

Мальтын далбаатай дунд оврын танкер болох "Agioi Fanendes" хөлөг Истанбул хотын Босфорын хоолойд. 2024 оны 4 сар.
2022 оны хоёрдугаар сард Орос улс Украин руу халдан түрэмгийлэхэд АНУ болон түүний холбоотнуудын хариу арга хэмжээ маш шуурхай бөгөөд хатуу байсан юм. Өрнөдийн орнууд Кремлийн сан хөмрөгийг хоослох зорилгоор Оросын импортыг хориглож, төлбөр тооцооны системээс нь таслан, газрын тосны борлуулалтад үнийн дээд хязгаар тогтоох зэргээр эдийн засгийн хүчтэй дайралт хийсэн билээ.
CNN (2026-11-08)
Авчиг 2026 онд Мальтын далбаатай "Agioi Fanendes" танкер хөлөг 300 мянган баррель Оросын дизель түлш тээвэрлэн АНУ-ыг чиглэн явж байгаа нь Вашингтон Москвад хандах байр сууриа бүрэн өөрчилснийг бэлхнээ харуулж байна.
Украинд дайн үргэлжилж байгаа хэдий ч АНУ-ын удирдагч Дональд Трамп Кермльд тавьсан хориг арга хэмжээг хөнгөлөх, В.Путинтэй бизнесийн хэлцэл хийхэд бэлэн байгаа нь Оросыг олон улсаас тусгаарлагдсан орны статусаас гаргахад хүрч байна. Түүний эл үйлдэл нь Путиний түрэмгийллийн эсрэг Оросын эдийн засгийг тусгаарлах гэсэн АНУ болон түүний холбоотнуудын олон жилийн хүчин чармайлтыг үнэгүйдүүлж буй юм.
2022 оны эхээр Вашингтоны Засгийн газар төдийгүй хувийн хэвшлийнхний дунд ч Оросын газрын тосны ганц ч дуслыг АНУ-ын нутаг дэвсгэрт оруулахгүй гэсэн маш хатуу байр суурь давамгайлж байсан" талаар тухайн үед Оросын эсрэг хориг арга хэмжээ авах ажилд Сангийн яамны нарийн бичгийн даргын туслахын хувиар гар бие оролцож байсан Бен Харрис өгүүлэв.
Өдгөө Брукингсийн институтийн дэд ерөнхийлөгч бөгөөд Эдийн засгийн судалгааны захирлаар ажиллаж буй тэрбээр Трампын үйлдэл Оросын дайныг зогсоох арга зам болж чадахгүй байгааг шүүмжилжээ.
CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Бен Харрис Трампын сүүлийн үеийн алхмуудад сэтгэл гонсойж буйгаа нуугаагүй байна.

Нью-Жерси мужийн Байонн хотод ШТС-ын ажилтан ачааны автомашиныг дизель түлшээр цэнэглэж байна. 2026 оны аравдугаар сарын 16-ны өдөр.
Оросоос дизель түлш худалдаж авах Трампын шийдвэр Конгрессын завсрын сонгуулийн өмнөхөн гарсан юм. Ираны дайнаас өмнө АНУ-ын хэмжээнд нэг галлон нь $3.76 байсан дизель түлшний үнэ түүхэндээ анх удаа $6 давж өссөн.
Гэсэн хэдий ч Трампын түлшний үнийг бууруулах бодлого завсрын сонгуульд нөлөөлсөнгүй. Мөн шатахууны үнийг бууруулахад дорвитой алхам ч болж чадахгүй аж. Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр, "Agioi Fanendes" хөлөг дээрх түлшний хэмжээ нь зөвхөн АНУ-ын тээврийн салбарын нэг өдрийн хэрэглээний ердөө 10%-тай тэнцэж байна. Трампын төлөвлөгөөний дагуу Оросын 2.2 сая баррель түлшийг бүхэлд нь импортолсон ч энэ нь Америкийн нэг өдрийн хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй юм.
ОХУ ТУСГААРЛАГДСАН УЛС БАЙХАА БОЛИХ УУ?
Украинд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаагүй, Оросын түрэмгийллийг зогсоох ямар нэгэн тодорхой шаардлага тавигдаагүй байхад Орос-АНУ-ын дата төвийн төслүүдээс эхлээд Арктик дахь шингэрүүлсэн байгалийн хийн хамтарсан үйлдвэрүүд хүртэлх бизнесийн боломжит хэлцлүүд яригдаж байна.
АНУ-ын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн консорциумын удирдаж буй Оросын газрын тосны томоохон компани болох "Лукойл"-ын олон улсын хөрөнгийг худалдаж авах хэлцэл ирэх долоо хоногуудад хийх төлөвтэй байгааг Ройтерс агентлаг мэдээлсэн.
Ардчилсан нам хяналтаа тогтоосон Конгресс АНУ-ын Оростой хийж буй одоогийн болон ирээдүйн хэлцлүүдэд хэрхэн нөлөөлж чадах нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч Трамп хориг тавих эрхтэй хэвээр байгаа бөгөөд үүнийгээ гадаад бодлогод өөрийн эрх мэдлийг бататгахад ашиглаж магадгүй юм.
Завсрын сонгуулийн өмнө Трампын засаг захиргаа болон Кремль нь Оросын олон тэрбум долларын үндэсний баялгийн санд тавьсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах боломжийг хэлэлцсэн байна. Байдены засаг захиргаа Оросыг Украинд бүрэн хэмжээгээр халдаж эхэлсний дараа тус санг Путин болон түүний хүрээллийнхний мөнгө угаах ил тод сан гэж зарлан хориг тавьж байсан юм.
АНУ-ын нэгэн албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт "АНУ-Оросын харилцааг сайжруулах, дайныг зогсоох зорилгоор тус сангийн хоригийг хөнгөлөх асуудлыг ярихаар болсон” гэжээ.
Трамп Путинд буулт хийх болсны нэг илрэл нь тэрбээр өнгөрсөн сард Оросын чулуужсан түлшний борлуулалттай холбоотой хоригийг цуцалсан агаад энэ нь хоёр намын зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулсан билээ.
Уг хориг арга хэмжээг Грэмийн хуульд тусгасан байсан юм. Хэрэв Грэмийн хууль хэрэгжсэн бол Оросын түүхий газрын тос эсвэл хий импортлогч хамгийн том таван улсад, тэр дундаа Энэтхэгт тариф ногдуулах байсан билээ.
ХУДАЛДАН АВАГЧИД БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ
Гэсэн хэдий ч "Agioi Fanendes" хөлөг АНУ-ын эрэгт хүрч чадах эсэх нь бас тодорхойгүй хэвээр байна. Оросын дизель түлш тээвэрлэж байсан, хоригт орсон өөр хоёр танкер АНУ-ын худалдан авагчид хууль эрх зүйн үр дагавраас болгоомжилсны улмаас замаа өөрчилсөн байх магадлалтай гэж "Kpler" компанийн түүхий эдийн судалгааны захирал Мэтт Смит хэлэв.
Тэрбээр CNN агентлагт өгсөн ярилцлагадаа ""Agioi Fanendes" Вашингтоныг чиглэж явж буй ч сүүлийн хэдэн өдөр хурдаа мэдэгдэхүйц сааруулсан. Ийм тодорхойгүй байдалд энэ ачааг буулгана гэсэн баталгаа байхгүй бөгөөд өмнөх хоёр ачааны нэгэн адил замаа өөрчилж магадгүй байгааг онцолжээ.
Трампын засаг захиргааны албан тушаалтан CNN-д өгсөн мэдээлэлдээ "Оросын дизель түлш далайгаар тээвэрлэгдэн зах зээл рүү чиглэж байгаа бөгөөд энэ нь америкчуудын хувьд үнийг хөнгөлөх болно" гэжээ.
Гэвч Нью-Жерси мужийн амбан захирагч, Ардчилсан намын гишүүн Мики Шеррилл тус мужийн боомт болон терминалын операторуудад Оросын дизель түлшийг импортлох нь холбооны хуулийг зөрчиж буй хийгээд иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэж болзошгүйг анхааруулаад байна.
Тэрбээр "Дональд Трамп америкчуудын эрх ашгийг хохироож, Владимир Путинийг дэмжиж байхад Нью-Жерси муж зүгээр хараад суухгүй. Тэрбээр зардлыг бууруулахын оронд Путиний Украины эсрэг хийж буй дайн болон хилийн чанад дахь АНУ-ын цэргийн албан хаагчдад аюул учруулж хүчирхийлэл, терроризмыг санхүүжүүлэхэд тусалж байна" гэжээ.
Брукингсийн институтийн Харрисын хэлснээр, хувийн хэвшлийнхэн Оросын түлшнээс хол байсаар байна.
Тэрбээр "Та Оросын дизель түлшийг худалдаж авах худалдан авагч олж чадахгүй. Эндээс харахад хувийн хэвшлийнхэн Цагаан ордноос ёс зүйн хэмжүүр өөр болох"- ыг онцолсон байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.