутралд орох зэрэг гэмтлийн дараах стрессийн эмгэгээр (PTSD) шаналдаг гэж мэдэгдсэн байна. Рюгийн хийсэн судалгааг шинжлэх ухаан, академик хүрээнийхэн бүрэн няцааж, үгүйсгэсэн байдаг. Гэсэн хэдий ч үр хөндөлтийг эсэргүүцэгч кампанит ажилчид үүнийг улс төрийн ашигтай зэвсэг болгон ашигласаар ирсэн. Энэ нь үр хөндөлт хийлгэсэн ямар ч эмэгтэйд насан туршийн тарчлаан амсах болно гэсэн айдас төрүүлэх хэрэгсэл юм.
Энэхүү насан туршийн гэм буруу, харамслын тухай заналхийлэл нь нийгэмд маш гүн шингэсэн, хортой бөгөөд үр дүнтэй ажиллаж байна. Нийтлэлийн зохиогч 2016 онд Ирланд эмэгтэйчүүдтэй үр хөндөлтийн туршлагынх нь талаар судалгааны чанартай ярилцлага хийж байв. Тэд бүгд гаргасан шийдвэртээ туйлын итгэлтэй байж, сэтгэл нь амарсан тухайгаа илэрхийлсэн юм. Гэсэн хэдий ч үр хөндөлтийн эсрэг суртал ухуулга нийгэмд маш түгээмэл байдаг тул ярилцлагад орсон олон эмэгтэй амьдралынхаа туршид гэм буруу, харамсалд тарчлах болов уу гэсэн айдастай байснаа хэлж байсан, гэвч тийм мэдрэмж тэдэнд хэзээ ч төрөөгүй юм.
Үр хөндөлтийн эсрэг сурталчилгааны хүрдэг гол үр дүн нь ердөө л энэ. Энэ нь урьд өмнө байгаагүй сэтгэл зүйн дарамтыг зориудаар үйлдвэрлэдэг. Эмэгтэйчүүд үр хөндөлтөөс өөрөөс нь биш, харин үүнээс болж сэтгэл санаагаар бүрмөсөн унах ёстой гэсэн нийгмийн хүлээлтээс айж эхэлдэг. Ирээдүйд харамсах болно гэсэн айдас нь тэднийг номхотгон дарах сахилгын хэрэгсэл болдог байна.

Үр хөндөлтийн хуулийг либералчлах талаарх Ирландын бүх нийтийн санал асуулгын үр дүнг эмэгтэйчүүд дэмжиж байна. Дублин хот. 2018 оны 5-р сарын 26
Энэхүү айдас заналхийллийг поп соёл, кино урлагаар тасралтгүй бататгаж байдаг. Үр хөндүүлэхээр эмнэлэгт ирсэн эмэгтэй шийдвэрээсээ гэнэт няцаж, эцсийн мөчид бодлоо өөрчилж байгаа дүр зураг кино, телевизийн нэгэн хэвшмэл загвар (trope) болжээ. Жуно (Juno) кинонд өсвөр насны гол дүр үр хөндөлт хийлгэхээр зоригтой алхан ордог ч эмнэлгээс сандран зугтаж, жирэмслэлтээ үргэлжлүүлэхээр шийддэг. Цэнхэр Валентин (Blue Valentine) кинонд Мишель Уильямсын дүр үзлэгийн орон дээр хэвтэж байхдаа бодлоо өөрчилдөг. Их хот ба тачаал (Sex and the City) цувралд үргэлж үр хөндөлтийг дэмждэг, эх хүн болохоос татгалздаг Миранда эцэст нь үр хөндүүлэх төлөвлөгөөгөө орхиход, урьд нь түүнийг шүүмжилж байсан найз Шарлотт нь түүнийг баяр хөөртэйгөөр тэвэрдэг.
Дахин үр хөндөлтийн эмнэлгүүдийг эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг газар биш, харин эмэгтэй хүн өөрийн "жинхэнэ" эхийн зөн совингоо нээж, уламжлалт гэр бүл, эх хүн болох нэр хүнд рүүгээ буцаж гүйх ёстой гэгээрлийн газар мэтээр дүрсэлдэг. Энэхүү дүрслэлүүдийн цаана эмэгтэйчүүд өөрсдийн юу хүсэж байгаагаа мэддэггүй бөгөөд хэрэв тэднийг хангалттай хугацаанд саатуулж чадвал эцсийн цэг нь эх хүн болох тавилан байдаг гэсэн далд санаа агуулагдаж байдаг.
Гэвч бодит байдал дээр үр хөндөлт нь түүхэнд байгаагүй хамгийн бага харамслын хувьтай байдаг. АНУ-д үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийг 3-5 жилийн турш дагаж судалсан хөндлөнгийн хяналттай судалгаануудаас үзэхэд, харамсах мэдрэмж төрж байсан эмэгтэйчүүдийн хувь хэмжээ ердөө 1-5%-ийн хооронд байдаг ба цаг хугацааны явцад улам бүр замхардаг байна. Түүнчлэн аливаа сэтгэл зүйн хямрал нь үр хөндөлтөөс өөрөөс нь биш, харин нийгмийн зүгээс ирэх гутамшиг, шүүмжлэл, нийгмийн дэмжлэг дутмаг байгаатай холбоотой байдаг.
Үүнээс ч бага харамсах хувьтай мөртлөө үүнтэй адил улс төржиж, хуулиар хязгаарлагддаг өөр нэгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол хүйс шилжүүлэх мэс засал (gender affirmation surgery) юм. Улстөрчид, хууль тогтоогчид болон трансжендерийн эсрэг тэмцэгчид харамслын тухай түүхийг ашиглан транс хүмүүсийн эрх, эрүүл мэндийн үйлчилгээний эсрэг маргадаг. Гэвч судалгаагаар дэлхийн хэмжээнд хүйс шилжүүлэх мэс заслын дараа харамсах тохиолдол туйлын ховор буюу ердөө 0.03-1%-ийн хооронд байдгийг тогтоожээ. Олон удаагийн судалгаагаар транс хүмүүсийн дундах харамсал нь ихэвчлэн нийгмийн гадуурхалтаас үүдэлтэй байдаг гэдгийг харуулдаг.
Харьцуулж үзвэл, өвдөг солих мэс засалд орсон хүмүүсийн сэтгэл ханамжгүй байдлын хувь 30% хүртэл байдаг. Хамар засах гоо сайхны мэс заслын дараах харамслын хувь 5-15% байдаг бол Иранд хийсэн судалгаагаар энэ хувь 40% хүрдэг байна. Гэсэн хэдий ч хэн ч хамар засуулах хагалгааны өмнө заавал "бодох хугацаа" өгөх хууль санаачилдаггүй. Мөн эрэгтэйчүүд үс шилжүүлэн суулгах, эсвэл эмэгтэйчүүд филлер, ботокс, хөх томруулах хагалгаа хийлгэхэд, энэ нь өөрөө гадаад төрхөө хүлээн зөвшөөрөх үйлчилгээний нэг хэлбэр мөн, ямар ч улстөрч ирээдүйд харамсах вий гэдгээс сэргийлж хууль эрх зүйн хамгаалалт шаарддаггүй.
Учир нь, асуудлын гол нь харамсах мэдрэмжиндээ байгаа юм биш. Хэрэв тухайн харамсал нь уламжлалт хүйсийн үүрэг, гэрлэлтийн шугаманд нийцэж байвал бид үүнийг хүлээж авдаг. Хэрэв хэн нэгэн хүн уламжлалт хүлээлт рүү эх хүн болох, гетеросексуал гэр бүлийн амьдрал, уламжлалт эрэгтэйлэг эсвэл эмэгтэйлэг байдал руу тэмүүлж байвал тэдний бие даасан байдлыг хэн ч сэжиглэдэггүй. Гэвч хэрэв хэн нэгэн эдгээр тогтсон бүтцээс холдохыг оролдвол гэнэтхэн "харамсал" гэдэг зүйл төрийн оролцоо шаардсан онцгой байдал болон хувирдаг. Харамслыг зөвхөн эцгийн эрхт ёсны ашиг сонирхолд үйлчлэх газарт л сонгож зэвсэг болгон ашиглаж байна.
Тиймээс Ирландад өрнөж буй энэхүү мэтгэлцээнийг нөхөн үржихүйн бие даасан байдлыг нийгмийг тогтворгүйжүүлэгч хүчин зүйл гэж үзэн, цагдан хянах гэсэн дэлхий нийтийн улс төрийн уур амьсгалаас салган авч үзэх боломжгүй юм. АНУ даяар үр хөндөлтийн эрхийг ухрааж байгаа явдал нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, бэлгийн боловсрол, транс хүмүүсийн эрх рүү чиглэсэн дайралттай зэрэгцэн өрнөж байна. Тэд үүнийгээ "хамгаалалт", "гэрлэлтийн үнэ цэнэ", "ирээдүйн сайн сайхны төлөөх санаа зовоосон асуудал" гэсэн үгсээр халхавчилж байна. Үүний зэрэгцээ, төрөлтийг дэмжсэн хөдөлгөөнүүд (pronatalist movement) төрөлт буурч байгаад түгшиж, хүн ам зүйн айдас болон хүйсийн талаарх хуучинсаг үзэл дээрээ тулгуурлан эмэгтэйчүүдийн хараат бус байдал, квир амьдрал болон нөхөн үржихүйн сонголтыг соёлын заналхийлэл хэмээн нэрлэх нь олширлоо.
Тиймээс гурав хоногийн хүлээлгийн хугацааг тойрсон мэтгэлцээн нь зөвхөн эмнэлгийн процедурын тухай улс төрийн санал зөрөлдөөн биш юм. Энэ бол сэтгэл хөдлөлийг удирдах замаар уламжлалт хүйсийн дүр төрхийг дахин тулгах гэсэн илүү өргөн хүрээтэй үзэл суртлын төсөл юм. Эмэгтэйчүүдэд эх хүн болоогүйдээ харамсах болно гэж хэлдэг. Транс хүмүүст өөрийнхөөрөө амьдарсныхаа төлөө харамсах болно гэж хэлдэг. Энэ хоёр мессежийн цаадах үндсэн санаа нь ижилхэн. Хүмүүсийг уламжлалт хүйс, гэр бүл, нөхөн үржихүйн хэв маягаас холдуулж буй бие даасан байдал нь угаас сэжигтэй бөгөөд үүнийг саатуулж, хязгаарлаж, эцэст нь таслан зогсоох ёстой гэсэн үг юм.
Роу МакДермотт бол Ирландын зохиолч, кино шүүмжлэгч, Фулбрайтын эрдэмтэн бөгөөд Сан Францискогийн Их Сургуульд бэлгийн чиг баримжааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28