НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Н.Учралын Засгийн газар огцорвол УИХ ТАРНА
АНАЛИЗ

Н.Учралын Засгийн газар огцорвол УИХ ТАРНА

13 өдрийн өмнө
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Монголын улс төрийн намуудад улаан, цэнхэр, ягаан, ногоон өнгөний ялгарал үгүй болж зөвхөн эрх ашгийн бүлэглэлүүд бий болсныг Төрийн ордонд өрнөж буй талцал, зодооноос дүгнэж болно.

Нэг.

Үндсэндээ Монголын парламентыг барьцаалж, төрийн ажлыг гацааж буйн цаана зөвхөн эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын дайн өрнөж буй юм. Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Н.Учрал хэрэг наймаалцахыг завдсан, мөн хуулийн салбарынхантайгаа дайсагнасан Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг бүрэн эрхийнхээ хүрээнд албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Г.Тэмүүлэнг томилохыг санал болгосон. Гэвч, Үндсэн хуулийн дагуу парламентад танилцуулах ёстой шинэ сайдын томилгоог МАН-ын 17 гишүүн тэгнэж, АН-ын бүлэг асуудлыг нь эрх баригчдад өөрсдөд нь үлдээв.

Нөгөө талдаа төсвийн хэлэлцүүлгүүд ч даган хойшлогдож, Монголын төр бүхэлдээ гацаанд орлоо. Хэрэв энэхүү гацаанаас гарч чадахгүй удах тусмаа сөрөг үр дагаврыг нь улстөрчид биш жирийн иргэд үүрнэ.

Н.Учралын засгийн газрыг унагаах сонирхол Ардчилсан намд ч бий. Тэр тусмаа МАН дахь “манж” бүлэглэлд бүр ч их бий. Эрх мэдэл, авлига, хулгайгаасаа салсан тэдний хувьд эргэн ирэх сүүлчийн боломж нь Н.Учралыг огцруулж, МАН-ыг дараалсан хоёр сонгуульд ялагдуулах тактик юм.

Гэвч, одоогоор алсын газраас тоос татуулах туурай нь ч, алтан улиасыг нь хуга мөргөх эвэр нь ч АН болон МАН дахь манж бүлэглэлд алга байна. Хуулийн хувьд боломжгүйн дээр Ардчилсан намын бүлгийн гишүүдээс яг хэд нь намын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг зурсан бэ гэдэг нь нэгдүгээрт тодорхойгүй. Хоёрдугаарт, Ардчилсан намын бүлгээс Н.Учралын Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурьтай гишүүн Ч.Лодойсамбуу ганцаараа биш нь ойлгомжтой.

Гуравдугаарт, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу УИХ-аар Засгийн газрыг огцруулах асуудлыг 6 сарын дотор дахин оруулж ирэхийг хориглодог зохицуулалттай. Г.Занданшатарын Засгийн газар огцорч, Н.Учралын Засгийн газар байгуулагдаад зургаан сар болоогүй байгаа. Дөрөвт, өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентад оруулж ирэх Ардчилсан намын шаардлага бол ердөө шахалт төдий. Өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентаар хэлэлцүүлэх эсэх нь Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн асуудал юм.

Хоёр.

Н.Учралын хувь заяа парламентын гарт байгаа шиг парламентын хувь заяа Н.Учралын гарт байна. Нэгдүгээрт, УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь (126 гишүүнтэй парламентын хувьд 84-өөс дээш гишүүн) УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төслийг дэмжсэн тохиолдолд парламент тарна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн УИХ-ыг өөрөө тарах саналыг өргөн мэдүүлж, түүнийг нь УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжиж тогтоол баталсан тохиолдолд тарна.

Гуравдугаарт, Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор, эсхүл шинээр томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол парламент тарна. Мэдээж, УИХ хугацаанаасаа өмнө тарж байсан тохиолдол Монголд байхгүй. Парламентын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгалгүй тарвал сонгодог парламентын нэр хүнд шороотой хутгалдана.

Гэхдээ Н.Учралын Засгийн газар огцорвол МАН дараагийн Ерөнхий сайдаа томилож чадахгүйд хүрнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудал байнгын ажиллагаатай парламентыг долоо хоног гацааж байгаа нөхцөлд Н.Учрал огцорвол Монголын улс төр гэлтгүй төр засаг бүхэлдээ тэг зогсоно.

Н.Учрал МАН-ын Их хурлаасаа намын даргаар сонгогдсон. Тиймээс Их хурлаа товлох хүртэл МАН намын даргаа солихгүй. Тэгэхээр Бага хурлаасаа дараагийн Ерөнхий сайдаа томилох гэж МАН-ынхан өөр хоорондоо өчнөөн дайн, дажин болох нь гарцаагүй.

Хэрэвзээ ийм байдалд хүрвэл Ардчилсан намын болон Ардын намын хувь заяа Н.Учралаас шалтгаална. Учир нь, УИХ тарвал Монгол Улс дүн өвлөөр улс төрийн сонгууль хийхэд хүрнэ. Ээлжит бус сонгууль боллоо гэхэд Ардчилсан намд ашиггүй.

Бодит үнэн нь гэвэл Н.Учрал засгийн тамгаа өглөө гэхэд намын тамгатайгаа үлдэнэ. Тиймээс УИХ тарж, ээлжит бус сонгууль болбол Н.Учрал хэнийг намаасаа нэр дэвшүүлэхээ шийднэ гэсэн үг.

Тэрчлэн 2024 онд АН, МАН-аас жагсаалтаар орж ирсэн гишүүд ахиж листэд бичигдэхгүй. Мөн тойрогтоо олигтойхон танигдаагүй улстөрч олон бий. Товчхондоо, өнөөгийн гишүүдийн дийлэнх олонхын улс төрийн карьер 2 жилээр дуусгавар болно гэсэн үг. Углуургаар нь харвал, өнөөдрийн 126 гишүүнээс дахин сонгогдох магадлалтай хүн тоотой хэд.

Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойж яваа Төрийн ордны горилогчдын хувьд энэ нь асар алдагдалтай улс төр болно. Улс төр гэдэг чинь чухамдаа математик. Өөрийн гэсэн төлбөр тооцоо, өртөг зардалтай. Улс төрийг сэтгэлийн хөөрлөөр тоглодог юм биш. Бодит байдлыг үнэлж тактик стратегиэ зөв харж чадсан нь хождог. Шатраар бол гурван нүүдлийн цаадахыг харсан хождог гэсэн үг.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан албан ёсны баримт бичигт дурдсанаар БНХАУ 2027 болон 2028 онд АНУ-аас жил бүр багадаа 10 сая тонн нүүрс худалдан авахаар амлалт өгчээ. Энэ нь хоёр улсын хоорондох худалдааны зөрчлийг намжаах чиглэлд хийгдсэн томоохон алхам юм.

Sep 29, 2026

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ