

Нэг.
Ерөнхийлөгчийн сонгуулийг онилсон улс төрийн бүлэглэлүүдийн зодоон сүүлдээ УИХ-ыг онилж эхэллээ. Бүрэн эрхийн хугацаа нь дөнгөж дундаа орсон хэдий ч таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнээс бүрдсэн анхдугаар парламентын үйл ажиллагаа удаа дараа гацах болсон нь эрх баригчдын эрх мэдлийн төлөөх хагарал, талцлаас үүдэлтэй юм.
Урьд нь засгийн эрхийг намаар дамжин барьдаг байсан бол өдгөө нам дамжсан улс төрийн бүлэглэлүүд засгийн эрхийн төлөө тэмцэлдэж байна. Улсын дээд шүүх дээр 37 улс төрийн бүртгэлтэй ч үнэндээ Монголд улс төрийн нам гэж үгүй болсон. Тэр тусмаа улс төрийн намуудад үнэт зүйл, үзэл баримтлал бүр байхгүй болсон. Энэ л Монголын өнөөдрийн гол эмгэнэл болчхоод байна. Монгол Улс өнгөн дээрээ ардчилсан парламентын засаглалтай гэх ч үндсэндээ байнгын ажиллагаатай УИХ цөөн хэдэн улстөрчдийн барьцаа, халаасанд орчихсон болохыг, тэд төрийн бодлогыг барьцаалах замаар булхай, луйвраа хамгаалахыг бүгдээрээ харцгааж байна.
Монголын төрийг тасралтгүй 10 жил үнэмлэхүй засагласан МАН өөр хоорондоо хонь, чоно болцгоосноор улс оронд томоохон хямрал дуудав. Нөгөө талд АН-ыг үргэлж хажуугаас нь, дотоодоос нь отож явдаг хагарал дахин нүүрлэж магадгүй болжээ. Үүнийг далимдуулсан зарим улстөрчид дүйвээнийг ашиглан УИХ-ыг тараах замаар улс оронд үймээн самуун үүсгэхээр зорьж байна.
Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар телевизийн эфирийг 6 цаг эзэгнэхдээ “Иргэний дайн өдөөнө” гэж санаадгүй хэлчихээгүй нь тодорхой. Тэр дундаа "унасан бөх"-ийн уурандаа хэн нэгнийг сүрдүүлэх төдий үг мэдээж биш. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр бодож, төлөвлөлгүйгээр яриагүй нь нэн ойлгомжтой.
Харин түүний тэрхүү заналхийллийг үйлдэл болгох үүднээс АН-ын бүлгийн гишүүн Ө.Шижир өчигдөр олон нийтийн сүлжээнд тандалт судалгаа явуулсан байхыг үгүйсгэхгүй. Түүний санаачилгыг Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж талбай дээр жагсаж явсан Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар уухайлан дэмжсэнийг харахад ийм л хардлага төрж байна.
Гишүүн Ө.Шижир “УИХ тарвал таръя, ер нь тарсан ч яадаг юм. Монгол Ардын намын 2 хуваагдал Монгол орон, энэ улс орныг тэр чигт нь хөмөрлөө. Эд нарт монголчуудын ахуй амьдрал ямар ч хамаагүйг ойлголоо,харлаа. Өөрсдөө л баян тансаг байвал болох нь тэр гэж хандаж байна. Өөрсдийнхөө эрх ашгийн л төлөө байна уу гэхээс эх орны, монголчуудын, иргэдийн төлөө А ч гэж ангайхгүйг харлаа бас үзлээ. Тийм учир УИХ-аа тараагаад ахиад сонгууль хийвэл хийнэ л биз, айгаад байх юм юу байна. Тэгээд л хариуцлага тооцъё, үр дүн нэхье. Таръя, таръя таръя, тарах санаачлагыг би гаргая” гэсэн нь өөрийнх нь байр суурь гэхээсээ өрөөлийн захиалга гэж уншигдаж байна, үнэндээ.
Ө.Шижир бол залуухан Х.Баттулга, Х.Баттулга бол МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ бол анд найз Д.Амарбаясгалан юм. Товчхондоо тэд нэг бүлэглэл. Тодотгол нь нүүрсний мафи. Ө.Шижирийн хувьд УИХ тарвал өөрийнх нь улс төрийн карьер бүр мөсөн дуусгавар болно гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ эзэн юу хэлнэ, нохой хуцдаг нь жам хойно.
УИХ-ыг тараах санаачилгыг Ө.Шижир гаргаж болно. Гэхдээ парламентын 84 хүний дэмжлэгтэйгээр УИХ тарна. Түүний хүслээр УИХ амархан тарчихгүй, гэхдээ улс оронд үймээн самуун үүсгэх шалтаг, шалтгаан болохгүй гэх газаргүй.
Хоёр.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа буюу 2023 оны тавдугаар сарын 3-нд Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Үүнээс 28 хоногийн дараа буюу 2023 оны тавдугаар сарын 31-нд УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, “УИХ нэг танхимтай, зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар болон пропорциональ тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг мажоритар замаар, 48 гишүүнийг пропорциональ замаар сонгоно” гэж баталсан. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ нэг кнопт оногдох эрх мэдлийг бууруулна гэж олон нийтэд тайлбарлаж байв. Атал өнөөдөр Монголын улс төрд өрнөж буй үйл явдлаас дүгнэвэл Үндсэн хуулийн тэрхүү өөрчлөлт түүний эрх мэдлээ хамгаалж, хадгалж үлдэх гэсэн арга заль байжээ. Намуудын хувьд цаашид хэнийг жагсаалтаар оруулах нь чухлаас чухал асуудал болсон байна. МАН-ын листний гэх "бор халзан чонууд"-ыг харахад намын биш даргын шалгуураар, мерит биш лифтээр гишүүн болсон улстөрчид хэзээд өргөсөн тангарагтаа биш "томилсон" хүндээ үйлчилдгийн гашуун сургамж үлдээж байна.
Өнөөгийн УИХ-ын 126 таван намын, салбар, салбарын төлөөлөл гэх ч үндсэндээ өмнөх парламентуудын гишүүдтэй харьцуулахад ёс суртахууны том уналтад орсон. Өмнө нь парламентын индэр дээрээс үндэстэн ястнаа хооронд нь хагаралдуулдаг гишүүн үнэндээ байгаагүй. Урьд нь УИХ-ын танхимаас иргэдээ элдвээр хэлж, хараадаг ч, Үндсэн хуулийг дээр давж гишгэдэг, бүлэглэлийн эрх ашгийн төлөө улсаа барьцаалдаг үйл явдлууд өрнөж байсангүй.
Ёс суртахууны уналтад орсон, улс төрийн хямрал дагуулсан энэ парламентыг тараахыг үнэндээ иргэд ч хүсэж сууна. Угаасаа ч энэ УИХ-аас юу ч хүлээх хэрэггүй нь тодорхой болсон, ойлгомжтой ч байгаа. Гэвчиг жоомоо устгах гээд гэрээ шатааж болохгүй. УИХ-ыг тараах замаар улс оронд үймээн самуун үүсгэж, төрийн эрхийг хууль бусаар авах санаархалд харин бид дунд хуруу өгөх ёстой юм.
Ийм адгийн хүсэл алдсан эрх мэдэлтэйгээ үхэн хатан зууралдаж яваа, авлига, хулгайгаа нуух гэсэн хэдхэн хүнд бий байж мэднэ. Гэхдээ мэдээж хардлага.
Хоёрт, УИХ-ын нэр хүнд унаж байгаа бол тэнд ёс суртахууныг тогтоох ёстой. Тэр нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон аль эсвэл Үндсэн хууль зөрчсөн, ёс суртахууны доголдолтой гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох нь Монголын парламентын нэр хүндэд нэмэртэй.
Монголын ардчиллын баталгаа бол парламентын засаглал. Парламентын ардчиллыг хамгаалахад парламентын гишүүдийн ёс суртахуун хамгаас чухал. Парламентын нэр хүнд унах, нэр хүндийг нь зорилготойгоор унагаахын хэрээр Монголын дотоод амар амгалан, гадаад аюулгүй байдалд аюул заналхийлэл улам нэмэгдэнэ гэсэн үг. Үүнийг далимдуулаад боохой борооноор гэх санаачилга гаргаж буй Ө.Шижирийн үгнээс айхын гол учир энэ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.