НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарын детектив зохиол бол “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ” заль юм!
АНАЛИЗ

Х.Нямбаатарын детектив зохиол бол “ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ” заль юм!

3 өдрийн өмнө
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Үйл явдлыг товч тоймловол, баасан гаригийн өглөө ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр төрийн “маш нууц”-аас гарсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг ил болгов.

Энэ явдлаас цагийн дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ обьектив тайлбар биш субьектив дайралт хийв. Бямба гаригт Канадаас Х.Нямбаатар ээлжит лайв хийж, Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн зун “Лхагвын тойм” нэвтрүүлэгт бүтэн зургаан цаг ярьсан $110 сая долларын асуудлыг товчлон ярихдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд $25 сая, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт $22 сая, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт $10 саяыг өгсөн гээд хоёр хуучны хар машин, хар хар уут мөнгөний зураг харуулав. Гэхдээ өмнөх өдөр нь сүр дуулиантайхан зарласныхаа дагуу Л.Оюун-Эрдэнийн АТГ-д аваачиж өгсөн гэх дүрс бичлэгийг үзүүлсэнгүй. Үзүүлэх бичлэг үнэндээ Л.Оюун-Эрдэнэд ч, Х.Нямбаатарт ч, А.Амундрад ч байхгүй. Байсан бол өдийд бичлэгээ хэдийнэ олон нийтийн сүлжээнд цацаж, Б.Энхбаярыг хэрэгтэн болгочих байсан нь гарцаагүй үнэн.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж явсан хүн гэхэд Х.Нямбаатарт “тэр тэгсэн, энэ ингэсэн” гэх хов төдий ярианаас өөрөөр үзүүлчих баримт өнгөрсөн хугацаанд үнэндээ байсангүй. Үүнийгээ мэдээж баримт гэхгүйг Х.Нямбаатар сайн мэднэ.

Тэр тусмаа $110 саяыг бэлнээр тараах боломжгүй, ямар ч тэнэг улстөрч бэлэн цүнхтэй мөнгө бусдаас авахгүй гэдгийг Х.Нямбаатар бүр сайн мэднэ. Тиймээс Монголын авлигач, хулгайч нар тендер, төсөл, хөтөлбөр хэлбэрээр авлигаа авч өгөлцдөг, ингэхдээ барилга, цемент, боржуур маягаар хулгай, луйврын мөнгөө угаадгийг Х.Нямбаатар мэдэхгүй бол хэн мэдэх билээ.

$110 саяын бэлэн мөнгө тараасан гэх асуудал үнэндээ байж боломгүй, санхүүгийн наад захын мэдлэгтэй хүнд худал гүтгэлэг гэдэг нь нэн ойлгомжтой.

Монгол Улсад 20 сая төгрөг болон түүнээс дээш дүнтэй мөнгөн гүйлгээг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээлийн алба хянадаг болсон. Уг хяналт нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд хэрэгждэг агаад энэ нь дан ганц татварын хяналт биш, олон улсын санхүүгийн аюулгүй байдлын стандартын шаардлага юм.

Зөвхөн нэг удаагийн 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг биш, хяналтаас зайлсхийх зорилгоор 24 цагийн дотор болон тодорхой хугацаанд хувааж хийсэн, нийлбэр дүн нь 20 сая төгрөгөөс дээш гарсан сэжигтэй гүйлгээнүүдийг ч мөн хянадаг.

Тэгэхээр “Голомт”-ын Д.Баясгалангийн А.Амундрагаар дамжуулан олгосон гэх, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын яриад байгаа $110 сая буюу 396 тэрбум төгрөгийн гүйлгээг Монголбанкны Санхүүгийн албаны хяналтаас гадуур өнгөрөхгүй нь тодорхой.  

Тэр тусмаа арилжааны банк өөрөө мөнгө угаах, сэжигтэй гүйлгээг нуун дарагдуулах, хяналтын системээ сул байлгах зэргээр олон улсын санхүүгийн дэглэмийг (FATF-ын шаардлагыг үл тоовол) зөрчсөн тохиолдолд тухайн банк дампуурах хэмжээний хатуу шийтгэл хүлээдэг. Зөрчил гаргасан банктай гадаадын банкууд хамтран ажиллахаас татгалзаж, дансыг нь битүүмжилдэг. Ингэснээр тухайн банк гадаад руу ам.доллар, еврогийн гүйлгээ хийх ямар ч боломжгүй болж, олон улсын санхүүгийн сүлжээнээс бүрэн тусгаарлагдана.

Нөгөө талаар “Голомт” банкнаас $110 сая долларын сэжигтэй гүйлгээнүүд удаа дараа гарч, улстөрчдөд тэр нь авлига болж очсон бол Олон улсын мөнгө угаахтай тэмцэх байгууллага (FATF)-аас аль хэдийнэ Монгол Улсыг хар жагсаалтад оруулчихсан байх байлаа. Тэгэхээр энэ бол Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, А.Амундра нарын олны тархи угаах херопаганда.

Л.Оюун-Эрдэнэ ганц хайрцаг сугавчилж, АТГ очсон. АТГ, Үндэсний аудитын газар, татварын алба түүний гомдлын дагуу мөрдөн шалгалт хийгээд ямар ч $110 саяын асуудал байхгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн өөрийн амаараа нотолсон.

Монголын арилжааны банк гадаад валютаар (ам.доллар, евро гэх мэт) шууд гүйлгээ хийх эрх дэлхийн төв банкны түвшинд байдаггүй учраас дэлхийн томоохон банкуудад (Жишээ нь, JP Morgan Chase, Bank of New York Mellon гэх мэт) өөрийн нэрийн өмнөөс "ностро" данстай байдаг. Монгол шиг жижиг эдийн засагтай, далайд гарцгүй, гадаад худалдаанаас өндөр хамааралтай орны хувьд корреспондент банкны харилцаа нь банкны системийн "амин судас" юм. Корреспондент банкууд Монголын банкуудтай харилцахдаа тухайн улсын болон банкны мөнгө угаах болон хууль зөрчих эрсдэлийг маш өндөр түвшинд хянадаг. Тухайлбал, корреспондент банкны баг Монголын арилжааны банкны сэжигтэй гүйлгээг илрүүлдэг программ хангамж, дотоод хяналтын журам, өндөр дүнтэй болон улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гүйлгээг хэрхэн шүүж байгааг биечлэн ирж эсвэл баримтаар шалгадаг. Хэрэв шаардлага хангахгүй бол корреспондент дансыг нь шууд хаадаг.

Гадаадын банкууд болон ОУВС, Дэлхийн банк, ЕСБХБ-наас Монголын арилжааны банкуудтай хамтран ажиллах, зээл олгох эсвэл хөрөнгө оруулахдаа олон улсын мэргэшсэн санхүүгийн мөрдөгчдөөр хөндлөнгийн аудит хийлгэдэг. Эдгээр компаниуд банкны гүйлгээний түүх, эцсийн өмчлөгчийн ил тод байдал, мөнгө угаах эрсдэлийн үнэлгээг гаргаж өгдөг.

Иймээс захын нэг “гүйцэтгэгч” цүнхтэй мөнгө бариад улстөрчдөд авлига өгөөд явдаг байсан гэдэг галзуу хүний санаанаасаа зохиосон детектив зохиол. Зорилго нь өөрсдийнхөө хулгай, луйврын баримтын эрчийг сулруулах гэсэн заль.

Аль болох худал үгийг мянган давтахаар үнэн болдог гэдэг шиг, “Хулгайч хулгайчийг бариарай” гэж л хашгирч буй хэрэг.

Харин ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын дэлгэснийг баримт гэнэ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар 2021 оны 6-р сарын 23-ны өдөр, шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхөөс 2 хоногийн өмнө төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах замаар “Бодь интернейшнл”-тэй шууд гэрээ байгуулжээ. Гэрээний мөнгөн дүн нь $1.6 тэрбум доллар. Зураг төслийн ажил нь огт хийгдээгүй байхад $110 саяыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Тавантолгой төмөр зам” руу шилжүүлэхийг ЗГХЭГ-ын дарга байхдаа Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгож явсан гарын үсэгтэй баримт бол байна.

УИХ-аас 2023 оны 7 дугаар сарын 7-нд Нүүрсний хянан шалгах түр хороог байгуулсан. Улмаар 8 дугаар сарын 29-ний өдөр тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Түр хорооны даргаар сонгожээ. Гэвчиг Х.Нямбаатар 2023 оны 10 дугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон тул тус хянан шалгах түр хороог Б.Энхбаяр хариуцсан билээ. Тэгэхээр Х.Нямбаатарын “Б.Энхбаяр нүүрсний сонсголыг надаас булааж авсан” гэх үг бас л олны тархийг угаах гэсэн гүтгэлэг. Хуулийн сайд явсан хүн гэхэд Х.Нямбаатарын амьсгалахаас бусад амнаас нь гарсан үг болгон худлаа гэхээр дэндүү өрөвдөлтэй. Ийм хүнээр хуулийн салбараа мануулж явсан манай улсад авлига, хулгай нүүрлэхээс яалтай билээ!

Хор уршиг нь, Монголын нийгэм баримт нотолгоонд бус, хэн нэгний хов живээр хооллож буй нь хуулийн засаглал бэхжихэд хамгийн аюултай юм.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!