

Канад болон Европын холбооны харилцаанд томоохон өөрчлөлт гарч, Атлантын далайг дамнасан шинэ хамтын ажиллагаа эхэлж байна. Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс ирж буй шахалт, олон талт хамтын ажиллагаанаас ухарсан бодлогын хариуд Европын холбоо болон Канад улс түүхэндээ анх удаа стратегийн маш ойр дотно нэгдэх алхмыг хийлээ.
Өөрөөр хэлбэл, Францын Страсбург хотноо болсон Европын Парламентын чуулган дээр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Канадыг Европын холбооны түүхэн дэх хамгийн анхны холбоотон гишүүн болохыг албан ёсоор урьсан юм. Түүний хажууд Канадын Ерөнхий сайд Марк Карни байлцсан нь энэ үйл явдал ямар өндөр ач холбогдолтойг харуулж байна.
Энэхүү шинэ статус нь АНУ-тай харилцаа муудаж байгаа энэ үед 27 үндэстнээс бүрдсэн тус холбоо болон Канад улсын харилцааны ойр дотно байдлыг харуулах, улам бүр бэхжүүлэх зорилготой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Канадын эсрэг худалдааны цусгүй дайн дэгдээж, тус улсын эдийн засагт томоохон дарамт, сорилт учруулаад байна.
Үүний зэрэгцээ АНУ НАТО болон Украинд үзүүлэх цэргийн болон улс төрийн дэмжлэгээ татсаар байгаа нь Европын Холбоог өөрийн батлан хамгаалах салбараа яаравчлан бэхжүүлэхэд хүргэж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон олон улсын холбоотнуудын тэнцвэрт байдал өөрчлөгдөж буй энэ үед хоёр тал шинэ түншүүдийг эрэлхийлэхээс өөр аргагүйд хүрчээ.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Лхагва гаригт Францын Страсбург хотноо хэлсэн үгэндээ “Бид түншлэлийн харилцаагаа нэн даруй шинээр төсөөлөх ёстой” хэмээн онцлон тэмдэглэв. Түүнийг чуулганы индэр дээрээс үг хэлж байх үед Канадын Ерөнхий сайд Марк Карни хатагтай фон дер Ляйены зүүн талд суудлаа эзэлсэн байв. “Канад улсыг Европын холбооны анхны холбоотон гишүүн болох үүдийг нээхийн тулд би тантай хамтран ажиллахыг хүсэж байна” гэж фон дер Ляйен түүнд хандан хэлсэн байна. Хэдийгээр нарийн ширийн зүйлс болон эрх зүйн зохицуулалтууд одоогоор бүрэн тодорхой болоогүй, энэхүү нэгдэл нь эцсийн байдлаар баталгаажаагүй байгаа ч тэрхүү түүхэн мэдэгдлийн гэрч болсон чуулганд цугласан хууль тогтоогчид босож алга ташсан юм. Мэдэгдлийн дараа ноён Карни, хатагтай фон дер Ляйен нар халуун дотноор гар барьжээ.
Хатагтай фон дер Ляйен энэхүү саналыг “хэн нэгэн гуравдагч этгээдийн эсрэг чиглэсэн түншлэл биш, харин бидний хамтын хүч чадлыг нэмэгдүүлэх, үнэт зүйлээ хамгаалах зорилготой” хэмээн тайлбарласан байна. Ирландаас сонгогдсон Европын парламентын гишүүн Бэрри Эндрюс “Хятад, Орос, АНУ нар олон улсын эрх зүйд нуруугаа харууллаа. Бидэнд шинэ холбоотнууд нэн шаардлагатай байна” гэж мэдэгджээ.
Ноён Карни энэ оны эхээр Швейцарын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр олон улсын анхаарлыг татсан томоохон илтгэл тавьсан юм. Тэрбээр хүйтэн дайнаас хойш тогтсон дэлхийн дэг журам нь ердийн нэг "шилжилтийн үе шат биш, харин бүрэн задрал"-тай тулгарч байгааг анхааруулаад, "дунд хэмжээний гүрнүүд хамтран ажиллах ёстой, учир нь хэрэв бид ширээний ард суухгүй бол цэсэнд орох болно (бусдын идэш болно)" гэж хэлж байв. Тэгвэл лхагва гаригийн үйл явдал уг стратегийн бодит биелэл, тод илэрхийлэл боллоо.
Канадыг өөртөө ойртуулах энэхүү түүхэн алхам нь ирээдүйд тодорхой саад бэрхшээлтэй тулгарах магадлал өндөр байна. Жишээлбэл, ЕХ-ны зарим гишүүн орнууд холбоотон гишүүн болох хүсэлтэй улсад хэт олон эдийн засаг, улс төрийн давуу тал олгох нь ЕХ-ны жинхэнэ гишүүнчлэлийн үнэ цэнийг бууруулна гэж урьдчилан анхааруулж байна. Ноён Карни Канадын нийт экспортын дөрөвний гурвыг бүрдүүлдэг гол түнш АНУ-тай харилцаа түүхэн доод цэгтээ хүрээд байгаа энэ үед эх орноо Европын блоктой ойртуулахад гол анхаарлаа хандуулж байна. Өнгөрсөн сард Канад болон АНУ-ын хоорондын худалдааны хэлэлцээ бүрэн нурснаас хойш хоёр улс худалдааны маш ширүүн дайнд ороод байна. Ерөнхийлөгч Трамп мөн Канадыг АНУ-ын 51 дэх муж улс болох ёстой хэмээн удаа дараа уриалсан нь канадчуудын дунд үндэсний үзэл, эх оронч үзлийн хүчтэй давалгааг үүсгээд байгаа юм.
Нэгдүгээрт, АНУ-ын эдийн засаг болон батлан хамгаалах бодлогын өөрчлөлт нь уг шийдвэрт шууд нөлөөлөв. Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын эсрэг худалдааны ширүүн дайн эхлүүлж, Канадыг АНУ-ын тавь нэг дэх муж болгох талаар ярьсан нь Канадын ард иргэдийн эх оронч үзлийг сажруулж, экспортын гол сүлжээгээ Европ руу чиглүүлэхэд хүргэжээ. Үүний зэрэгцээ АНУ НАТО болон Украинд үзүүлэх дэмжлэгээ танаж байгаа нь Европыг өөрийн аюулгүй байдлаа бие даан хамгаалах шаардлагатай тулгарч байна. Мөн Оросоос ирж буй аюул занал, Хятадын эдийн засгийн өсөлт зэрэг нь дунд хэмжээний гүрнүүдийг нэгдэхэд хүргэлээ.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр болох дээд хэмжээний уулзалтаар талууд хэд хэдэн чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн салбарт өндөр технологийн нэгдсэн зохицуулалт хийх, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах, чөлөөт худалдааг улам бүр гүнзгийрүүлэх зорилт тавьж байна. Батлан хамгаалах салбарт Урсула фон дер Ляйен НАТО-гийн дөрөвдүгээр зүйлтэй дүйцэхүйц шинэ механизмыг Европын холбоонд бий болгохыг уриалсан бөгөөд гишүүн улсад аюул тохиолдсон үед хамтран хариу арга хэмжээ авдаг болохыг санал болгов. Түүнчлэн Канад, Их Британи, Норвеги, Украин зэрэг блокийн бус түншүүдийг нэгтгэсэн Европын аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах санаачилга гарлаа.
Энэхүү шинэ статус нь олон нийтийн дэмжлэгийг авч байгаа ч зарим саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй юм. Канадчуудын тавны дөрөв нь Европын холбоотой ойртохыг дэмжиж, таваас дээш хувь нь албан ёсоор жинхэнэ гишүүнээр элсэхийг хүсэж байна.
Гэвч Европын холбооны зарим гишүүн орнууд холбоотон гишүүнд хэт их давуу тал олгох нь жинхэнэ гишүүнчлэлийн үнэ цэнийг бууруулна гэж эмээж байгаа юм.
Дүгнэж хэлэхэд, Страсбургт болсон энэ үйл явдал нь дан ганц дипломат ёслол биш бөгөөд дэлхийн олон талт харилцаа шинэ шатанд гарч байгааг харууллаа. Атлантын далайн хоёр тал дахь ардчилсан улсууд геополитикийн шинэ блок байгуулснаар АНУ-ын дарамтыг сөрөн зогсох, батлан хамгаалах болон эдийн засгийн бие даасан байдлаа хадгалах боломжтой болж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.