

Монголчууд төр төмбөгөр, ёс ёмбогор гэлцдэг. Энэ нь төр ёсоо дээдлэн, хууль дүрмээ чандлан сахих тухай сургааль юм. Төр ёсоо дээдлэх, хууль дүрмээ чандлан сахих нь иргэн бүрт хамаатай үг.
Тэр тусмаа парламентын гишүүний хэлсэн үг, илэрхийлсэн байр суурь нь зөвхөн хувь хүний үзэл бодол гэхээсээ илүү төрийн бодлого, нийгмийн сэтгэл зүй, улс орны эдийн засагт шууд нөлөөлдөг учраас асар өндөр хариуцлага дагуулдаг. Үндсэндээ, парламентын гишүүдийн биеэ хэрхэн авч явах нь Монголын парламентын нэр төртэй шууд хамааралтай. Харамсалтай нь, Монголын парламент ёс суртахууны уналтад орсон. Ес зүйн стандарт тэнд ус, агаараас илүү чухал болсон.
Төр гэдэг нь засаглалын институт, сахилга бат, хуулийн чанд зааг дээр оршин тогтнодог систем. Гэтэл гадаад, дотоодын улстөрчдийн явуулгаар Монголын төрийг гутаах зорилготой, үндэсний аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай ажиллагаа эрчимжсэн.
Бүтэн дөрвөн сарын турш парламентын танхимаас үндэстэн ястнуудыг хооронд нь талцуулах увайгүй, хорон төлөвлөгөө хэрэгжсэн, хэрэгжүүлсэн. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн парламентын танхимыг хувийн лайвын талбар болгож хувиргасан нь чухамдаа ийм л зорилготой сэвээ байлаа. Тэрбээр "нутаггүй цагаач", "хасаг" гэх хараалын үгээр Монголын эв нэгдлийг бусниулах ажиллагаагаа дөрвөн сарын турш өрдсөн.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж суулгаж өгсөн. Тэгвэл УИХ-ын гишүүд ".. Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" гэж тангараг өргөдөг. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болдог.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллахдаа хэд хэдэн хатуу бөгөөд зарчимч сануулга өгсөн. Үндэсний аюулгүй байдлын даргын хувиар тэрбээр Үндсэн хуулийг дээдлэх, төрийн албан ёсны монгол хэлийг сурагчдад сургах, зөвшөөрөлгүй барьсан хөшөө бунханг цэгцлэх, газрын нэрийг дураар өөрчлөхийг таслан зогсоох, төрийн албанд зөвхөн мэдлэг ёс зүйгээр өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийг тус аймгийн удирдлагуудад үүрэгдсэн юм.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдож, тангараг өргөхдөө “Миний бие ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цэцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно” гэдгээ амлаж байсан билээ. Энэ үүднээс тэрбээр хэрээс хэтэрсэн популизм, анархизмаас төрөө хамгаалах, элдвийн хорон явуулга, зорилготой, зохион байгуулалттай зөрчилдөөнөөс аюулгүй байдлаа авч үлдэх үүднээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтэд нь онцгойлон анхаарахаа зарлав. Энэ нь байдаг л нэг орон нутгийн томилолтын тайлан биш, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын алтан аргамжааг хадгалаж үлдэх гэсэн төрийн бодлогын хатуу чанга сануулга юм. Дотроо талцаж, бие биенээ дайснаар харж буй улс үндэстэн гадаад геополитикийн дарамт, эдийн засгийн шахалтад нэгдмэл байр сууринаас хариу үйлдэл үзүүлж чаддаггүй. Тэр хэрээр гадаадын явуулгад хялбархан өртөнө.
Үндэстний эв нэгдэл үндсэндээ хэн нэгэн улстөрчийн лайк цуглуулах хэрэгсэл огтоос биш. Аль нэг бүлэглэлийн албан тушаалд очих зэвсэг бүр биш. Энэ үүднээс Төрийн тэргүүн үндэсний эв нэгдлийн эсрэг үг-үйлдэл гаргасан иргэнд ч, төрийн түшээдэд ч хууль хүрч очих болно шүү гэдгийг анхааруулав. Мөн эцсийн анхааруулга гэдгийг нь онцлон тодотгосон.
Монголын улстөрчид чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Үүнийг ч хуулиар хамгаалж өгсөн. Гэхдээ халдашгүй дархан эрх гэдэг нь улстөрч улс орны аюулгүй байдлын эсрэг дураараа авирлаж болно гэсэн үг биш. Тэр тусмаа дэлхийн улс төр хямралтай, хойноо цэргийн, урдаа худалдааны дайнтай, хоёр их гүрний дунд орших Монгол Улсын аюулгүй байдал дотоодын амар амгаландаа оршдог. Монголын их амар амгалан бол Монголын хар хайрцагны бодлого.
Атал үүнийг нь бусниулах зорилготой санамсаргүй хийгээд санаатай үг үйлдлийн араас хууль, хүчнийхэн явах цаг болсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх прокурор, тагнуул, АТГ, ЦЕГ-ын удирдлагуудад санууллаа. Төр институтийнхээ хувьд хууль, журам, судалгаа, системээр ажилладаг. Харин лайв хийж, сенсаци тарьж, нийгмийн сэтгэл зүйг хөөргөх нь хууль дээдлэх ёсонд тус биш ус болно.
Үндэсний аюулгүй байдал бол зөвхөн хил хязгаарын асуудлаар хэмжигддэггүй. Хэрэв үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан тохиолдолд хуулийн хатуу ялтай. Эрүүгийн хуульд зааснаар 5-12 жилийн ялтай гэмт хэрэгт тооцдог.
Гэрийн доторх эх хэлний халдашгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, төрийн албаны сахилга бат хийгээд нийгмийн сэтгэл зүйн тогтвортой байдлыг хэлнэ. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.