

10-р сарын инфляц 13.4%-д хүрсэнийг Үндэсний статистикийн хороо Баасан гаригт зарлалаа. Өнгөрсөн 7-р сард 13%-д хүрээд эргээд бага зэрэг буураад байсан хэрэглээний үнийн индекс ийнхүү эргэн нэмэгдлээ.
Энэ жилийн турш инфляцийг өдөөж байгаа хоёр гол бараа, бүтээгдэхүүн нь мах, шатахууны үнэ болж байна. Энэ удаад ч мөн энэ хоёр бараа, бүтээгдэхүүнд 6.8 нэгж хувь ногджээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляц 13.4%-тай гарахад 4 нэгж хувийг махны үнэ, 2.8 нэгж хувийг бензин түлш, 2.1 нэгж хувийг импортын барааны үнэ, 4.4 нэгж хувийг дотоодын барааны үнэ бүрдүүлжээ. Ялангуяа мах, шатахуун, импортын барааны үнийн нөлөө өмнөх оны мөн үеэс эрс эрчимжжээ. Монголчуудын гол хэрэглээ болсон АИ-92 автобензиний үнэ өнгөрсөн 10-р сард 3446 төгрөг болж, 1056 төгрөгөөр буюу 33%-иар нэмэгдлээ. Харин үхрийн цул нэг кг махны үнэ 41.7%-иар өсөөд байна. 7-р сарын 13%-ийн инфляц дотоодын махны нийлүүлэлтээс үүдэлтэй байсан бол энэ удаагийн инфляцид олон улсын зах зээлийн нөхцөл байдлаас үүдэлтэй шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
13.4% гэдэг нь Төвбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм.
Засгийн газар ахмадуудын цалинг 11-р сараас суурь тэтгэвэртэй болгож, 413 мянган ахмадад өмнө авч байсан тэтгэвэр дээр 100-300 мянган төгрөг нэмсэн. Он гараад тэтгэврийг 10%, ирэх 4-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг мөн 10%-иар нэмэх гэж байгаа. Гэвч эдгээр нэмэгдэл инфляцын ийм түвшинд бодит нэмэр болохгүй, нэг нь нэмсэн нэртэй, нөгөө нь нэмэгдэл авсан нэртэй үлдэх нь.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.