

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан
Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох тухай Тегераны төв телевиз мэдээлэв.
НҮБ-ын индэр дээрээс Ираны ард түмний гомдол дургүйцэл, тус бүс нутагт үйлдэгдсэн гэмт хэргүүдийн талаар дэлхий нийтэд дуулгар болно гэдгээ Масуд Пезешкиан ард түмэндээ амалжээ.
Пезешкиан "Вашингтонтой би хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан боловч тэд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бичгээр байгуулсан гэрээг хэрхэн зөрчсөнийг бүх дэлхий харсан. Улс орнуудыг хүч хэрэглэн буулгаж авч чадахгүй. Газа, Палестин, Сири, Йемен, Иран болон бусад газарт юу болж байгаад дэлхий даяарх хүмүүсийн нүд харж байгаа. Дайснууд Ираны ард түмнийг буулгаж авахын тулд бүх гарц, замуудыг хааж байна. Тэд цэргийн хүчээр зорилгодоо хүрч чадаагүй тул өөр сувгаар ажиллахыг оролдож байна. Тэд хуурай зам, агаарын замыг хааж, дотоодын хагарал бутралыг өдөөж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон үндэстний бүлгүүдийг ашиглаж, биднийг дотроос нь сулруулж, эзлэж авахыг хичээж байна" гэв.
АНУ-аас НҮБ-д суугаа элч Майк Уолтс хэлэхдээ, ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн зэвсгийн эсрэг тууштай зогсож буйг тодотгоод хэрэв Иран чин сэтгэлээсээ гэмшвэл хэлэлцээрийн ширээнд эргэж суух боломж нээлттэй болохыг ярьсан байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Ираны бүх агаарын тээврийн компаниудын үйл ажиллагааг дэлхий даяар зогсооно гэж мэдэгдсэн байна. Түүний эл мэдэгдлээс хэдхэн цагийн дараа "Iran Air" компанийн зүгээс Тегеран, Машхад, Исфахан хотоос Иракийн Нажаф хот руу хийх нислэгүүд хэвийн үргэлжилнэ гэж зарлав.
Иракийн ерөнхий сайд Али аль-Заиди АНУ-ын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, Иракийн танкеруудыг Хормузын хоолойгоор нэвтрэхийг Иран зөвшөөрөхгүй байгааг дурдаад, АНУ-Израилийн дайн эхэлснээс хойш Ирак улс $60 тэрбумын орлогоо алдсан гэж нэмж хэлэв.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.