

Хормузын хоолойн дахь хөлөг онгоцнууд. Оманы Мусандам. 2026 оны 8 дугаар сарын 17.
Ойрхи Дорнодын бүс нутагт үүссэн сөргөлдөөний улмаас дэлхийн цэрэг-стратегийн болон эрчим хүчний гол зангилаа болох Хормузын хоолойн хяналтад томоохон өөрчлөлт гарч эхэллээ.
ОМАНЫ УСАН ЗАМЫН СОНГОЛТ БА ИРАНЫ АЛДАГДАЛ
АНУ тэнгисийн цэргийн хүчээрээ тус хоолойд эргүүлэг хийн давуу байдал тогтоохын хэрээр Иран далайн хяналтаа багагүй алдаж байна. Хөлөг онгоцны байршил тогтоогч болон хиймэл дагуулын өгөгдлөөр тээвэрлэлтийг хянадаг “Kpler” компанийн мэдээлснээр, сүүлийн хоёр долоо хоногт Хормузын хоолойгоор дамжин өнгөрсөн тээврийн хөлөг онгоцнуудын 80 хувь нь Оманы замаар явжээ. Энэ нь НҮБ-аас зөвшөөрөгдсөн усан тээврийн суваг бөгөөд Ираны тал үүнийг эрс эсэргүүцдэг юм.
Иран уг хоолойг өөрийн хяналтад байгаа гэж зарлан, өнгөрсөн хугацаанд Оманы хойд эргээр дамжин өнгөрөхийг оролдсон олон арван хөлөг онгоц руу халдаж байв. Гэсэн хэдий ч ихэнх хөлөг онгоц сүүлийн үед Ираны шаардлагыг зөрчин, АНУ-ын тэнгисийн цэргийн хамгаалалтад найдан хоолойг нэвтрэх болжээ.
“Kpler” компанийн шинжээч Хомаюн Фалакшахи “Иран уг хоолойн хяналтаа хэсэгчлэн алдсан нь улам бүр тодорхой харагдаж байна” гэж онцолсон юм. Сарын өмнө Оманы замаар ямар ч тээвэрлэлт хийгдэхгүй байсантай харьцуулахад энэ нь нөхцөл байдал эрс өөрчлөгдснийг харуулж байна. Ираны санал болгодог замаар тээвэрлэлт хийх нь эрс цөөрснөөр тус улс хөлөг онгоцнуудаас авдаг хураамж, татвараа алдахад хүрээд байна.
НУУЦЛАГ ТЭЭВЭРЛЭЛТ БА НЕФТИЙН УРСГАЛ
“Pickering Energy Partners” компанийг үүсгэн байгуулагч Дан Пикеринг “Ойрхи Дорнодын ихэнх улс Ираны татвар авах хүсэлтийг зөвшөөрөхгүй байгаа тул Оманы замаар явах нь хамгийн бодит сонголт болсон” гэж тайлбарлав.
“Lipow Oil Associates” компанийн ерөнхийлөгч Энди Липоугийн мэдээлснээр Кувейт, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд Хормузын хоолойгоор аюулгүй гарахын тулд тусгай танкерууд ашиглаж, аюултай бүсээс гадуур буюу Оманы буланд харилцагчдынхаа танкер руу тосоо шилжүүлэн ачиж байна гэв. Ираны халдлагаас зайлсхийхийн тулд тэд байршил тогтоогч төхөөрөмжөө унтраан хэдэн долоо хоногийн турш “сураг тасардаг” бөгөөд ийм нууцлаг тээвэрлэлтийг зөвхөн хиймэл дагуулаас л хянах боломжтой аж.
АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт мэдээлснээр, хоолойгоор дамжин өнгөрч буй нефтийн тээвэрлэлт сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 15 сая баррельд хүрсэн нь дайны өмнөх 20 сая баррелийн дундажтай нэлээд ойртож иржээ.
СӨРГӨЛДӨӨНИЙ ЦААШДЫН ТӨЛӨВ
Энэхүү тоо баримтад үндэслэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ хоолойг бүрэн хяналтандаа авлаа” гэж мэдэгдсэн. Гэвч Ираны тасралтгүй халдлага болон нефтийн урсгал дайны өмнөх түвшинд бүрэн хүрээгүй байгаа нь АНУ тус бүсийг бүрэн хянаж чадаагүйг харуулна. Гэсэн хэдий ч Ираны айлган сүрдүүлэх замаар хяналтаа тогтоох гэсэн оролдлого болон татвар авах боломж нь өмнөх саруудтай харьцуулахад эрс суларсан нь бодит үнэн юм.
Нөхцөл байдлыг улам бүр нарийн төвөгтэй болгож буй нэг зүйл бол Оман болон Иран улсууд АНУ-ын оролцоогүйгээр хоолойн усан замын тээврийг сэргээх талаар хэлэлцээ хийж байгаа явдал юм. Энэхүү яриа хэлэлцээ нефтийн тээвэрлэлт болон усан замын цаашдын хяналтад хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 18
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 19
2026 оны 8-р сарын 18