

Ирэх оны төсөв өргөн барихтай зэрэгцэн эхэлсэн Оюутолгойн ногдол ашиг авах асуудалд өчигдөр анх удаа “Оюутолгой” албан ёсны хариу өглөө. Гэхдээ үйл явдлын өрнөсөн процессийг хөөвөл өчигдөр үдээс өмнө хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан “Оюутолгой” ХХК болон Рио Тинто групп ирэх онд Монголын талд ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдсэн хэмээн танилцуулсан нь тэр дороо нийгэмд түгсэн. Харин “Оюутолгой” ХХК болон Рио Тинтогийн зүгээс ажлын цаг дууссаны дараа албан бичгийг түгээлээ.
Ногдол ашиг өгнө, өгөхгүй, ногдол ашгаа бэлнээр авна, авахгүй хэмээн төсвийн төсөл өргөн баригдсанаас хойш буюу бараг хоёр сар монголчууд талцсаар өнөөг хүрсэн. Төрийн тэргүүн нь хүртэл оролцож, байр сууриа илэрхийлээд амжсан. Хоёр сарын талцлын дүнд иргэд “Эрдэнэс Тавантолгой”-гоос ногдол ашиг гэж сонгуулийн өмнөхөн хүртдэг шиг Оюутолгойн ногдол ашиг болох ₮857 мянгыг дансандаа авах юм байна гэсэн ойлголттой болсон.
Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн төсөлд “Оюутолгой”-н ногдол ашиг хэмээн ₮3 их наядыг суулгасан. Энэ ₮3 их наядыг Монгол Улсын иргэн бүрт хуваахад ₮857 мянга орчим болж буй юм.
Харин энэ хооронд ногдол ашгийн ₮3 их наядыг гаргаж өгөх “Оюутолгой” ХХК-ийн зүгээс яг таг амалсан зүйл үгүй өчигдрийг хүрсэн юм. Хоёр жил шахам үргэлжилсан хэлэлцээний эцэст Оюутолгойн 34%-ийн эзэмшигч Монголын Засгийн газар 17 жилийн дараа Хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулж, зээлийн хүүгийн төлбөр болон менежмэнтийн төлбөрийг бууруулж чадсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлтийг баталгаажуулахаар Рио Тинто группын гүйцэтгэх захирал Саймон Тротт өнгөрсөн 9-р сард Монголд ирсэн. Энэ үеэрээ тэрбээр “Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ” хэмээн мэдэгдсэн нь бидний зарцуулна гээд хөөрөөд байгаа ₮3 их наяд гэсэн тоо төсөвт суух үндэслэл болсон билээ.
Оюутолгойн 66%-ийг эзэмшигчийн албан бичигт "Оюутолгой" ХХК Монголын Засгийн газарт ₮3 их наядын ногдол ашиг олгохоор төлөвлөгөө гаргаж ажиллаж буйгаа дурдаад энэ ₮3 их наяд нь тус компаниас 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байна гэжээ.

“Энэ хүрээнд бид хэрхэн одоогийн төслийн санхүүжилтийг дахин санхүүжүүлэх, өрийн удирдлагыг оновчтой болгох, ирээдүйд хувьцаа эзэшигчдэд ногдол ашиг хуваарилах санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх болон бусад арга хэмжээг Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюутолгой” ХХК-д олгосон эрхийн хүрээнд хэрэгжүүлэх, гурван шаттайгаар төвлөрүүлэх талаар ажиллаж байгаа бөгөөд хэрэгжүүлэх цар хүрээ, дарааллыг тусгасан дэлгэрэнгүй саналыг боловсруулж удахгүй Та бүхэнд албан ёсоор танилцуулах болно” хэмээн Сангийн сайд З.Мэндсайханд хаягласан албан бичигт дурджээ.
Аливаа компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах үйл явц тодорхой дараалал, дэгээр хийгддэг. Юун түрүүн компани ашигтай ажилласан байх учиртай, ашигтай ажилласан нөхцөлд тухайн компанийн удирдлага хувьцаа эзмшигчдэд ногдол ашиг тараах уу, тараавал хэдий хэмжээний ногдол ашиг байх уу гэдгийг шийдээд, ногдол ашгийг дараагийн санхүүгийн жилдээ тараадаг. Ихэнх компанийн санхүүгийн жил оны 3-р эсвэл 4-р сараас тоологддог.
“Оюутолгой” компани энэ оноос бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа. 3-р улирлын тайланд дурдсанаар гүний уурхайн олборлолтын хэмжээ эрчимжсэнээс гадна баяжуулах үйлдвэрийн метал авалтын гүйцэтгэл сайн байсны үр дүнд баяжмал дахь зэс болон алтны үйлдвэрлэл өндөр байжээ. 2026 оны 3-р улиралд зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөгөөнөөс 10%-иар өндөр гүйцэтгэлтэй байжээ.
Энэ оны эхний 3 улирлын тайлангаас харахад
-3-р улиралд ₮725 тэрбум,
-2-р улиралд ₮834 тэрбум,
-1-р улиралд ₮2.2 их наядыг татвар, хураамж, бусад төлбөрт төлжээ.
Дотоодын эдийг засагт бий болгосон мөнгөн урсгал нь
-3-р улиралд ₮2.3 их наяд,
-2-р улиралд ₮2.2 их наяд,
-1-р улиралд ₮4 их наяд байжээ.
Үүн дээр нэмээд ирэх онд ₮3 их наяд эдийн засаг руу орж ирэх нь.
УИХ энэ долоо хоногт ирэх оны төсвийг батлах учиртай. Ямартай ч “Оюутолгой”-гоос авах ₮3 их наяд ийнхүү баталгаажлаа. Гэхдээ энэ процесс нь иргэдийн бэлэн мөнгө авах хүсэл, эрх баригчдын ард иргэдээ боддог гэсэн поп тоглолт, хөрөнгө оруулагчийн аргагүйдэл гэсэн уулзварт явагдлаа.
Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол ногдол ашиг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд хуваарилагдаж, улмаар иргэн бүрийн нэр дээрх хуримтлалын дансанд орох нөхцөлтэй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар 2030 он энэ мөнгийг захиран зарцуулахгүй, иргэдийн дансанд татан төвлөрүүлж хадгалах юм. 2030 оноос бусад менежмент буюу мөнгөний зарцуулалтын менежмент хийх хууль эрх зүйн орчин үйлчилнэ. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу ард түмэнд Оюутолгойн ногдол ашгийг тараана гэвэл Үндэсний баялгийн сангийн хуульдаа өөрчлөлт оруулах болж байгаа юм.
Эдийн засагчдын судалгаагаар зах зээлд ₮1 их наяд төгрөгийн нийлүүлэлт хийвэл инфляцад 0.5-1%-ийн нөлөөтэй гэдэг.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.