

The Mainichi (2026-09-28)
ТОКИО (Кёодо) — Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Ням гаригаас эхлэн дөрөв хоногийн хугацаатайгаар Япон улсад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай уулзахаар болсныг Японы Засгийн газраас мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учралын энэхүү айлчлал нь эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг ижил үнэт зүйл, зарчимтай бүс нутгийн "чухал түнш" болох Япон, Монголын хоорондын "Энх тайван, цэцэглэн хөгжилтийн төлөөх стратегийн түншлэл"-ийг цаашид улам бэхжүүлнэ гэж хүлээж байгааг Засгийн газраас Баасан гаригт гаргасан хэвлэлийн мэдээнд дурджээ.
Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр Мягмар гаригт товлогдсон тус уулзалтын үеэр С.Такаичи, Н.Учрал нар татварын тухай гэрээ болон иений хөнгөлөлттэй зээлээр Чингис хаан олон улсын нисэх буудлыг өргөтгөх асуудлаар санал солилцох төлөвтэй байна.
Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Бээжингийн цэргийн нөлөө нэмэгдэж, мөн 2022 оноос хойш Орос улс Украин руу бүрэн хэмжээгээр цөмрөн орсон зэрэг геополитикийн нөхцөл байдал хурцдаж буй энэ үед Япон улс Хятад, Орос хоёр гүрний дунд орших далайд гарцгүй Монгол Улстай харилцаагаа идэвхтэй хөгжүүлсээр байна.
Түүнчлэн Улаанбаатар нь Токиотой дипломат харилцаагүй Пёнъянтай найрамдалт харилцаагаа хадгалж ирсэн тул Монгол Улс 1970 болон 1980-аад онд Хойд Солонгост барьцаалагдсан Японы иргэдийн асуудлаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.