

ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн сүүлчийн өдөр Украины зүгээс Москва хот болон Оросын бусад бүс нутгууд руу зуу зуун дрон илгээж, дөрөв гаруй жил үргэлжилж буй энэхүү өргөн хүрээний дайнд анх удаа баллистик пуужин ашигласан томоохон довтолгоог хийлээ.
Оросын эрх баригчдын мэдээлснээр уг халдлагын улмаас дор хаяж хоёр хүн амь үрэгдэж, газрын тос боловсруулах бас нэг үйлдвэр гэмтсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг халдлагад Оросын "эрчим хүчний гол байгууламжуудын нэг" өртсөнийг баталжээ.
Зеленский мэдэгдэхдээ, халдлагад Украинд дотооддоо үйлдвэрлэсэн ойрын тусгалтай "Пеликан" баллистик пуужинг ашигласан гэв. Тус пуужин нь ойролцоогоор 350 км тусгалтай тул Москвад шууд хүрэх боломжгүй боловч цохилтын цогц ажиллагааны нэг хэсэг болгон ашиглагдсан байна.
Баллистик пуужин нь агаар дахь сүүлчийн шатандаа дууны хурднаас хэд дахин хурдан ниссэнээр устган замаас нь зайлуулахад туйлын хүндрэлтэй байдаг. Түүнчлэн Москва руу цохилт өгөхдөө алсын тусгалт "Фламинго" (Flamingo) алавчтай пуужин болон дронуудыг хамтад нь ашигласан болохоо мэдээлэв. Баллистик пуужин гэдэг нь маш өндөрт (сансрын захад дөхөж) гараад, эргээд бай болон ирэхдээ дууны хурднаас хэд дахин хурдан доошилдог. Тиймээс Оросын агаараас хамгаалах системд үүнийг амжиж устгах хугацаа огт олддоггүй, туйлын аюултай байдаг. Пеликан нь 350 км орчим тусгалтай тул Москва руу шууд хүрээгүй ч Оросын эдийн засгийн чухал объектуудыг сүйтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Энэхүү үйл явдал яагаад ийм онцгой чухал вэ гэвэл АНУ болон өрнөдийн орнууд өөрсдийн өгсөн алсын тусгалт пуужингаар Оросын гүн рүү цохилт өгөхийг хориглодог байсан. Харин Украин өөрсдөө "Пеликан", "Фламинго" зэрэг пуужинг үйлдвэрлэснээр Оросын гүн рүү бие даан цохилт өгөх чадамжтай болсноо харууллаа. Баллистик пуужингийн довтолгоо Оросын агаараас хамгаалах системд том цохилт болов.
Амбан захирагч Андрей Воробьевын мэдээлснээр халдлагын үеэр 44 настай эмэгтэй болон настан эрэгтэй гэсэн хоёр хүн амь үрэгдэж, дрон 21 давхар орон сууцны барилга дээр унасны улмаас гал гарч, 400 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Мөн Москвагийн Капотня дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг хэсэг цохилтод өртөж зарим гэмтэл авсан бөгөөд онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байна.Украин сүүлийн саруудад Оросын цэргийн санхүүжилтийн гол эх үүсвэр болсон эрчим хүчний дэд бүтцүүдэд алсын тусгалт дроноор цохилт өгөх ажиллагаагаа эрс идэвхжүүлээд байгаа юм.
Үндсэндээ, Москва шиг хамгийн сайн хамгаалалттай хотод хэдэн зуун дрон ба пуужин зэрэг цөмрөн орж ирсэн нь Оросын агаарын хамгаалалт ачааллаа дийлэхгүй байгааг харуулав.
Нөгөөтэйгүүр Кремльд сэтгэл зүйн дарамт үзүүлж байна. Дайны гал түймэр зөвхөн Украины нутагт биш, Москвагийн иргэдийн цонхны цаана аль хэдийн ирснийг энэ явдал санууллаа.
Москва хотын мөнхийн дарга Сергей Собянин хэлэхдээ, агаарын довтолгооноос хамгаалах системүүд нийт 1600 гаруй дроныг саатуулсны 450 орчим нь Москваг чиглэж байсан гэжээ. Тэрбээр энэхүү довтолгоог Оросын гурав хоног үргэлжилж буй сонгуулийн ажиллагааг тасалдуулах зорилготой "урьд өмнө байгаагүй халдлага" хэмээн буруутгасан байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.