2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Хамгийн аз жаргалтай гэр бүлд ч хааяа ширүүн маргаан, үл ойлголцол гардаг. Геополитикийн эвсэл, холбоотнуудын харилцаа ч үүнээс ялгаагүй. Хоёр тал нэгэнт л хувь заяагаа холбож, үр хүүхдээ өсгөх, эсвэл Оросын нео-империал дарангуйлагчийн эзэрхэг түрэмгийллийг сөрөн зогсох зэрэг асар том зорилгын төлөө зүтгэж байгаа үед зарим нэг маргаан, зөрчилдөөн гарах нь гарцаагүй зүйл юм. Сүүлийн дөрвөн жилийн турш "гэр бүл" мэт нягт эв нэгдэлтэй байсан Украин болон түүний Европын түншүүдийн харилцаанд өнөөдөр "хэрүүл маргааны" үүл хуралдаж эхэллээ.
Анх удаа энэхүү зөрчил ил гарч, хоёр тал бие биедээ хатуу үг шидэлцэн, бүр "шантааж" хийлээ хэмээн харилцан буруутгаж байна. Гэсэн хэдий ч энэ бүхнийг "салалт" буюу холбоотны харилцаа тасрахын дохио гэж үзэх нь эртэдсэн хэрэг болно. Магадгүй энэ шуурганы дараа тэдний харилцаа улам ч бэхжиж мэднэ. Гэр бүлийн амьдралд ч, геополитикт ч хамгийн чанга маргаан нь бие биегүйгээрээ амьдарч чадахгүйгээ мэддэг, харилцаагаа таслах боломжгүй түншүүдийн хооронд өрнөдөг жамтай.
Гэр бүлийн хэрүүл шиг энэ бүхэн хэнээс болж эхэлсэн бэ гэдэг нь хэнээс асууж байгаагаас хамаарч өөр өөрөөр тайлбарлагдана. Гэхдээ зөрчилдөөний гол шалтгаануудыг тодорхойлоход хэцүү биш. Хамгийн гол хүчин зүйл бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тооцоолох боломжгүй, "зөнгөөрөө" явуулж буй геополитикийн тоглолт юм. Украин болон Европын орнууд Трампын гадаад бодлогын хэлбэлзэлд барьц алдаж, "шок"-д ороод байна. Үүнээс гадна Оросын газрын тосны асуудал асар том маргаан дагууллаа. Европын Холбоо Оросын түүхий эдийн импортоо эрс багасгасан ч бүрмөсөн зогсоогоогүй байгаа нь Киевийн эрх баригчдын хувьд "урвалт" мэт санагдаж байна. Үүн дээр нэмэгдээд Украины ЕХ-нд элсэх үйл явц алгуур ч гэсэн бодитой болж эхэлсэн нь Брюсселийн түшмэдийн дунд түгшүүр төрүүлж эхлэв.
АНУ-тай тогтоосон харилцаа уг нь Украин болон Европыг нэгтгэх ёстой байв. Хоёр тал хоёулаа ноён Трампын нэгэнтээ тунхаглаж байсан "дайныг 24 цагийн дотор дуусгах" хүслийг биелээсэй гэж битүүхэн хүсэж байсан. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн зөв зам нь Америкийн ерөнхийлөгч Путинд шахалт үзүүлж, хэлэлцээрийн ширээний ард суулгах явдал гэдэг дээр тэд санал нэгддэг. Гэвч бодит байдал дээр Трамп Путиний өмнө хэт буулт хиймтгий байж, энх тайвны оронд шинэ дайн самуун (Иран дахь нөхцөл байдал гэх мэт) эхлүүлж байгаа нь Нобелийн энх тайвны шагнал горилж байсан хүний хувьд ичгүүртэй хэрэг юм.
Европ болон Украины хооронд анхны ан цав нэгдүгээр сард Давосын чуулга уулзалтын үеэр гарсан. Трамп НАТО-гийн холбоотон Дани улсаас Гренландыг булаан авах гэсэн утгагүй оролдлого хийх үед Европчууд нэгдмэл байр суурьтайгаар түүнийг няцааж чадсан. Европын удирдагчид өөрсдийн дипломат ялалтадаа баярлаж байх зуур Владимир Зеленский тэднийг "Европ бол ирээдүйг хэлэлцэх дуртай ч өнөөдөр үйлдэл хийхээс зайлсхийдэг жижиг, дунд гүрнүүдийн салат" хэмээн хатуу шүүмжилсэн нь "Брут чи хүртэл үү?" (Et tu, Volodymyr?) гэх гайхшралыг төрүүлэв.
Дипломатууд энэ гомдлыг Зеленскийн зүгээс Цагаан ордонд таалагдах гэсэн оролдлого гэж зөөлрүүлэхийг хичээж байна. Европчууд дайны хөлд нэрвэгдсэн холбоотныхоо энэ мэт хатуу үгийг Трампыг өөртөө татах тактик гэж үзэн тэвчиж ирсэн. Гэвч энэ нь Брюсселийн элитүүдийн дунд ихээхэн бухимдал төрүүлжээ. Трамп Украинд үзүүлэх бүх тусламжаа зогсоож, Зеленскийг олон нийтийн өмнө байнга доромжилж байхад ЕХ 12 дугаар сард 90 тэрбум еврогийн асар том зээлийн багцыг баталсан. Оросын газрын тосны орлогыг нэмэгдүүлж буй Ойрхи Дорнод дахь хямралыг Европчууд эхлүүлээгүй. Тэд Зеленскийг анхаарлын төвд байхын тулд заримдаа "чанга" дуугарах хэрэгтэйг ойлгож байгаа ч АНУ-д үзүүлдэг шигээ хүндэтгэлийг тэдэнд бас үзүүлээсэй гэж хүсэж байна.
Саяхан гарсан эрчим хүчний маргаан талуудын харилцаа хэчнээн хэврэг байгааг илтгэв. Нэгдүгээр сард Оросын түүхий тосыг Төв Европ руу тээвэрлэдэг "Дружба" хоолойн Украин дахь хэсэгт гэмтэл гарсан. Зеленский үүнийг “Оросын хорлон сүйтгэх ажиллагаа” гэж буруутгаж, хоолойг засахаас эрс татгалзсан юм. Түүний үндэслэл нь энэ хоолойгоор дамжих тосны орлого Кремлийн дайны машиныг санхүүжүүлж байна гэх явдал байв.
Энэ нь Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг хилэгнүүлэв. Тэрээр Оросоос хямд тос үргэлжлүүлэн авахын тулд ЕХ-ны хориг арга хэмжээнээс өөрийн улсад зориулж онцгой эрх авч чадсан нэгэн юм. Сонгуулийн кампанит ажил нь эхэлсэн Орбан энэ нөхцөл байдлыг ашиглан Украины 90 тэрбум еврогийн тусламжийг гацааж орхив. Украин улс ЕХ-ны шинжээчдийг хоолойн гэмтэлтэй танилцахад ч олон долоо хоног саад болсон. Эцэст нь европчууд дурамжхан байсан ч Орбаны талд орж, Украинд өгөх тусламжийг "Дружба" хоолойг засахтай шууд холбож шахалт үзүүлэв. Үүнийг Зеленский "шантааж" гэж нэрлээд зогсохгүй, Орбаны хаягийг цэргүүддээ өгч "хатуухан сануулах" тухай тохуурхсан нь ЕХ-ны Комиссоос хатуу зэмлэл хүртэхэд хүргэсэн юм.
Энэхүү таагүй үйл явдал нь Украиныг ЕХ-нд элсүүлэх нь ямар их эрсдэлтэй вэ гэдгийг зарим гишүүн орнуудад сануулав. ЕХ-ны гишүүн орнууд 2023 онд Украинтай хэлэлцээрийг эхлүүлэхдээ энэ нь маш олон жилийн хугацаа шаардахыг мэдэж байсан. Гэвч өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын зүгээс Украиныг 2027 оны нэгдүгээр сар гэхэд "хурдавчилсан" журмаар ЕХ-ны гишүүн болгох санал гаргасан юм.
Украин энэ "богино замыг" дэмжиж байгаа нь ойлгомжтой. Энэ нь Зеленскийн хувьд нутаг дэвсгэрийн алдагдалтай байсан ч энх тайвны гэрээг ард түмэндээ "ялалт" болгон сурталчлах ганц боломж юм. Харин ЕХ-ны одоогийн гишүүд гадны хүчний шахалтаар ийм чухал шийдвэр гаргахыг хүсэхгүй байна. Украиныг "хагас гишүүнчлэл" гэх мэт зарим буулт хийх хувилбаруудыг санал болгосон ч одоогоор аль ч тал нь зөвшөөрөөгүй байна.
Аз болоход, энэ удаагийн зөрчил намжих тийшээ хандаж байна. Гуравдугаар сарын 17-нд Зеленский буулт хийж, "Дружба" хоолойг засахаар болов. Талууд саяхан гарсан үл ойлголцлыг Зеленскийн гол зөвлөх ажлаа өгсөнтэй холбоотой "харилцааны алдаа" гэж тайлбарлан өнгөрөөхийг хичээж байна.
Европын холбоотнууд Зеленскийн зөрүүд, шаргуу занг биширдэг. Чухам энэ чанар нь Украиныг дайнд бууж өгөлгүй өнөөдрийг хүртэл тэсэхэд тусалсан. Одоо тэд энэ зөрүүд зангийнх нь "амтыг" өөрсдөө мэдэрч байна. Украины ерөнхийлөгч асар их дарамт шахалт дор байгааг ойлгож, Европчууд түүний гаргасан зарим ааш авирыг уучилж байгаа бөгөөд 90 тэрбум еврогийн багц батлагдвал энэ бүхэн мартагдах болно. Одоогоор Украин, Европын хооронд гүнзгий ан цав үүсээгүй байна. Гэхдээ хэрэв хэзээ нэгэн цагт тийм зүйл тохиолдвол тэр нь яг ийм байдлаар эхлэх биз ээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19