2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


“УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нам эвслээс нэр дэвшүүлэхэд 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Энэ бол тойрогт нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлага. Харин жагсаалтаар нэр дэвшүүлэхэд 1:1 гэсэн хүйсийн харьцаатай байна гэх хуулийн зохицуулалт бий. Дэлхий нийтээр улс төр дэх хүйсийн тэгш төлөөллийг хангах чиг хандлагаас Монгол Улс ч хойш суухгүйн тулд 2023 онд хуульдаа ийн өөрчлөлт оруулсан.
Үндсэн хуулийн 2023 оны өөрчлөлтөөр УИХ 126 гишүүнтэй, УИХ-ын сонгуулийн хуульд заасны квотын дагуу түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 32 эмэгтэй хууль батлах, төр барилцах эрхтэй болсон. Ингэснээр Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Ази тивдээ тэргүүлэгч орны нэг, дэлхийн дундаж (26.5%) түвшинд дөхсөн. Харамсалтай нь, тооны араас хөөцөлдсөн энэхүү реформын бодит үр дүнд шал өөрөөр эргэв.
Учир нь, 32 эмэгтэй гишүүний 24 нь хүйсийн сөөлжлөх зарчмаар, намын жагсаалтаар парламентад орж ирсэн бол ердөө 8 нь тойргоос сонгогдсон юм. Өөрөөр хэлбэл, нийт тоог харвал хүйсийн баланс хангагдсан мэт боловч тэд ард иргэдийн саналаар биш намын дарга нарын үзэмж, фракцуудын тохиролцоогоор жагссан байдаг. Энэ бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэвэл өрөөсгөл.
Иргэдийн “шүүлтүүр”-т орж үзээгүй, намын анхан шатны ажил байтугай улс орныхоо амьдралыг ч мэдэхгүй, “тоононы” гишүүд УИХ-ын танхимд олон арваараа сууж байна. Тэдэнд ард иргэдийг төлөөлж байна гэж хэлэх эрх байхгүй. Тэд бол намын нэрээр УИХ-д орж ирсэн.
Жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүдийн үүрэг хариуцлага, чадамж, ухамсрын асуудалд намуудын удирдлага шүүмжлэлтэй хандаж буй.
МАН-ын дарга Н.Учрал “цаашид хэнийг жагсаалтад оруулах вэ гэдэгт онцгой анхаарч, намынхаа анхан болон дунд шатны байгууллагад ажиллаагүй хүнийг жагсаалтад оруулахгүй. Намын бүх шатанд 3 жилээс доошгүй ажилласан байх шаардлага тавина” гэж байр сууриа илэрхийлсэн. Харин АН-ын дарга О.Цогтгэрэл “Намын анхан болон дунд шатанд ажиллаж, гишүүддээ танигдсан, намын үнэт зүйлийг хамгаалж ирсэн хүмүүсээ дэвшүүлдэг тогтолцоог журамлана” гэж байв.
Тэд дараагийнУИХ-ын сонгуулийн жагсаалтанд “тоононы хүмүүс”-ыг оруулахгүй гэдгээ тодорхой илэрхийлж эхэлсэн. Гэхдээ, намынхаа дүрэмд ирэх жилүүдэд хэрхэн өөрчлөлт оруулах нь одоогоор тодорхой зүйл алга.
МАН-ын жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй намын дарга асан Л.Оюун-Эрдэнийг “цээжээрээ хамгаалах” үүргээ чамгүй сайн биелүүлж, намын бүлгээ 30:38 гээд хуваасан. АН-ын хувьд ч ялгаагүй. Жагсаалтынхан намын бодлого сөрлөө гэх гомдол, фракц дамжсан хэрүүл нь намжаагүй байна.
Үнэндээ, МАН-ын сурталчилгаанд хууртсан иргэд парламентад шинэ цагийн боловсролтой залуус орж ирлээ хэмээн талархалтай хандаж байсан ч тэдний “ид шид” -ийг өнөөдрийг хүртэл үзсэнгүй. Үндсэн хуульд 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Парламентад олон ургальч үзэл, тэгш төлөөлөл байх нь авлигыг бууруулах, нийгэмд шударга ёс тогтооход чухал үүрэгтэй гэх олон улсын судалгааны дүгнэлт” эш татаж байсан хүмүүс өнөөдөр ч парламентад байгаа. Гэтэл парламентын танхимд тэр хүмүүсийг тойрсон авлига, хулгай гэдэг үгс л хамгийн олон дуулдаж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Байнгын хорооны хурлын хоёр асуудлын нэг нь хулгай боллоо” гэж хэлсэн нь үүнийг батлана.
Олон зуун тэрбумаас их наяд хүрсэн авлига, хулгайн асуудал яригдаж байхад жагсаалтынхан сонсгол, нээлттэй хэлэлцүүлгээс цэрвэж, асуудлыг кнопоор унагаж байна. Тухайлбал, Харбины гэрээ, Туулын хурдны зам гэх мэт асуудлыг нээлттэй хэлэлцэх санал Байнгын хорооны хурал дээр унасан байдаг.
Бодит байдал дээр том хулгайчдаа хамгаалж, хариуцлага ярихаас бултдаг хуучны парламент улам томорч, бүдүүрснийг бид хардаг боллоо.
Энэ удаагийн парламентад нь 1980-аад оноос өмнөх, хойшхи гээд үе хооронд хуваагдчихсан, үзэл бодлын зөрүүтэй, “шуудайнд хийсэн үхрийн эвэр” мэт үйл ойлголцох байдал бий болсон. УИХ-ын гишүүдийнхээ намтрыг харвал гадаад, дотоодод дээд боловсрол эзэмшсэн, доктор, профессор олонтой ч тэд нь эзэмшсэн боловсролынхоо чинээнд хүртэл бодлого боловсруулахад оролцож чадахгүй байгааг та ч, би ч харж байна. Боловсролоор пиардаж, УИХ-д орж ирсэн залуус жагсаалтад “шахсан” даргынхаа гар хөл, дуу хоолой болж хувирав.
Тод жишээ нь, Г.Занданшатарын Засгийн газрыг унагаах гэж улайрсан, Үндсэн хууль зөрчиж алх цохьсон УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн удирдсан “хуйвалдаан”.
Уг нь, гадаадад хуулийн сургууль төгссөн, хуулийн зөвлөгөө өгөх фирмд ажиллаж байсан О.Номинчимэг нарын хуульч нөхөд нь Х.Булгантуяад “Хуулийг зөрчих нь, бүүр Үндсэн хуулийг зөрчих нь” гэж сануулах боломж байсан. Гэвч сануулах нь байтугай “дэмжээгүйг дэмжье” гэж хамтдаа хууль зөрчсөн.
Тэд хууль санаачлах, боловсруулах, батлах үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэвэл ядаж л 2020-2024 оны буюу өмнөх парламентын дүр зураг ч харагдахгүй байна. Тухайн үед эмэгтэй гишүүдийг “зөвхөн халамж, хүүхэд, гэр бүл” ярилаа гэж, эрэгтэй гишүүдийг нь “уул уурхай, мөнгө тойрлоо” гэж шүүмжлээд 2024 онд эдийн засагч, хуульч, инженер гэх мэт боловсрол өндөр, шинэ үе оруулж ирсэн. Харамсалтай нь, тэд “кнопчин” гэх хуучин нэр томъёог шинэ түвшинд, арай боловсронгуй болгов.
МАН-ын УИХ дахь бүлгийг хувааж, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ “даргын” зөв гэх өнцгөөр ямар ч асуудалд ханддаг Ч.Номин, Э.Болормаа, Х.Баасанжаргал, М.Мандхай, А.Ариунзаяа нарын араас залуу эрэгтэй гишүүд ч дуу авалцан “гүйж” байна.
АН-ын гишүүдийн дунд ч Х.Баттулгын бас Л.Оюун-Эрдэнийн пайзтай хүмүүс цөөнгүй. Ц.Туваан, Э.Одбаяр, Ц.Мөнхтуяа нар Л.Оюун-Эрдэнийн АН-ын бүлэг дэх БЭТ-үүд бол О.Алтангэрэл, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан нар Женко.Баттулгын “гарын хүмүүс”. ХҮН нам бол угаасаа эрх баригч намын утсан хүүхэлдэй төдий. ИЗНН-ын хоёр нь Л.Оюун-Эрдэнийн "тролл" болж хувирсан бол, “Үндэсний эвсэл” ч өөрсдийнхөө тарыг хэдийнэ таниулсан.
Эзний зараалаар, фракцын даалгавраар УИХ-ын танхимд шинэ гишүүд хоолой шахаж, шүд зуугаад суухаар жендер, залуу үе, шинэчлэл, боловсрол гэх мэт гоё тодотгол нь бүгд худлаа болдог.
Парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орчихоод байхад Татварын хуулийн реформ, Эдийн засгийн эрх чөлөөний хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль гээд иргэнд, аж ахуйн нэгжид нэн шаардлагатай хуулиуд хэлэлцүүлгийн шат руу ч ороогүй байна.
Хулгай, авлигатай хариуцлага тооцох, хууль эрх зүйн шинэчлэл ярих байтал эмэгтэй гишүүд маань хэлбэр төдий бүлэг байгуулсан тухай хэвлэлийн хурал хийж байна. 126 гишүүнтэй болсон парламентаас бид уг нь юу хүлээх ёстой вэ. Тэд үнэхээр төр барилцахаар орж ирсэн үү. Эсвэл даргынхаа мөрөөдлийг биелүүлэх үү. Ердөө хоёр жилийн дараа иргэд тэдэнд дүн тавина.
Н.БАЯР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27