

УИХ өнгөрсөн баасан гаригт 2027 оны улсын төсвийг баталлаа. Улсын төсөв энгийнээр хэлбэл, айлын “өрхийн санхүүгийн дэвтэр” юм. Албаны хэллэгээр бол “ирэх оны санхүүгийн гол баримт бичиг” гэсэн үг.
2027 оны “өрхийн санхүүгийн дэвтэр”-ийг харвал нэмэх утгатай тоо ч байна, хасах утгатай тоо ч харагдана.
Монголын эдийн засгийн түүхэнд төрөөс баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын дарамтаас чөлөөлсөн алхмууд тийм ч олон хийгддэггүй. Ялангуяа сонгуулийн өмнөх жил угжны хурга шиг халамжийн бүлгийнхнээ “тэжээн тэтгэхэд” улсын төсөв бүхэлдээ шахуу зарцуулагддаг жишиг тогтсон.
Ихэнхдээ төсвийн цоорхойг нөхөх гэж бизнес эрхлэгчдийнхээ халаасыг тэмтэрч, “томрох тусам нь торгодог” гажуудсан тогтолцоо Монголын эдийн засгийг олон жил чөдөрлөж ирсэн нь худлаа биш. Харин энэ удаад татварын ачаа дарамтыг 1.3 их наяд төгрөгөөр хөнгөрүүлж, бизнесийн орчныг тэлэх цогц шийдэл гарсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй дэмжлэг болж байна.
Тухайлбал, НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгосноор 23500 аж ахуйн нэгжийн нуруун дээрх хүнд ачааг тодорхой хэмжээнд буурууллаа. Олон жилийн турш 50 саяын босгонд тулж гацсан жижиг бизнесүүд өсөж томрохын оронд орлогоо нуух, компаниа хуваах зэргээр далд эдийн засаг руу шахагддаг байсан гашуун үнэнийг энэ өөрчлөлт эцэслэж байна. Үүн дээр 2.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компаниудад 1%-ийн татвар ногдуулж, ₮6-10 тэрбумын орлоготой дунд шатны бизнесүүдэд 15%-ийн шатлал бий болгосон нь жижиг, дунд бизнесийг хөл дээр нь босгож, дундаж давхаргыг тэлэхэд бодит дэм болно.
Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц том асуудал болж буй. Нэг талаас ажиллах хүчин ховордож, нөгөө талаас ажилгүйдэл нэмэгдсэн. Тиймээс энэ асуудал дээр Засгийн газар тодорхой хэмжээнд уян хатан бодлого хэрэгжүүлэхээр болсон билээ. Гарааны бизнес эрхлэгчдийн эхний гурван ажилтны НДШ-ийг гурван жилээр чөлөөлсөн нь жижиг компаниудад бодит дэмжлэг болно. Мөн тэтгэвэрт гарсан ч хөдөлмөрлөж буй ахмад настан, хоёр газар зэрэг ажиллаж буй иргэн өөрөө НДШ-ээ сонгож төлөх эрх олгосон нь хүний хөдөлмөрийг үнэлсэн зөв жишиг юм.
Татварын хөнгөлөлтөөс гадна эдийн засгийн эргэлтийг хурдасгах санхүүгийн хөшүүргүүд ч зөв цэгээ олжээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан ₮1.1 их наядын шинэ зээл, 6 мянган бизнес эрхлэгчид олгох жилийн 10 хувийн хүүтэй хөнгөлөлттэй санхүүжилт нь өндөр хүүтэй арилжааны зээлийн дарамтад сөхөрч байсан үйлдвэрлэгчдэд шинэ боломжийн үүдийг нээж байна.
Үүний зэрэгцээ цахилгаан автомашины гаалийн татварыг тэглэж, ₮110 тэрбумыг иргэн, аж ахуйн нэгжийн халаасанд үлдээх болсон нь ногоон хөгжил, утаагүй Улаанбаатарын төлөө хийж буй бодит хөрөнгө оруулалт юм.
Нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болох орон сууцжуулалтын бодлогод ч томоохон ахиц гарч байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр нэг талаас 100 мянган янданг цөөлж, нөгөө талаас ₮1.8 их наядын нэмэлт санхүүжилт татаж буй нь барилгын салбарын бизнес эрхлэгчдэд томоохон хөрөнгө оруулалт болж очно. Ипотекийн зээлийн хэмжээг 500 сая төгрөг хүртэл нэмэгдүүлж, дөрвөн өөр хувилбараар иргэдэд санал болгосноор иргэд орлогодоо баригдалгүй орон сууцтай болох уян хатан гарцыг нээж өгч байна.
Ерөөс аливаа улс орны хөгжил баялаг бүтээгчдийнхээ нуруун дээр явдаг. Эдийн засгийн зүтгүүр болсон баялаг бүтээгчдэд очих татварын дарамтыг бууруулж, тэднийг тодорхой боломж, нөхцөлөөр дэмжсэн энэхүү багц шийдвэр ирэх онуудад эдийн засагт тогтвортой өсөлтийг авчрах том өөрчлөлт болж чадна гэсэн эерэг хүлээлт хэдийнэ бий болжээ.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.