
Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хоёр дахь хугацааны чухал мөчүүдэд, тухайлбал эдийн засгийн илтгэл тавих эсвэл дипломат хүндэтгэлийн зоогийн үеэр харцаа дээш өргөн, “Женсен хаана байна?” хэмээн нэг л асуултыг асуудаг байлаа.
Женсен Хуан танхимын хаа нэгтээ голдуухан байж л байдаг байв.
The New York Times (2026-11-15)
Дэлхийн хамгийн том компаниудын нэг “Nvidia”-г өнгөрсөн пүрэв гараг хүртэл удирдсан ноён Хуан өөрийн амжилт, хөрөнгө чинээгээрээ Ерөнхийлөгчид гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрбээр Хятадыг Америкийн чип, технологиос хараат байлгаж чадвал Бээжингийн эсрэг АНУ давуу талаа хадгалж үлдэнэ гэдгийг Ерөнхийлөгчид итгүүлж чадсан байна.

Ноён Трамп энэ онд болсон АНУ-Хятадын шийдвэрлэх уулзалтуудын үеэр амрагийн асуудлаар албан тушаалаасаа огцорсон технологийн салбарын удирдагч асныг дэргэдээ байлгахыг чухалчилж байв. Ерөнхийлөгч өнгөрсөн тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаар Хятадыг зорихдоо түүнийг урьсан бөгөөд Аляскад түр зогсох үеэр ноён Хуан “Air Force One” онгоцонд сууж, хамт ниссэн билээ. Мөн есдүгээр сард ноён Трамп Цагаан ордонд ноён Шид зориулж төрийн хүндэтгэлийн зоог барихад ноён Хуан Ерөнхийлөгчтэй нэг хүндэтгэлийн ширээнд сууж байв.
Тэгвэл энэ долоо хоногт Хятадын Шэньжэнь хотод болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ноён Трамп, ноён Ши нар дахин уулзана. Харамсалтай нь, технологийн өрсөлдөөний асуудлаар Трампын үзэл бодлыг чиглүүлж байсан ноён Хуан энэ айлчлалд түүнтэй хамт явахгүй төлөвтэй байна.
АНУ-ын тагнуулын албаныхны Бээжингийн туршуул хэмээн сэжиглэж буй Алис Хуан гэгчтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь ил болсноор Хуан өнгөрсөн долоо хоногт “Nvidia”-гийн удирдах албан тушаалаа өгсөн юм.
Ноён Хуаны гэнэтийн уналт болон түүнийг Хятадын тагнуулын байгууллагад ашиглагдсан гэх АНУ-ын дүгнэлт нь Ерөнхийлөгч Трампын байр суурийг өөрчилсөнгүй. Тэрбээр “Nvidia”-гийн экс захирлыг өндрөөр үнэлсэн хэвээр байгаа төдийгүй энэ долоо хоногт Хятадын төрийн тэргүүнтэй уулзахдаа баримтлах хандлагад нь ч энэ явдал нөлөөлсөн шинжгүй байна. Харин Бээжин АНУ-ын тагнуулынхны энэ дүгнэлтийг “гүтгэлэг, доромжлол” гэж няцааж буй юм.
Одоогоор Ерөнхийлөгч Трамп Хятадын тагнуулын ажиллагааны асуудлаар ноён Ши-д ямар нэгэн шахалт үзүүлээгүй байна. Мөн хиймэл оюун ухаан болон зарим төрлийн чипийг Хятад руу экспортлох хяналтыг чангатгах эсэх талаар засаг захиргааныхаа дотор өрнөж буй ширүүн маргаанд ч оролцож, нэг талд нь шийдвэр гаргаагүй байгаа юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Ази руу чиглэсэн чипийн экспортын хязгаарлалтыг зөөлрүүлэхийг дэмждэг Худалдааны сайд Ховард Лутник багтах төлөвтэй байна. Шэньжэнь хотноо ноён Трамп эхлээд ноён Ши-тэй ганцаарчлан уулзаж, дараа нь ноён Ши болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай гурвалсан уулзалт хийнэ. Энэ нь гурван улсын удирдагчийн хувьд анхны хамтарсан уулзалт болох юм.
“Хамгийн гол асуудал нь тэр эмэгтэй яг тагнуулч байсан уу гэдэгт л байна” гэж ноён Трамп өнгөрсөн пүрэв гаригт подкаст хөтлөгч, спортын тайлбарлагч Стивен А.Смитэд өгсөн ярилцлагадаа ноён Хуаныг өмгөөлжээ.
Тэрбээр цааш нь “Үүнийг хараахан тогтоосон эсэхийг би мэдэхгүй, гэхдээ хэрэв тэр эмэгтэй тагнуулч байсан бол тэр огцрох ёстой. Харин тагнуулч биш байсан бол магадгүй асуудал өөр. Гэхдээ би танд нэг зүйлийг хэлж чадна. Тэр ямар нэгэн байдлаар хөл дээрээ босч ирнэ. Би түүнийг мэднэ шүү дээ. Би түүнийг маш сайн мэднэ. Би түүнийг үргэлж сайн хүн гэж боддог байсан” гэжээ.
Ноён Трамп өнгөрсөн долоо хоногт “Nvidia”-гийн асуудлыг ноён Ши-тэй хийх уулзалтын үеэр хөндөх бодолгүй байгаагаа хэлсэн ч Хятадын удирдагч өөрөө энэ сэдвийг хөндөж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Мөн тэрбээр Хуаныг Хятадын бизнес эрхлэгч эмэгтэй Алис Хуантай дотно харилцаатай байсан гэх тагнуулын мэдээлэл авч байснаа санахгүй байна гэж мэдэгджээ.

Трамп пүрэв гаригт ноён Хуаны талаар “Би үргэлж түүнийг сайн хүн гэж боддог байсан” гэжээ. Ноён Хуан, ноён Трамп нар Цагаан ордонд. 2025 он.
Харин “The New York Times” сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнгөрсөн тавдугаар сард Хятад руу нисэх замдаа “Air Force One” онгоцонд “Nvidia”-гийн захирлын нууц харилцаа болон уг эмэгтэйг Хятадын тагнуулч байж болзошгүй тухай тагнуулын мэдээллийг Трампад танилцуулсан гэжээ. Энэ нь Ерөнхийлөгчид уг асуудлыг танилцуулсан дор хаяж хоёр дахь тохиолдол байсныг ч тус сонин онцолсон байна.
Трамп ноён Хуаныг “нэр хүндтэй хүн” хэмээн өмгөөлсөн хэвээр байгаа бөгөөд өөрт нь танилцуулсан гэх тагнуулын дүгнэлтэд эргэлзэж буйгаа хэлжээ. Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчид энэ тухай хэзээ анх мэдсэнийг нь тодруулахад тэрбээр “Би шалгаж үзэх хэрэгтэй, тагнуулынхнаасаа лавлана. Надад мэдээлсэн байж магадгүй л юм. Ямар ч байсан тэр мэдээ надад тийм ч чухал биш” гэж хариулсан байна.
Дэлхийн технологийн аварга компанийг ганхуулсан тагнуулын дуулианд Ерөнхийлөгч ийнхүү үл тоомсорлосон өнгө аясаар хандаж байгаа нь эдийн засаг, улс төрийн ноцтой шуурганы бодит хор уршгийг бүдгэрүүлж байна. Үүгээр зогсохгүй, нөхөрлөл, хүндэтгэлийг нь татахыг эрмэлзэж ирсэн авторитар удирдагч ноён Ши-тэй уулзахдаа Трамп ямар байр суурь баримтлах бол гэсэн асуулт ч урган гаргалаа.
Ардчиллыг хамгаалах сангийн шинжээч Крейг Синглтон өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Трамп хувь хүнийхээ хувьд Хуаны талд зогсож байна. Тэрбээр тагнуулын ажиллагааг их гүрнүүдийн хооронд байдаг л энгийн үзэгдэл гэж хардаг бололтой. Түүний гол зорилго бол уулзалтыг амжилттай болгож, Ши Жиньпинтэй харилцаагаа зохицуулж чаддагаа харуулах явдал” гэжээ.
Үнэхээр ч Трамп тагнуулын ажиллагааг хүчирхэг өрсөлдөгчтэй харилцахад гардаг л зүйл гэж үздэгээ нуудаггүй. Тэрбээр есдүгээр сард “Хүмүүс хятадууд биднийг тагнаж байна гэдэг. Би ч та нарын зөв, гэхдээ бид ч бас тэднийг тагнадаг шүү дээ гэж хариулдаг” гэжээ.
Нөгөө талд Цагаан ордны албаныхан баасан гаригт “Nvidia”-гийн дуулианыг үндэсний аюулгүй байдлын асуудал гэж хүлээн зөвшөөрсөн ч Трамп уулзалтын үеэр ноён Ши-тэй энэ асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй гэж таамаглаж байна.
Трамп энэ онд ноён Ши-тэй хийсэн өмнөх хоёр уулзалтдаа Бээжингээс буулт шаардах сонирхол гаргаагүй юм. Тавдугаар сард Бээжинд айлчлахдаа тэрбээр хувийн харилцаагаа онцолж, эвлэрэнгүй хандсан бол намар нь Ши Жиньпинийг Вашингтонд айлчлахад ёслол хүндэтгэлд илүү анхаарч, хиймэл оюун ухаан, худалдаа, Ираны дайны асуудлаар томоохон шийдвэр гаргаагүй өнгөрсөн билээ.
Гэвч Трампыг Хятад руу дахин явахаар зэхэж буй энэ үед “Вашингтон дахь улс төрийн уур амьсгал тэс өөр зүгт эргэж байна” хэмээн ноён Синглтон онцолжээ. Учир нь Трампын засаг захиргаа Хятад руу чип худалдах явцад хяналт тавьж чадаагүй гэх шүүмжлэлд өртөөд байна. Баасан гаригт Сангийн сайд Скотт Бессент “Nvidia”-гийн дэвшилтэт технологийг Сингапурын “Megaspeed” компанид худалдахыг зогсоож чадаагүй хэмээн Худалдааны яамыг олон нийтийн өмнө буруутгав. Уг компани нь хатагтай Хуаныг ажиллуулж байснаас гадна Хятадын компаниудад тооцоолох хүчин чадал нийлүүлдэг дата төвүүдийг барьсан аж.
Ноён Бессент “Тэдний дотоод үйл явцын талаар өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Сангийн яам болон миний орлогч сайд нар илүү хатуу бодлого баримтлахыг дэд сайд нарын түвшинд олон сарын турш шаардаж ирсэн” гэж мэдэгджээ. Ирэх нэгдүгээр сард дуусах худалдааны түр эвлэрлийг сунгах хэлэлцээг ноён Бессент ахалж буй.
Татварын дайн түр намжсан ч Хятад улс газрын ховор металл, соронзны экспортоо хязгаарлаж байгаад Вашингтон бухимдалтай байгаа бөгөөд Трамп Шэньжэньд болох уулзалтаар энэ асуудлыг сөхөх төлөвтэй байна.
Цагаан ордны албаныхан Ерөнхийлөгчийг уулзалтынхаа үеэр газрын ховор элементийн экспорт, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх болон Ираны дайны асуудалд гол анхаарлаа хандуулна гэж мэдэгдэж байна. Гэвч Вашингтон дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд “Nvidia”-гийн дуулианы асуудлаар ноён Хуан, ноён Лутник нараас тайлбар шаардаж эхэллээ. Тэднийг хоёуланг нь ирэх арванхоёрдугаар сард Сенатын Банкны хороонд дуудаж, мэдүүлэг авахаар болжээ.
Энэ талаар шинжээч Синглтон “Хэрэв Бээжин Америкийн чипийн урсгалыг таслахгүй байхыг хичээж байсан бол энэ дуулиан харин ч уг гарцыг хаах хоёр намын нэгдсэн байр суурьт түлхэц болж мэднэ” гэжээ. Гэхдээ улс төрийн энэхүү дарамт шахалт нь ноён Трампыг технологийн экспортод шинэ хориг тавих, эсвэл Хятадыг хязгаарлах өөр алхам хийхэд хүргэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Атлантын зөвлөлийн Хятадын асуудал хариуцсан ахлах судлаач Кентон Тибо “Nvidia”-гийн дуулианыг Бээжингийн хувьд “тун таагүй” хувилбар боллоо гэж дүгнэжээ. Учир нь ноён Трамптай харилцах Хятадын дипломат зорилго нь түүнийг тайвшруулж, өрсөлдөөнт харилцаагаа тогтвортой барихын зэрэгцээ америкчуудын хянадаг эдийн засгийн эмзэг цэгүүдээс хараат байдлаа аажмаар бууруулах явдал юм. Хатагтай Тибо “Тэд АНУ-Хятадын харилцаанд энэхүү тогтвортой байдлыг хадгалж, экспортын нэмэлт хязгаарлалт гарахаас сэргийлэн, Трамптай эвтэй харилцаж, байдлыг хурцатгахгүй байхыг хүсэж байсан. Гэтэл энэ явдал тэдний хувьд жинхэнэ гамшиг шиг л зүйл боллоо” гэжээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.