

Монголчууд Оюутолгой ордоос түүхэндээ анх удаа ₮3 их наядын ногдол ашиг хүртэх боллоо. Тэгвэл Оюутолгойн гэрээ өнөөдрийг хүртэл аль Засгийн газрын үед ямар ажлууд хийгдэж байсныг дурдъя. Мөн хэн юу хэлж байсныг товч, тоймлон хүргэе.
1997-2001 он: Хамтарсан Засгийн үед Оюутолгой ордыг нээн илрүүлж байв.
2003 он: Н.Энхбаярын Засгийн Газрын үед ордыг ашиглалтад оруулах, гэрээ байгуулах асуудал албан ёсоор яригдав.
2006-2007 он: М.Энхболдын Засгийн газар Оюутолгой төслийн анхны Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Иргэдийн хөдөлгөөний эсэргүүцэл, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл зэргээс шалтгаалж буцаагдав.
2008 он: С.Баярын Засгийн газар Оюутолгойг Стратегийн ач холбогдол бүхий орд газраар баталж гэрээ хийх эрхийг засгийн газарт өгснөөр хэлэлцээрийн шат эхэлж 2009 оны 10 дугаар сард гэрээ албан ёсоор байгуулагдав.
2011 он: С.Батболдын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн гэрээнд төслийн санхүүжилт болон хувьцаа эзэмшигчдийн харилцааг зохицуулах үндсэн гэрээ байгуулагдав.
2015 он: Ч.Сайханбилэгийн Засгийн газар далд уурхайн “Дубайн гэрээ” байгуулагдсан ч 2021 онд гэрээг цуцлав.
2021-2022: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын талын өр тэглэгдэв.
2026 он: Н.Учралын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлт хийж ногдол ашиг авах хугацааг 10 жилээр наашлуулж 2027 оноос ногдол ашиг авах болов.
Үе үеийн Засгийн газарт байсан улстөрчид Оюутолгойн ордыг өмгөөлж хэлсэн үгсийг хүргэж байна.
С.Баяр: Оюутолгой төсөл дээр Үндэсний эрх ашгаа хамгаалан, эрсдэлээс айлгүй зүтгэсэн нь үр дүнгээ өгсөөр ирсэн. Юу үнэн, энэ үнэн. Би Оюутолгойн гэрээгээр бахархдаг.
С.Баярцогт: 2009 онд зориглож, ухаан зарж, нэр хүндээрээ эрсдэл хийж байгуулсан учраас үр шимийг нь одоо үеийнхэн хүртэж байна. Тухайн үед энэ гэрээг байгуулаагүй бол одоо ч байгуулагдахгүй байсан. Дандаа шалтаг ярьдаг байсан.
Ч.Сайханбилэг: Оюутолгой Монголыг минь авч явах болохоор улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгох өдөр ирнэ.
М.Энхсайхан: Аливаа том төслөөс хүртэх ашгийг хамгийн сүүлд ярьдаг.
Д.Ганболд: "Оюутолгой бол жалганд хэвтэж буй Монголыг жалганы ирмэг дээр гаргаж ирсэн төсөл" "Оюутолгой төсөл Монголын бахархал байх ёстой”
Н.Учрал: Бид тохиролцоонд хүрж Оюутолгойн ногдол ашгийг 10 жилээр наашлуулан 2027 оноос эхлэн ноогдол ашгаа авахаар боллоо.
Харин Оюутолгойн гэрээг буруушааж, монголчуудыг асар ихээр хагаралдуулж байдаг улстөрчдийн хэлсэн үгийг мөн адил хүргэж байна.
Х.Баттулга: Иргэн бүр, хүүхэд бүрийн нуруун дээрх сая сая төгрөгийн өр. Ашгаа хэзээ ч үзэхгүй, хүүгийн хавх.
Ц.Даваасүрэн: Оюутолгойн асуудлыг би эхнээс нь эсэргүүцсэн. Энэ бол цэвэр дээрэм. Оюутолгой хамаг баялгийг нь ачаад гаргаж байхад монголчууд хэтэрхий хүлцэнгүй байна.
С.Ганбаатар: Ногдол ашиг өгнө гэдэг шал худлаа. Оюутолгойд бид далаараа тавиулсан, цөм хулхидуулсан.
З.Энхболд: Би бол Оюутолгойн гэрээний эсрэг байсан.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.