НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Mining Week 2026: Алтайн нурууны ар говийг ашиглах цаг болжээ!
АНАЛИЗ

Mining Week 2026: Алтайн нурууны ар говийг ашиглах цаг болжээ!

11 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголын уул уурхайн дараагийн том боломж хаана байна вэ? Яг энэ асуултад геологичид хариулт өгсөн нь: Алтайн нурууны арын говь.

Алтайн нурууны ар говийг Монголын ирээдүйн эдийн засгийн гол тулгуур бүс болно гэж уул уурхайнхан үзэж байгаа аж. Энэхүү яриа өнгөрсөн долоо хоногт болсон "Mining Week-2026" чуулга уулзалтаар хөндөгдсөн агаад Монголын баруун бүс нутаг, Алтайн нурууны ар говь буюу Сэргэсэн уулсын их мужийг зоригтой судлах ёстойг геологич, судлаач Б.Дэлгэрцогт тодотгосон юм.

Алтайн ар говийг өмнө нь судалж байсан геологийн зураглал ч байдаг гэнэ. Мөн ашигт малтмалын тодорхой илрэлүүд, ордууд ч тогтоогдсон байна. Гэхдээ нарийвчилсан хайгуул хийж байж, шинэ орд газар илрүүлнэ, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэлээ.

Алтайн ар говийн бүс нутаг нь Төв Азийн атираат бүсийн уулзвар дагуу байрладаг учраас зэс, алт, газрын ховор ба ховор шороон элемент, төмрийн хүдэр, полиметалл болон нүүрс, уран зэрэг эрдэс баялгийн гол нөөц бүсэд тооцогдож байна.

Тухайлбал алтны хүдэржилт гэхэд Алтайн ар говь, Баянхонгор, Говь-Алтай, Завханы өмнөд хэсгийн бүс нутгуудад өргөн тархжээ. Говь-Алтай, Баянхонгорын говийн бүсэд байрлах төмрийн хүдрийн ордууд нь металлургийн салбарт эдийн засгийн чухал ач холбогдолтой гэнэ.

Эрдэс баялгийн эрэл хайгуул хийнэ гэдэг юу, юугүй газар сэндчээд, хөрсөн доорх гулууз, гулууз алт, мөнгө, зэсийг ухаад авчих юм шиг муйхар ойлголтод монголчууд автагдсан.

Гэсэн мөртлөө уул уурхайн буянаар цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөтэйгөө залгадаг. Уул уурхайн салбар Монголын ДНБ-ийн 30%, нийт экспортын орлогын 90-93%, улсын төсвийн 30%-ийг бүрдүүлдэг. Үндсэндээ улсын төсөвт орж ирж буй гурван төгрөг болгоны нэгийг уул уурхайн салбар өгдөг гэсэн үг.

Уул уурхайн салбарыг харлуулж эсэргүүцэхээс илүүтэй хариуцлагатай, ил тод, байгаль экологид ээлтэйгээр ашиглах тухай ярих цаг болсон. Алийн болгон ганц хоёрхон ордоо тойроод, тогоотой хоол руугаа нулимж амьдрах билээ.

Оюутолгой, Тавантолгой зэрэг хоёр гурван том ордыг тойрон монголчууд дээрээ ч, доороо ч олон жил “зодолдож” ирсэн. Энэ хэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол эрсдэл өндөртэй орон болж хувирсан. Тэгэхээр цаашид Монгол Улс эдийн засгаа тэлье гэвэл ашигт малтмалын эрэл хайгуулыг эрчимжүүлж, баялгийн нөөцөө шинэчлэн тогтоох, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой болж байна.

Ашигт малтмалын хайгуулыг эрчимжүүлэхийн ач холбогдол нь уул уурхайгаас хамааралтай манай улсын хувьд шинээр хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа томруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршино.

Сэргэсэн уулсын их муж нь Монголын газрын тосны гол нөөц бүс аж. Тосон бумбын нуруунд ч газрын тосны нөөц багагүй бийг геологичид ярилаа.

Гэхдээ ашигт малтмалын эрэл хайгуул хийхэд хамгийн багадаа 3-10 жил зарцуулагддаг болохыг ч "Mining Week-2026" оролцогчид онцолсон юм. Мөн эрэл хайгуул хийхэд дор хаяж $1-5 сая хөрөнгө оруулалт шаардагддаг юм байна. Иймээс Монголын компаниудын хувьд хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхэд эдийн засгийн чадамж дутагддаг.

Геологи хайгуул нь эрсдэл өндөртэй учраас олон улсын хайгуулын тусгай компаниудаас хөрөнгө оруулалт татахаас аргагүйд хүрдэг аж.

Газрын доор зөвхөн хүдэр байдаг. Харин хайгуул, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, боловсруулалт, экспортын гарц гэх дөрвөн хүчин зүйлсийн үр дүнд баялаг болдог. Энэ талаарх ойлголтыг иргэдэд таниулах мэдээлэл сурталчилгаа дутагдаж буй аж.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол өдгөө ч сонирхол төрүүлсэн бүс нутаг хэвээр байгааг дуулгав. Гэвч тэдний Монголоос жийрхэх болсон шалтгаан нь улс төрийн үл ойлголцол. Засгийн газраас нь зөвшөөрөл олгосон байтал орон нутгийн эсэргүүцэл гэх том асуудалтай нүүр тулдаг. Орон нутгийнхны давхар эрх мэдэл, даабль стандарт, эсэргүүцэл, тэмцэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын гол зовлон, бэрхшээл болжээ. Орон нутгийн гэх захын иргэн комапнийн кэмп дээр ирж, хэл амаар доромжлох нь хэвийн үзэгдэл болсон байна. Хот, нийслэлээс ч дуудлагын шантаажчид очиж, дарамт шахалт үзүүлдэг. Очсон зардал мөнгөө ч бараг нэхдэг бололтой юм даг уу даа.

Дэлхийн зах зээлд бүх төрлийн эрдэс баялгийн үнэ өссөөр байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт татах шинэ төслүүд хэрэгтэй байгааг ч чуулга уулзалтын оролцогчид хэлж байна.

Аж үйлдвэр, уул уурхайн яамны мэргэжилтний өгсөн мэдээллээс сонсоход ашиглалтын зөвшөөрөлтэй 1700 төсөл хөрөнгө оруулагч хүлээж байгаа гэнэ. Нөгөө талдаа нөөц нь судлагдаагүй ч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах ордуудыг ч танилцуулав.

Баян-Өлгий аймагт орших Бор хагийн болон Тэмээнчулуутын ордод нарийвчилсан хайгуул хэрэгтэй байгааг онцоллоо. Тэмээн чулуутын орд нь Монгол Алтайн баруун өмнөд салбар уулсын бүс нутагт байрладаг зэс, алтны нөөцтэйй. Хайгуулын батлагдсан судалгаагаар 2.5-5.0 сая тонн хүдрийн таамаг нөөцтэй, ашиглалтын лицензгүй орд аж.

Харин Бор хагийн ордын үндсэн ашигт малтмал нь зэс бөгөөд дагалдах болон холимог металлын эрдэсжилттэй. Энэхүү ордод 15 жилийн өмнө буюу 2010-2011 онд хайгуулын нарийвчилсан ажил хийж байжээ. Өмнө нь MV-016997 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй орд аж. Эрдэс баялгийн зөвлөлмйн бүртгэж авсан, анхны хайгуулын судалгаагаар 1.5-2 сая тонн зэсийн хүдрийн нөөцтэй юм байна.

Хайгуул хийх, орд ашиглах, зам тавих, үйлдвэр барих зэрэг ажилд зөвшөөрөл, зохицуулалт олон шат, дамжлагатай. Тэр тусмаа орон нутгийнхны эсэргүүцэл, шаардлага нэмэгдээд ирэхээр хөрөнгө оруулалт удааширч, төсөл хэдэн жилээр ч сунжрах тохиолдол гардаг. Энэ л хөрөнгө оруулагчдын Монголд орж ирэхээс болгоомжилж буй бас нэг эрсдэлт шалтгаан болж байгааг "Mining Week-2026" чуулга уулзалтын үеэр уул уурхайнхан нуусангүй.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан албан ёсны баримт бичигт дурдсанаар БНХАУ 2027 болон 2028 онд АНУ-аас жил бүр багадаа 10 сая тонн нүүрс худалдан авахаар амлалт өгчээ. Энэ нь хоёр улсын хоорондох худалдааны зөрчлийг намжаах чиглэлд хийгдсэн томоохон алхам юм.

Sep 29, 2026

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ