

Ерөнхий сайд Н.Учралын өчигдрийн (2026.11.18) мэдээллийн гол мессеж нь Гашуунсухайтын төмөр зам тойрсон хулгай луйврыг эцэслэх тухай байв. Тэрбээр овоолсон шорооноос оффтейк гэрээ хүртлэх Гашуунсухайтын төмөр замтай холбоотой бүх хүн шалгуулах ёстой гээд хуулийн халдашгүй байдлын ард нуугдаж болохгүй гэж нэр бүхий хүмүүсийг онцолсон. Түүний дараа Шадар сайд Н.Номтойбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахыг шаардлаа. Ингээд өнгөрсөн хугацаанд Гашуунсухайтын төмөр зам тойроод чухам ямар үйл явдал өрнөж байсныг товч, тоймлон хүргэж байна.
2008 онд Монголын Засгийн газраас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг.
Гэвчиг С.Баярын Засгийн газарт Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоныхоо дараа 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг тавьсан агаад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-ээс шилжүүлэн авчээ.
2012 онд Монголын Засгийн газар дахин “Энержи ресурс” компанитай Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 2015 онд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах, 19 жилийн дараа Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь, энэ гэрээ парламентын сонгуулийн дараа мөн ондоо цуцлагдсан.
УИХ-ын сонгуульд АН ялснаар Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар, түүний хувийн "өмгөөлөгч" А.Гансүх Зам тээврийн сайдаар томилогдсон байдаг. Мөн бие хамгаалагч Б.Батзаяа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байв.
2013 онд Чингис бондын $280 саяар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан. Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд $199 саяыг шилжүүлж, уг мөнгөний 70% нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байсан билээ. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан монгол компанийн захирал хөрөнгө мөнгөө авч чадаагүйгээс болоод амиа алдсан гэх яриа бий.
2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс “, Японы “Сүмитома” нар шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг З.Энхболд, Х.Баттулга нар хамтран зогсоосон агаад төслийн хүрээнд Чингис бондын хөрөнгөөр овоолсон шороонд олон улсын аудит оруулах асуудал хөндөгдсөн байдаг.
2016 онд Эрүүгийн цагдаагийн газраас Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн хоёр захирлыг мөнгө угаасан хэрэгт баривчилсан агаад 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэднийг Монголын шүүхээс 40 сая төгрөгөөр торгоод нутаг буцаасан.
2017 онд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулга Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын төслийг гардан гүйцэтгэсэн бий. Түүний “барьсан” Гашуунсухайтын мухар төмөр замыг урд хөрштэй холбохын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Харбины гэрээг байгуулсан.
2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга (асан) Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм. Уг тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, 2024 оны 12-р сарын 27-нд баталсан.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байгуулсан гэрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосны өртөгт Монгол Улс Хятадын “Чайна энержи” компанид 2025-2040 он хүртэл нийтдээ 247 сая тонн нүүрсийг 30%-ийн хямдралтай нийлүүлэхээр суулгаж өгсөн. Үүний алдагдал нь хамгийн багадаа 100 их наядаар хэмжигдэж байгааг сөрөг хүчний нэр бүхий гишүүд шүүмжилж, Харбины гэрээгээр сонсгол хийх санаачилга гаргасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй юм.
Гашуунсухайтын төмөр замыг түүхийг хөөвөл мухарт нь манай нохой л зогсож байдаг. Манай нохой гэж Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн өгсөн "тодорхойлолт билээ.
Б.ЦОГТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.