2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 1


Удтал талцсаны эцэст Монгол Улс гадны банкныханд хаалгаа тайлж өгөхөөр болж байна. Монголд, гадны банкыг оруулж ирэх асуудал хөндөгдөх бүрт манай арилжааны банкууд айлгак тактикийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Үр дүнд нь өөрсдийнх нь цэвэр ашиг жилээд жилд нэмэгдсээр, эсрэгээрээ иргэд, аж ахуйн нэгжүүд өндөр хүүгийн дарамтад өр, зээлэндээ баригдсаар байна.
Зах зээлийн эдийн засагтай гэх ч үндсэндээ төрийн авлига, арилжааны банкуудын хүүнд нуруугаа авхуулсаар яваа бизнесийнхэнд эрх чөлөө байхгүй болсон. Хураана, нураана, торгоно, дээрэмдэнэ, булаана гэж ярьдаг МАН-ын бодлогоос тэс өөрөөр энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал худлаа, үнэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, “Чөлөөлье” гэж дуугарах болсон яамай. Энэ хүрээнд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан нь эдийн засгийнханд эерэг хүлээлт дагууллаа.
Гэвчиг, эцсийн шийдвэрийг нь УИХ гаргана. Манай парламентад гадаадын банк оруулж ирэх нь зээлийн хүү бууруулж, улмаар эдийн засгийг тэлэх эерэг нөлөөтэй гэж харахаасаа илүү арилжааны банкуудын лоббид үйлчилдэг гишүүд цөөнгүй.
Дэлхий дээр гадны банкинд "хаалттай" цөөн хэдэн улс бий нь бий, Иран, Хойд Солонгос, Куба, Монгол... гэх зэрэг. Өндөр хөгжилтэй бүх л улс орнууд гадаадын банкуудад үүд хаалгаа цэлийтэл нээсэн. Тэглээ гээд тэд үндэсний аюулгүй байдлаа алдчихсан юм алга л байна.
Эдийн засгийн нөлөөллийн хувьд гадаадын банк Монголд орж ирснээр эдийн засаг тэлнэ, хөрөнгө оруулалт сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, иргэдийн амьжиргааны төвшин сайжирна. Үнэндээ Монголын арилжааны банкууд томоохон ломбардны төвшинд үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр цэмцгэр “мөнгө хүүлэгчид” болж хувирсан гэхэд буруудахгүй. Монголд банкны салбарынхны цэвэр ашиг жилээс жилд өссөөр байгаа нь үүний нэг нотолгоо юм.
МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ!
Засгийн газар нь, Ерөнхий сайд нь гадаадынхныг ийн урьж зогсоно. Гэхдээ үе, үеийн Ерөнхий сайд нар амаараа ингэж хэлдэг ч ачир дээрээ бодлогоороо боомилдог. Тиймээс Н.Учралын ам, ажил хэр зөрчилдөхийг ирэх цаг хугацаа л харуулна, нотолно.
Н.Учралын гол реформ нь нэгд, банк санхүүгийн салбарын хаалгаа олон улсын хөрөнгө оруулагчдад нээж өгөх, хоёрт, бизнест үзүүлэх төрийн дарамтыг хуулийн хүрээнд хязгаарлах юм. Ердөө жилийн өмнө өмч хөрөнгөө булаалгаж мэдэхээр дарамтад явсан Монголын бизнес эрхлэгчдэд энэ нь эерэг хүлээлт хэдийнэ үүсгэсэн.
Ерөнхий сайдын хэлснээр БНСУ-ын хоёр банк болон Унгарын "OTP Bank" Монголд салбараа нээх санал хүргүүлжээ. Гадаадын төрийн өмчит банк биш л бол Монгол Улс аль ч улсын арилжааны банкуудад хаалга чөлөөтэй нээж өгөх цаг болсон.
Монголд бизнес эрхлэнэ гэдэг экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлдэгчлэн амаргүй. Бас өндөр хүүтэй зээл авч, бизнес эрхлэх нь ёстой л "мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж (Л.Оюун-Эрдэнийн уянгын халилаас)" өгдөг.
Ашгийн түвшин нь зээлийн хүүгээсээ бага байгаа нөхцөлд ямар ч бизнес өргөжин тэлж чадахгүй. Энэ нь эдийн засгийн идэвхжилийг сааруулж, ажилтныхаа цалин урамшууллыг нэмэх, ажлын байраа өргөжүүлж, томруулахад гол саад болдог. Бизнесийнхэн өндөр хүүгийн дарамт, төрийн хүнд сурталыг бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээнэ. Эцэст нь энэ бүх зардлыг эцсийн хэрэглэгч буюу иргэд бид төлдөг. Инфляц бол иргэдийн халаасыг сэгсэрч, банкныхан болон баячуудын халаасыг зузаатгадаг. Зээлийн хүү нь үндсэн зээлээсээ давж гардаг энэ тогтолцоо нь иргэдийг насан туршийн "зээлийн боол" болгох эрсдэлтэй. Өнөөдөр авсан өндөр хүүтэй зээл нь ирээдүйн орлогыг урьдчилан сорж байгаа хэрэг. Энэ нь гэр бүлийн хэрэглээ, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд зарцуулах мөнгийг банкны хүүнд "бэлэглэж" байна гэсэн үг.
Одоогоор Монголын банкны салбарт өндөр хүүтэй, төвлөрсөн зах зээл давамгайлж байна. Гадаадын томоохон банкууд орж ирснээр нэгдүгээрт, санхүүжилтийн өртгийг бууруулж, зээлийн хүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг бодитойгоор өдөөх юм. Хоёрдугаарт, зээлийн эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн удирдлага, үйлчилгээний соёлын хувьд олон улсын жишиг нэвтэрч, дотоодын банкуудыг бүтцийн шинэчлэл хийхэд хүргэнэ.
Гуравдугаарт, БНСУ болон Европын холбооны банкууд зах зээлд нэвтрэх нь Монгол Улсын эдийн засгийн нээлттэй байдал, эрх зүйн тогтвортой байдалд олон улсын хөрөнгө оруулагчид итгэх итгэлийг эрс нэмэгдүүлнэ.
ЗГ: БИЗНЕСЭЭС САВАРАА ТАТ
Монголын төр төрийнхнөөсөө энэ удаад “бизнесээс савараа” тат гэж шаардаж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд төрийн байгууллагуудын давхардал, зөвшөөрлийн хэт олон шат дамжлага нь эдийн засгийн хамгийн том татварын бус дарамт байсаар ирсэн нь гүтгэлэг биш. Энэхүү хуулийн төсөл нь төрийн хяналт шалгалтыг цэгцэлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дур зоргоороо оролцохыг хориглож буй нь хувийн хэвшлийн бизнесээ урьдчилж төлөвлөхөд дэмжлэг болно. Нөгөө талдаа төр бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох оролцоогоо хуулиар хязгаарлаж чадвал хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрчимжиж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн төрөлжилт хийгдэх таатай нөхцөл бүрдэнэ.
Гадаадын банкууд орж ирэх нь санхүүгийн салбарын "цус сэлбэлт" болох бол бизнесийг төрийн авлига, хүнд сурталаас чөлөөлснөөр далд эдийн засаг багасна. Гэхдээ бизнесийн эрх чөлөөний тухай хууль батлахдаа төрийн албан хаагчдын бүх түвшинд энэхүү хуулийг мөрдүүлэх нь чухал юм.
Ийнхүү Монгол Улс "банкны нээлттэй хаалга" болон "бизнесийн эрх чөлөө" гэсэн хоёр тулгуурт бодлогоор эдийн засгаа эрүүлжүүлэх гэж байна. Энэ нь эдийн засгийн монополь байдлыг задалж, өрсөлдөөнийг дэмжих, улмаар хөрөнгө оруулалтын орчныг олон улсын жишигт ойртуулах чухал алхам гэж Засгийн газар хуулийн төслийн ач холбогдолоо тайлбарлаж сууна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 1