

Цагаан ордны зууван танхим. Тэнд цугларсан сэтгүүлчид Бага Трампын хуримын баярт Умар Кремлёв оролцсон талаар асууцгаажээ. Хариуд нь Трамп хуримд хэн нэгэн уригдаж л байдаг гэж товчхон хариулт өгсөн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Кремлев нь хуримын бэлэг болгон шинэ хосуудыг хувийн арал дээрээ гурван хоног амраасан агаад үүнд $100 мянгыг зарцуулсан болох нь батлагджээ. Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв нь Оросын ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон юм. Тэрбээр Оросын боксын холбоог удирдаж байхдаа ч, IBA-гийн ерөнхийлөгч болсныхоо дараа ч Кремльтэй ойр ажиллаж, Путины оролцсон арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог гэж барууны хэвлэлүүд бичдэг.
Түүнийг IBA-гийн ерөнхийлөгч болсны дараа уг холбооны спонсор нь Оросын төрийн өмчит "Газпром" компани болсон байдаг.
Сэтгүүлчдийн асуултад Трамп товч хариулахдаа Путины хамсаатанд хуримын бэлгийг нь буцааж өгсөн эсэхэд тайлбар хэлээгүй байна.
Ерөнхийлөгчийн том хүү Трамп Жуниор нь төрийн албан хаагч биш, хувийн хэвшлийн иргэн тул гадаадын иргэнээс бэлэг авах нь хууль бус үйлдэл биш юм. Гэвч иргэний нийгмийнхэн, хэвлэлүүд, шүүмжлэгчид Ерөнхийлөгчийн хүү гадаад улсын төрийн тэргүүний хамсаатнаас өндөр үнэтэй бэлэг авсан нь АНУ-ын ашиг сонирхлын зөрчил мөн гэж шүүмжилсээр байгаа юм.
Ерөнхийлөгч Трампын Оростой холбоотой харилцаа 2016 оны сонгуулиас хойш олон эргэлзээтэй асуулт, хардлага дагуулсаар ирсэн. Тиймээс Трамп цамхагт бага Трамп Оросын тагнуулчтай хийсэн уулзалтыг прокурор шалгаж байсан ч удаатай.
Өнгөрсөн тавдугаар сард Путин Хятадад айлчилсан агаад түүний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Кремлёв багтсан байжээ. Трамп Жуниор хуримын талаарх эрэн сурвалжлах нийтлэл бичсэн "ProPublica" агентлагийн мэдээлснээр тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчөөс Найрамдал одонг хүртэж байсан гэнэ.
Жуниорын хэвлэлийн төлөөлөгчийн зүгээс “Ерөнхийлөгчийн хүү болон Кремлёв нар жирийн найзууд. Тэдний дунд улс төрийн болон бизнесийн ямар нэгэн нууц харилцаа байхгүй гэжээ. Кремлёвын ажлын албанаас "ProPublica"-д мэдээлэхдээ, тэд хэдэн жилийн өмнө танилцсан. Энгийн хүмүүсийн адил найрсаг харилцаатай гэсэн байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.