

“Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. Уг хурдны замын трассыг өөрчилж, баруун гарцын авто замыг барина. “China Highway” компанитай байгуулсан гэрээний хүрээнд Яармагийн гүүрээс 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны зам шинээр барина. Бургас тасдаж, байгаль орчныг сүйтгэхгүй”. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өчигдөр (2026.11.04) Туулын хурдны зам нэртэй хулгай луйврын төслийг бүр мөсөн зогсоож, трассыг нь өөрчилж буйгаа зарласан нь энэ юм. Тэрбээр Х.Нямбаатарын Туулын хурдны замын төслийн урьдчилгаанд өгсөн $500 тэрбумыг баруун хурдны замын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
Болсон явдлыг эргэн сануулбал, анх 2024 оны зун Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замыг барьснаар Улаанбаатарын түгжрэлийг 50 хувь бууруулна гэж үлгэр мэт зүйл амлаж байв. Тэрчлэн хэрэвзээ Туулын хурдны замыг эсэргүүцвэл Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна гэж айлган сүрдүүлсан байр суурийг ч илэрхийлж байлаа.
Тэгвэл үүнээс хэдэн сарын дараа Х.Нямбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Туулын хурдны зам нийслэлийн түгжрэлийг 15% бууруулна гэж байснаа, төд удалгүй 14%-тай гэж тодруулга өгсөн байдаг.
Харин 2025 оны сүүлчээр 20-25% бууруулна гэж ам өчиг өгч байжээ. Энэ мэтчилэн түгжрэлийг яг хэдэн хувиар бууруулах нь тодорхойгүй байсан. Хамгийн тодорхой нь Туул голын бургасыг тасдах, байгаль орчин сүйтгэх, Улаанбаатарын ундны усны нөөцийг бууруулах, ан амьтны амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлтэй байв. Тухайлбал, Туулын хурдны замын төслийн трассын дагуу 40 мянга гаруй га талбайн бургас, 14 мянган га талбайн улиасыг тайрч, сүйтгэхэд хүрэх байлаа. Эдгээр бургас, улиасын эдийн засгийн үнэлгээ нь ₮1тэрбум давсан байдаг.
Түүнчлэн Туулын хурдны зам төслийн хүрээнд устаж үгүй болох ан амьтдын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, тодорхой тоон үзүүлэлтийг албан ёсоор зарлаагүй, тус зам баригдсанаар Богд уулын ан амьтад Туул гол руу орж, ундаалах боломжгүй болох буюу амьтдын шилжилт хөдөлгөөний нүүдлийн зам хаагдах асар том экологийн гамшиг нүүрлэх байв. Туулын ойд 100 гаруй зүйлийн шувууд үүр засаж, өндөглөн, зусдаг. Төслийн анхны төлөвлөгөөгөөр 3.4 га талбайн бургасыг устгаснаар эдгээр шувуудын үүрлэх, хоол тэжээлээ олох үндсэн орчин үгүй болно гэж байгаль, экологичид үзсэн. Голын зүлэг, бургасан дунд усны сохор номин, ойн оготно зэрэг олон төрлийн жижиг мэрэгчид амьдардаг. Хурдны замын далан, цементэн хана босгосноор тэдгээр амьтдын нүх, үүр шууд усанд автах эсвэл замын барилгын явцад дарагдаж устгах эрсдэлд хүрэх байсан. Голын татмын мод, бургасыг устгаж, цементэн далан босгосноор гол усаа барьж тогтоох чадваргүй болж, усны түвшин эрс багасах байв. Ус багасаж, тасрах нь загас жараахайнууд олноор шамбааралдан үхэх үндсэн шалтгаан болдгийг эрдэмтэд судлаачид анхааруулж, сануулж байлаа.
Тэгвэл Х.Нямбаатарын эхлүүлсэн тодорхойгүй, үр ашиггүй төслийг зогсоон, China Highway компанитай байгуулсан гэрээний хүрээнд трассыг өөрчилж, Баруун гарцын авто замыг 2027 онд барихаар болсон нь ийнхүү Туулын хурдын зам тойрсон хэрүүлд товчхондоо цэг тавьж байна. Хотын экс дарга Х.Нямбаатар долоо хоног болгон лайв хийхдээ өнөөх Туулын хурдны зам гэх “үндсэн сэдэв”-ээ огт мартдаггүй. Түүний “үл мартах” сэдэв болсон ард иргэдийн эрх ашгаас илүү өөрийнх нь ашиг сонирхолтой холбоотой гэдэг нь нэн ойлгомжтой.
Туулын хурдны замын төслийг өөрчилж, Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэлх 6 эгнээ шинэ зам барьснаар Улаанбаатараас баруун зүгийн 16 аймаг руу чиглэдэг тээврийн хөдөлгөөнийг Сонсголонгийн зам дээр түгжрүүлэхгүйгээр шууд нэвтрүүлэх гарц болно гэж нийслэлийн шинэ удирдлагууд үзэж байгаа бололтой.
Хоёрт, Туул голын эко системийг сүйтгэх байсан Х.Нямбаатарын трассыг өөрчилж, бургас тасдахгүй байх шийдэл сонгосон нь байгальд ээлтэй оновчтой алхам болж байна.
Гуравт, Эмээлтээс Өлзийт хороолол хүртэлх 12 км зам нь Улаанбаатарыг дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүд Төв аймгийн замаар хотыг тойрон гарах агаад түгжрэлийг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж тооцож буй аж.
Гэвч бид нэг зүйлийг асуух ёстой. Төсвийн их наядуудыг цаасан дээр зурж, 50 хувь, 15 хувь, 25 хувь хэмээн иргэдийг төөрөгдүүлж байсан Х.Нямбаатарын буруу шийдвэр, үр ашиггүй төлөвлөлтийн хариуцлагыг хэн хүлээх вэ? Түүний тайрсан бургаснуудын төлбөрийг хэн төлөх вэ. Хэдийгээр түүний алдааг засч, трассыг өөрчилж байгаа ч энэ Х.Нямбаатар гэм буруугүй гэсэн үг биш билээ.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.