

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй чип үйлдвэрлэгч Nvidia Corp. компанийн нэр нөлөө бүхий гүйцэтгэх захирал Жэнсен Хуангийн орыг залгах хүнийг хайх хүндхэн сорилттой тулгараад байна.
Bloomberg (2026-11-12)
Хуан гэр бүлээс гадуур харилцаатай байсан тухай мэдээлэл цацагдсаны дараа тус компани боломжит нэр дэвшигчдийг тодруулахаар хөндлөнгийн зөвлөх компани хөлсөлжээ. Гэсэн хэдий ч түүнийг орлох хүнийг олох тийм ч амар биш. Гуч гаруй жилийн турш Хуан техникийн гүнзгий мэдлэг болон үйл ажиллагааны удирдлагын ур чадварыг хослуулан Nvidia-ийн стратегийг тодорхойлоход онцгойлон гар бие оролцож ирсэн юм.
Хиймэл оюун ухааны салбарт ноёрхож буй чипүүдийг хөгжүүлэхээс гадна Хуан тус компанийг харилцагчид, нийлүүлэгчид, түншүүд болон хөрөнгө оруулалтын өргөн сүлжээг зангиддаг салбарын гол тоглогч болсон юм.
HR-ын хараанд өртөх магадлалтай удирдах албан тушаалтнуудыг танилцуулья.

Санхүү хариуцсан захирал (CFO) Колетт Кресс нь Хуангийн дараа орох, ялангуяа хөрөнгө оруулагчдын дунд хамгийн сайн танигдсан Nvidia-ийн удирдах албан тушаалтан юм. Компанийн ТУЗ-үүд ойрын хугацаанд тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн захирлуудад хандах нь элбэг байдаг ч технологийн компаниудын хувьд тэднийг урт хугацааны сонголт гэхээсээ илүү түр зуурын гарц гэж үзэх хандлагатай байдаг.

Дэд ерөнхийлөгч Иан Бак нь Nvidia-ийн дата төвүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд, тэр дундаа ХОУ-ы чипүүдийг хариуцдаг. Тэрбээр Nvidia-ийн харилцагчдад эчнээ танил нэгэн бөгөөд тус компанийн чипүүдийг хиймэл оюун ухаанд ашиглах боломжтой болгодог CUDA програм хангамжийн платформыг зохион бүтээгч юм. Гэвч томоохон нээлттэй хувьцаат компанийн тэргүүнээс хөрөнгө оруулагчдын хүлээдэг үйл ажиллагааны удирдлагын туршлага түүнд дутагдаж байна.

Arm Holdings Plc-ийн гүйцэтгэх захирал Рене Хаас нь Nvidia-тай нягт түншлэлтэй, чипний загвар зохион бүтээх тэргүүлэгч бизнесийг удирддаг. Nvidia-ийн удирдах албан тушаалтан асан Хаас өдгөө харилцагч, түншүүдийн нарийн төвөгтэй экосистемийг удирдаж байгаа бөгөөд тус чип үйлдвэрлэгч төдийгүй технологийн салбарын талаар өвөрмөц мэдлэг, ойлголттой нэгэн. 2020 онд Nvidia компани SoftBank Group Corp-ийн эзэмшлийн Arm-ийг худалдан авахаар оролдсон ч монополийн эсрэг хяналт шалгалтын улмаас уг хэлцэл бүтэлгүйтэж байв.

Advanced Micro Devices Inc. (AMD)-ийн гүйцэтгэх захирал Лиза Су нь санал болгож буй технологи болон үйлчилдэг харилцагчдынхаа хувьд Nvidia-ийн хамгийн ойрын өрсөлдөгчийг тэргүүлдэг. Түүний удирдлага дор AMD нь технологийн манлайллаараа чип үйлдвэрлэлийн анхдагч Intel Corp-ийг гүйцэж түрүүлсэн бөгөөд хувьцааны ханш нь бараг 170 дахин өссөн юм. Гэсэн хэдий ч AMD-ийн цар хүрээ Nvidia-тай харьцуулахад хамаагүй жижиг бөгөөд ХОУ-ы чипүүд нь зах зээлд нэвтрэх байдлаараа Nvidia-г гүйцэхэд хол байна.

Apple Inc-ийн техник хангамж хариуцсан захирал Жони Сроужи нь iPhone, Mac болон бусад Apple-ийн төхөөрөмжүүдийг ажиллуулдаг тусгай чипүүдийг хариуцан, салбарынхаа хамгийн амжилттай дотоод чип хөгжүүлэлтийн хөтөлбөрүүдийн нэгийг удирдсан. Түүний ажлын туршлага нь чипний загварчлал, бүтээгдэхүүний интеграцчилал, урт хугацааны технологийн төлөвлөлтийн тал дээр өндөр итгэл төрүүлдэг. Гэхдээ түүний туршлагын дийлэнх нь Apple-ийн хатуу хяналттай дотоод экосистемд бүрэлдсэн бөгөөд Хуангийн алдаршсан өндөр түвшний борлуулалт, түншлэлийн ур чадварын талбарт тэрбээр соригдож байгаагүй.

Amazon.com Inc-ийн Web Services (AWS)-ийн тэргүүн Мэтт Гарман бол Хуантай адил техникийн болон үйл ажиллагааны туршлагыг хослуулсан өөр нэгэн удирдагч юм. Тэрбээр Amazon-ы дотооддоо бүтээсэн чипүүдийг багтаасан дата төвүүдийн өргөн сүлжээнээс тооцоолох хүчин чадал түрээслүүлдэг асар том бизнесийг удирддаг. Түүний нэг сул тал нь Amazon компани ХОУ-ы дэд бүтцийг байгуулах тал дээр Microsoft Corp эсвэл Google зэрэг өрсөлдөгчдөөсөө аль эрт хоцорсон гэж харагддаг явдал юм.

Micron Technology Inc-ийн гүйцэтгэх захирал Санжай Мехротра чипний компанийг зах зээлийн өсөлт болон уналтын мөчлөгийн аль алинаар нь хэрхэн залуурдахыг сайн мэддэг. ХОУ-ы эрэлтээс үүдэлтэй санах ойн чипний үнийн огцом өсөлтийн нөлөөгөөр тэрбээр компанийнхаа хувьцааны ханшийг 2,700 гаруй хувиар өсгөж чадсан. Гэвч түүний туршлага нь график процессор (GPU)-ын архитектур болон програм хангамжийн экосистемээс илүүтэй санах ойн чип, үйлдвэрлэлийн салбарт төвлөрсөн байдаг.

Google-ийн Амин Вахдат нь ХОУ-ы чипний зах зээл дэх Nvidia-ийн ноёрхлын бас нэгэн өрсөлдөгч болох тензор процессор (TPU)-ын хөтөлбөрийг хариуцдаг. Түүний техникийн ур чадвар гайхалтай боловч энэ жагсаалтад багтсан инженерийн чиглэл давамгайлсан бусад нэр дэвшигчдийн адилаар Nvidia-ийн хэмжээний цар хүрээ, арилжааны нарийн төвөгтэй байдал, хөрөнгө оруулагчдын хяналт шаардлага бүхий томоохон нээлттэй компанийг удирдах туршлага багатай.
Хуангийн гэр бүлийн гурван гишүүн Nvidia-д ажилладаг бөгөөд тэдгээр нь түүний хүүхдүүд болох Спенсер, Мэдисон болон хүргэн Нико Капрез нар юм. Дэлхийн ХОУ-ы дэд бүтцийн өсөлт хариуцсан дэд ерөнхийлөгчийн хувьд Капрез тэдгээр гурваас хамгийн нөлөө бүхий албан тушаалыг хашдаг бөгөөд шинэ үеийн үүлэн технологийн компаниуд болон бусад дата төвийн бүтээн байгуулалтын хэлэлцээрт идэвхтэй оролцдогоороо танигдсан. Хуан өмнө нь Nvidia-г удирдах хүнд ачааг хүүхдүүддээ үүрүүлэхийг хүсэхгүй байгаа бөгөөд тэд "үүнийг өөрсдөө хөдөлмөрлөж олж авах ёстой" хэмээн мэдэгдэж байсан юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.