НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ 364, Монгол 356 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэсэн
АНАЛИЗ

Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд ЕАЭЗХ 364, Монгол 356 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэсэн

13 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Өнгөрсөн 7-р сарын 22-ноос Монгол Улс болон ЕАЭЗХ хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн.

Энэ хэлэлцээр нь эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагааны чиглэлээр хийсэн Монголын хоёр дахь хэлэлцээр юм. Үүнээс өмнө Япон улстай 2015 онд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж байсан. Гурав дахь хэлэлцээрийг БНСУ-тай байгуулахаар зэхэж байна.

ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээр нь Монголын бизнес эрхлэгчдэд тус холбооны гишүүн таван орны, тухайлбал, ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армяны 190 сая хэрэглэгчтэй зах зээлийг нээж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 10-р сарын 24-26-ны хооронд Беларусь улсад хийсэн айлчлалын хүрээнд зохион байгуулсан хоёр орны бизнес эрхлэгчдийн форумын үеэр Беларусийн талаас 200 гаруй компани Монголын зах зээлийг сонирхож, оролцсон бөгөөд энэхүү хамтын ажиллагааны суурь нь ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээр юм.

Хэлэлцээрийн хүрээнд талууд харилцан 367 нэр төрлийн барааны тарифын хөнгөлөлт эдэлнэ. ЕАЭЗХ-ны зүгээс 364 нэр төрлийн барааны гаалийн татварыг тэглэж, 3-ынх нь татварыг бууруулсан бол Монгол Улс 356 төрлийн барааны гаалийн татварыг тэглэж, 11 төрлийн барааны татварын хэмжээг бууруулсан.

Ингэснээр уг хэлэлцээр хоёр талын зах зээлд харилцан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, зах зээлд нэвтрэх илүү таатай нөхцөлийг бүрдүүлж, бизнес эрхлэгчдэд нэмэлт боломжуудыг бий болгож байна.

Худалдааны түр хэлэлцээр нь Монголын эдийн засгийн уламжлалт салбар болох мал аж ахуй, мах, сүүний үйлдвэрлэл, ноос, ноолуур болон нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтой, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын зах зээлд нийлүүлэлтээ өргөжүүлэх ихээхэн нөөц бололцоотой.

Тарифын хөнгөлөлт эдлэх барааны жагсаалтад мах, махан бүтээгдэхүүний зарим төрөл, сүүн бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, хувцас, ноос, ноолуур, түүнчлэн хөдөө аж ахуйн зарим төрлийн бүтээгдэхүүн, ундаанаас гадна жонш зэрэг эрдэс түүхий эд багтсан.

Мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд олгож буй тарифын хөнгөлөлт онцгой анхаарал татаж байна. Мах, дайвар бүтээгдэхүүн, гэдэс дотор, желатин, боловсруулаагүй арьс ширний гаалийн татварыг бууруулах буюу тэглэх нь Монголын түүхий эдийг гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг өргөжүүлж, Холбооны гишүүн орнуудын боловсруулах үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэ нь худалдааны хэмжээг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, борлуулалтын зах зээлийг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг үе шаттайгаар өсгөх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. 

Хэлэлцээрт мөн төмс, сонгино, сармис, хатаасан жимс, улаан буудай, рапсын тос, загас, загасан бүтээгдэхүүн, согтууруулах болон  согтууруулах бус ундааны зарим төрлийг багтаажээ. Энэ нь харилцан нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн янз бүрийн салбарын аж ахуйн нэгжүүдэд бизнеийн нэмэлт боломжуудыг бий болгоход дэмжлэг болно.

Монгол Улс ОХУ-ын бүс нутгуудтай, ялангуяа Буриадын Бүгд Найрамдах Улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал чиглэл хэвээр байна. Газар зүйн хувьд ойр байршил, олон жилийн турш тогтсон худалдааны харилцаа, хөрш зах зээлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан сонирхож буй байдал нь бизнесийн түншлэлийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна.

Монголын үйлдвэрлэгчдийн хувьд энэхүү хэлэлцээр нь мах, сүүн бүтээгдэхүүн, ноолуур, ноос, нэхмэл бүтээгдэхүүний нийлүүлэлтийг ОХУ-ын хэрэглэгчдэд хүргэх, улмаар зах зээлээ өргөжүүлэх боломж юм. Харин хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хувьд түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ложистик болон худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна.

ОХУ-аас Монголд экспортолж буй бараа бүтээгдэхүүний бүтэц мөн нэлээд төрөлжсөн байдаг. Тус улсаас нийлүүлж буй барааг үндсэн найман бүлэгт ангилж болно. Үүнд, хүнсний бүтээгдэхүүн; химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн; цаас, картон болон модон материал; машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн; металл, металлаар хийсэн эдлэл; нэхмэл бүтээгдэхүүн, гутал; арьс ширний түүхий эд, арьсан  бүтээгдэхүүн; эрдэст бүтээгдэхүүн багтана.

Хүнсний бүтээгдэхүүний бүлэгт мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов, чихэр, ургамлын болон амьтны гаралтай өөх тос, ундаа, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн ордог.

Химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний бүлэгт бордоо, эм, гоо сайхны бүтээгдэхүүн, хуванцар, резинэн эдлэл, автомашины дугуй зэрэг багтана. Аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний төрөлд механик тоног төхөөрөмж, хөдөлгүүр, генератор, насос, цахилгаан аппарат хэрэгсэл, аккумлятор, тээврийн хэрэгслийн эд анги, бусад төрлийн бүтээгдэхүүн ордог.

Харилцан худалдаа нь өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна аж үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай бүтээгдэхүүнийг хамарч байна. Энэ нь эдийн засгийн харилцаа холбоог цаашид өргөжүүлэх, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлнэ.

Импортын гаалийн татварыг тодорхой төрлийн бараанд бууруулах, эсвэл тэглэх нь хөрш орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх нэмэлт боломжийг бүрдүүлдэг. Эдгээр бараанд мах, махан дайвар бүтээгдэхүүн, лаазалсан мах, йогурт, тараг, цөцгий, цөцгийн тос, бяслаг, аарц, чихэр, нарийн боов, гоймон, байгалийн зөгийн бал, тахианы өндөг, рашаан болон хийжүүлсэн ус, цай, жимс, боловсруулсан хүнсний ногооны зарим төрөл багтана.

Мөн модон материал, цаас, картон, сав баглаа боодлын бүтээгдэхүүн, барилгын материал, шугам хоолойн хаалт, төмөр замын болон нисэх онгоцны үйлдвэрлэлд зориулсан эд анги, тоног төхөөрөмжид тарифын хөнгөлөлт үйлчилнэ.

Хэлэлцээрт заасан тарифын нөхцөлийн хүрээнд жилд 5000 тонн хүртэлх гахайн мах, мөн 5000 тонн хүртэлх гахайн дайвар бүтээгдэхүүний хэмжээг тусгайлан авч үзжээ. Тарифын хөнгөлөлтийг хэрэглэх тодорхой нөхцөлийг холбогдох барааны ангилал болон хэлэлцээрийн холбогдох заалтаар тогтооно.

Монгол Улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүний бүтцийг авч үзвэл хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд, түүнчлэн нэхмэл материал болон нэхмэл эдлэл чухал байр суурь эзэлж байгааг онцлох нь зүйтэй.

2025 оны мэдээллээр Монгол Улсаас импортолсон барааны бүтцэд хүнсний бүтээгдэхүүн болон түүхий эд 72.2%, нэхмэл материал, нэхмэл эдлэл, гутал 20%-ийг тус тус эзэлж байв.

Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь 1.76, эрдэс бүтээгдэхүүн 1.4, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн 0.66, металл болон металлаар хийсэн эдлэл 0.23, арьс ширний түүхий эд болон арьс ширэн бүтээгдэхүүн 0.17, мод, целлюлоз-цаасны бүтээгдэхүүн 0.03%-ийг тус тус эзэлжээ. Бусад бараа бүтээгдэхүүний эзлэх хувь 3.5 байв.

Эдгээр үзүүлэлт худалдаанд хөдөө аж ахуйн болон нэхмэлийн салбар чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулахын зэрэгцээ Монголын экспортын бүтцийг цаашид төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийг тодорхой харуулж байна. Мах, сүү, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг өргөжүүлэх нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг тэлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Монголын ноолуур, ноосны үйлдвэрлэл онцгой их нөөц бололцоотой салбар юм. Эдгээр нь улс орны эдийн засагт уламжлал ёсоор чухал байр суурь эзэлж ирсэн бөгөөд бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх, экспортын зах зээлийн газар зүйн цар хүрээг тэлэх, Монголын үйлдвэрлэгчдийн гадаад зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болж чадна.

Тарифын хөнгөлөлт эдлэхийн тулд барааны гарал үүслийг тогтоосон журмын дагуу баталгаажуулах шаардлагатай. Холбогдох бараа нийлүүлэлтийн хувьд гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлнэ. Орос-Монголын худалдаанд ОХУ-аас Монгол Улсад экспортлох бараанд зориулсан ЕАМ маягтын гарал үүслийн гэрчилгээг ашигладаг. Харин Монголын бараа бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах журмыг холбогдох дүрэм, журмын дагуу тодорхойлно.

Тарифын хөнгөлөлт нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах хүчин төгөлдөр шаардлагыг орлохгүй бөгөөд харин тэдгээрийг дэмжих ач холбогдолтой юм. Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хэм хэмжээ, түүнчлэн техникийн зохицуулалт, тохирлын баталгаажуулалтын журмыг тогтоосон дэгийн дагуу мөрдөнө. Энэ нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, худалдаанд оролцогч талуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд шаардлагатай үндэс суурийг бүрдүүлдэг.

Хэлэлцээрийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг нь харилцан худалдааны нөхцөлийг цаашид боловсронгуй болгох боломж юм. Анх тогтоосон 3 жилийн хугацаа дууссанаас хойш нэг жилийн дотор талууд хэлэлцээрийг дахин хянаж, худалдааны үйл ажиллагааг хөнгөвчлөх журам, тарифын хөнгөлөлтийн хүрээг өргөжүүлэх, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын хувьд мах, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, нэхмэл эдлэл болон үндэсний үйлдвэрлэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг өргөжүүлэх нь онцгой ач холбогдолтой юм. Харилцан тохиролцсон барааны нэр төрлөөр гаалийн татварыг бууруулснаар аж ахуйн нэгжүүд шинэ зах зээлд нэвтрэх илүү таатай нөхцөл бүрдэж байна.

Харилцан худалдааг урт хугацаанд хөгжүүлэх нь боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, бизнесийн идэвхийг нэмэгдүүлэх, Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!