

13-ны өдөр Баасан гаригт давхцах нь азгүйтэл, бүтэлгүйтэл дагуулдаг гэдэг ойлголт христийн шашинтнуудад байдаг.
Яагаад энэ ойлголт гарсан талаар хэд хэдэн таамаг байдаг. Үүний нэг нь Библид бий. Нууц уулзалтын ширээний ард Исус болон 12 апостол цугларахад 13 дахь Исусиээс урвасан Иуда Искариот байсан. Исусийг Баасан гаригт цовдолсон гэж Библид гардаг. Энэ хоёр сюжетийг нийлүүлэн 13-ны Баасан гаригт гэдэг ойлголт гарсан гэж үздэг.
13-ны Баасан гаригийн талаарх үе дамжсан яриаг 1980-аад онд энэ сэдвээр хэд хэдэн кино гарсан нь хүмүүсийн ой тоонд 13-ны Баасан гаригаас болгоомжлох сэдлийг суулгаж өгчээ. 13-ны Баасан гаригаас айх айдас нь бүүр шинжлэх ухааны нэршилтэй, энэ айдсыг параскаведекатриафоби гэж нэрлэдэг байна. Гэхдээ 13-ны Баасан гариг хар өдөр гэдгийг шинжлэх ухаанаар батлаагүй.
Хэдий тийм ч өнгөрсөн Баасан гаригт энэ өдөр тохиосон бөгөөд олон таагүй үйл явдал болсон нь сонин. Дашрамд дурдахад 11-р сарын 13-нд тохиосон Баасан гариг нь энэ 2026 онд тохиож байгаа сүүлчийн буюу гурав дахь Баасан байжээ.
Өнгөрсөн Баасан гаригт юу юу болсон бэ?
Дэлхийн 70 гаруй оронд Microsoft-ийн сервисүүд ажиллаагүй. 12-ны шөнөөс эхэлсэн доголдлыг Microsoft шуурхай сэргээхээр ажиллаж, хэвийн боллоо гэнгүүт эргэн унаж байсан. Ялангуяа дэлхийн ажил хэрэгч хэсгийнхний байнгын үйлчилгээ болсон Exchange Online үүлэн систем, цахим шуудангийн Outlook, онлайн уулзалтын Teams болон SharePoint Online, мөн хиймэл оюуны Copilot 365 үйлчилгээнүүд бүтэн өдөр ажилласангүй.
Nvidia-гийн босс Женсен Хуан албан тушаалаасаа огцорч, түүний амрагийн адал явдлаас улбаалан Nvidia-гийн үнэлгээ 2 их наяд ам.доллараар нэг өдрийн дотор буурлаа.
АНУ-ын агаарын орон зай тэг зогсолт хийлээ. Нислэгийн мониторингийн FlightAware сервисийн мэдээгээр Баасан гаригт 9000, Бямба гариг 5600 нислэг цуцлагдсан. Орон нутгийн болон олон улсын нийлсэн эдгээр нислэгээр 1,5 сая зорчигч нисэх ёстой байсан.
Харин Монголд цас орж Улаанбаатарын зам дээр мөн тэг зогсолт болсон. Мөн ирэх 2027 оны төсвийг УИХ баталлаа.
Санал хураалтад 110 гишүүн оролцож, 82.7%-иар 2027 оны төсвийг ₮39.2 их наядын орлого, ₮41.5 их наядын зарлагатайгаар баталлаа. Ингэснээр ирэх оны төсвийн алдагдал ₮2.3 их наяд байх бөгөөд энэ нь ДНБ-ий 2% юм.
Анх Засгийн газраас өргөн барьсанаас орлого, зарлагыг аль алийг нь 2 орчим их наядаар танасан. Засгийн газраас анх өргөн барихдаа орлогыг ₮41.28 их наяд, зарлагыг ₮43.586 их наяд байхаар тооцож байсан юм.
Нарийвчилвал орлогын төлөвлөгөөг ойролцоогоор ₮2.08 их наядаар буюу 5.0%-иар, зарлагыг ₮2.09 их наядаар буюу 4.8%-иар бууруулжээ.
Засгийн газрын өргөн барьсан төсвийн төсөл өнгөрсөн оны төсвийн хэмжээг ₮10 их наядаар тэлэн оруулж ирсэн нь маш их шүүмжлэл дагуулсан. Холбогдох судлаач, эдийн засагчид, иргэний нийгмийнхний шүүмжийн гол нь 2027, 2028 онд дараалан болох Ерөнхийлөгчийн мөн УИХ-ын сонгуульд зориулсан төсөв гэсэн байр суурь байсан билээ.
Төсөв батлагдсаны дараа УИХ-ын цөөнхийн гишүүдийн зүгээс “бидний үгийг сонссонгүй”, “хэлэх үг олдохгүй байна” гэсэн цөхөрсөн байр суурийг олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байсан бол эрх баригчдын зүгээс ард иргэдээ бодсон төсөв баталлаа гэсэн пиарыг хийсээр байна. Үүний нэг тод жишээ төсөв батлагдсан даруйд шахам УИХ-ын дарга С.Бямбацогтын сошиал хуудсаараа түгээсэн постерууд юм.
Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулахаар төлөвлөсөн ₮5.77 их наядыг ₮3.9 их наяд төгрөг болгон бууруулсан нь зарлагын гол таналт болжээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний яаманд ₮261 тэрбумыг төсөвлөсөн атлаа Соёлын яаманд ₮319 тэрбумыг төлөвлөсөн учрыг олохгүй байгаа тухай, С.Батчимэг ₮10 их наядаар тэлсэн төсөв нэг өрхийн амьдралд хэрхэн тусах вэ, инфляцийг өдөөх үү, Б.Пүрэвдорж татварын орлогыг ₮4 их наядаар өсгөсөн нь иргэд, ААН-ийн нуруун дээр бууна гэсэн байр сууриудыг илэрхийлжээ.

Төсөв, мөнгөний бодлогын зөрүү
Төсөв томрох нь муу биш ч юунд зарцуулах вэ гэдэг л гол асуудал. Монголбанкны зорилтот түвшнээс аль хэдийн алдуурч, өнгөрсөн 10-р сарын байдлаар 13.4%-д хүрээд байгаа инфляцийг улам өдөөх төсөв баталж байгааг буруутгаж шүүмжилсээр байгаа судлаачдын үг цуурай болон хоцорч байна.
Монголбанк нь инфляцыг сааруулахын тулд мөнгөний хатуу бодлого барьж байхад төсөв нь дотоод эрэлтийг дэмжихээр баталлаа.
Ирэх 2027 онд төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас ₮3.5 их наяд, Оюутолгойгоос ₮3 их наядыг төвлөрүүлнэ. Оюутолгойгоос авах ногдол ашгийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлнээр тараах магадлал хамгийн өндөр гэдгийг бараг бүгд мэдэж байгаа.
Эцэст нь
13-ны Баасан гаригт хийж болохгүй цээрлэдэг зүйлсэд шинэ ажил үйлс эхлэхгүй байх, өндөр мөнгөн дүнтэй худалдан авалт хийхгүй байх, мөнгө зээлэхгүй байх, хол замд гарахгүй байх, үсээ тайрч, хумсаа авахгүй байх, найр, наадам, хурим хийхгүй байх зэргийг багтаадаг бол харин өмнө эхэлсэн том ажлаа дуусгах, өр зээлээ энэ өдөр төлж дуусгахыг илүүд ажээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.