

Орчин үед гэрийн гадаах геополитик болон гэр доторх улс төрийн тэмцэлд халуун дайнаас илүү аюултай, чимээгүй хэрнээ хөнөөлтэй "шинэ технологи" ноёрхох болсон. Дайныг зөвхөн байлдааны талбарт хийдэг үе хэдийнэ өнгөрч, иргэдийн өдөр тутмын хэрэглэдэг сошиал медиа, эдийн засгийн шийдвэр, эрчим хүчний төсөл, гадаад худалдаа, хууль эрх зүйн орчин бүгд "саарал бүс"-ийн мөргөлдөөний талбар болоод удаж байна. Ялангуяа их гүрнүүдийн дунд орших Монголын хувьд харийнхны ашигладаг хөнөөлт зэвсэг нь монгол хүн, монголчууд болж хувирсан билээ. Хамгийн том жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгжүүлсэн “Хятад цэрэг танкны” технологи. Хамгийн сүүлийн жишээ нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хэдэн сарын турш сэвж буй “казах” ажиллагаа. Өнгөцхөн харвал Баян-Өлгий аймгийнхны хоорондын зөрчил мэт боловч, хилийн чанадаас найруулсан, нарийн төлөвлөгөөтэй, санхүүжилт бүхий геополитикийн том төсөл гэж харах, хардах 4 болгоомжлол байна.
НЭГДҮГЭЭР БОЛГООМЖЛОЛ: ХУВААГААД ЗАХИР!
Монголчуудыг хагаралдуулан бутаргаж, захиран дагуулах нь их гүрнүүдийн эртний бөгөөд шалгарсан арга. Түүхэнд баруун, зүүн монголчуудын зөрчлийг ашиглан, аль хүчирхэгжсэн талынх нь эсрэг нөгөөд нь мөнгө, цэрэг, цолоор дэмжин хооронд нь тасралтгүй дайтуулах бодлогыг Мин гүрэн амжилттай хэрэгжүүлж ирсэн байдаг. Тэгвэл манжууд монголчуудыг хооронд нь талцуулах, үндэсний болон улс төрийн чадамжийг нь сулруулах хэд хэдэн тодорхой бодлого хэрэгжүүлж иржээ. Харин оросууд монголчуудыг "ангийн тэмцэл" гэх Марксист-Ленинист үзэл суртлаар дамжуулан өөр хооронд нь сөргөлдүүлж ирсэн нь 20-р зууны Монголын хамгийн том эмгэнэлт түүх билээ.
Энэ удаагийн үндэсний цөөнх болох “казак” гэх сэдэв нийгмийг хамгийн ихээр талцуулж байна. Үндсэндээ хувь хүмүүсийн хоорондын маргаан, нүүдэлчдийн нутаг орноо булаацалдаж ирсэн комплекс, шашин, шүтлэгийн зөрчлийг ашиглан дотоодод нь хиймэл хямрал үүсгэхэд тун амархан хийгээд тохиромжтой сэдэв.
Монголчууд гэр дотроо зодолдох тусам гэрийн гадаах геополитиктээ анхаарах сөхөөгүй болно. Энэ бол гаднаас явуулж буй хувааж захирах бодлогын эхний логик.
ХОЁРДУГААР БОЛГООМЖЛОЛ: УИХ-ЫГ ГАХАЙН ХОРОО БОЛГОХ ТУСАМ АРДЧИЛАЛ ХЭВРЭГШИНЭ!
Үндэсний аюулгүй байдлыг ихэвчлэн хилийн баганын цаадах улс төрөөр харж болдоггүй юм. Учир нь, геостратегийн практикт улс орны оршин тогтнохын хамгийн эмзэг, хамгийн чухал тулгуур нь төр, иргэн хоёрын хоорондын итгэлцэл.
Төрдөө итгэх иргэдийн итгэл сулрахын хэрээр засаглалын легитм шинж алдагдаж, тусгаар тогтнолыг эрсдэлд хүргэдэг. Төрдөө итгэдэггүй нийгэм гибрид дайны хамгийн хялбар бай болдог.
УИХ нь Монголын төрийн эрхийг барих дээд байгууллага. Тиймээс парламентын засаглалын нэр хүнд унах нь 126 гишүүний хэрэг явдал биш, Монгол Улсын ардчилсан засаглал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал юм.
Парламент ба парламентын засаглал нэр хүндгүй болох нь гадаадын геополитикийн тоглогчдод асар том боломж олгодог. Үндэсний хууль тогтоох байгууллагыг системтэйгээр харлуулах, иргэдийг төрийнх нь эсрэг турхирах, парламентын ардчилалд эргэлзүүлэх замаар тухайн улсын дотоод шийдвэр гаргах чадамжийг саатуулж, гадаад бодлогыг нь хүчингүйдүүлэх аюултай.
Харамсалтай нь М.Нарантуяа-Нарагийн галзуурал, Х.Булгантуяагийн Үндсэн хуулийн зөрчил, Э.Болормаагийн Сонгуулийн хуулийн факт төрийн институцийн нэр хүндийг унагаж, иргэдийн төрдөө итгэх итгэлгүй болгож байна.
Иргэд төрөө үгүйсгэж, төр нь иргэддээ хүлээн зөвшөөрөгдөж чадахгүйд хүрвэл Монголын ардчилал, тусгаар тогтнол туйлын хэврэг болно. Төрийг нь үнэлэмжгүй, парламентын танхимыг "гахайн хороо" болгон харагдуулах “төслийн” хашгирааны цаанаас Монголын ардчиллыг нуран унагаах хорон явуулга, хортой улс төр л уншигдаж байна.
ГУРАВДУГААР БОЛГООМЖЛОЛ: ТӨВ АЗИЙН C5 БҮС БА "ТРАНС-АЛТАЙ"-Н АМБИЦЫГ ТУШИХ НЬ!
Олон улсын шинжээчид Төв Азийн C5 бүсийг цаашид дэлхийн геополитик, эрчим хүч, тээвэр-логистикийн хамгийн чухал сүлжээ болно гэж дүгнэж байна.
Монгол Улс ч сүүлийн жилүүдэд "Транс-Алтай" буюу Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, өрнө-дорныг холбосон стратегийн коридор болохоор амбицлан яваа.
Энэ нь бидний ардчилал, тусгаар тогтнолоо хамгаалах олон тулгуурт дипломат тактикийн нэг хэсэг. Гэтэл яг энэ бүс нутагт орших Баян-Өлгийн сэдвийг дэвэргэн "тогтворгүй бүс" мэт харагдуулах нь Монголын логистик, геополитикийн амбицыг чөдөрлөх гэсэн гадны захиалга байж мэднэ. Өөрөөр хэлбэл, М.Нарантуяа-Нарагийн үйлдэл галзуу хүний үг гэхээсээ илүү гадаадын төсөл гэж харагдаж буйн нэг шалтгаан энэ юм.
ДӨРӨВДҮГЭЭР БОЛГООМЖЛОЛ: ЭНХ ТАЙВНЫГ УРИАЛАХ ГАДААД БОДЛОГОД ХАЛТАЙ!
“Дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийг төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмэр өндөр юм”. Энэ бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн хэлсэн үг.
Гурван жилийн өмнө Улаанбаатарт айлчилсан Ромын пап агсан Франциск “Монгол Улс дэлхийн цөмийн зэвсэггүй бүс нутаг бөгөөд шашны эрх чөлөө, энх тайванч гадаад бодлогыг дээдэлдэг амар амгалангийн бэлгэдэл орон” гэж магтсан билээ. Японы эзэн хаан, Бутаны хаан зэрэг дэлхийн нөлөө бүхий зочид Монголд ирэхдээ манай улсыг "энх тайвны өлгий нутаг" хэмээн онцолсон.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бодлогын гол цөм нь "энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт дипломат ажиллагаа" бөгөөд тэрбээр "Монголын их амар амгалан" гэх түүхэн үзэл санааг орчин үеийн дэлхий дахины энх тайвныг тогтоох уриалга болгон олон улсын тавцанд идэвхтэй сурталчлах болсон юм.
Өөрөөр хэлбэл, алс хойчдоо Монгол Улс нь дэлхийн хэмжээний энх тайвны хэлэлцээрт зуучилдаг, ардчиллын болон шашин шүтлэгийн олон ургальч байдлыг хадгалсан олон улсын төв болох боломж бүрэн бий. "Энх тайвны өлгий" бодлого нь өдгөө олон улсын тавцанд Монголын гол нэрийн хуудас болсон. Гэтэл дотроо үндэстэн ястанаараа талцах хэмжээнд Монголын дотор нь зөрчилдүүлж, ийм ойлголт, дүр зураг үлдээх нь монгол хүний хүсэл биш. Харин гадаадын төсөлчдийн гэрийн даалгавар байж магадгүй.
ЭЦЭСТ НЬ:
Хүн нэг амтай, хоёр чихтэй. Ухаан эрүүл хүн хаана, хэнд, хэзээ юу ярихаа мэддэг. Ухаан муутай улстөрчид сонссондоо итгэдэг, юу ярьж байгаагаа ойлгодоггүй, мэддэггүй. Манай улстөрчдөд олон нийтэд таалагдахын өвчин туссан байна. М.Нарантуяагийн үндэсний цөөнхийн эсрэг үймээн тарих нь ч, Л.Мөнхбаясгалангийн Баян-Өлгийд очиж матрын нулимс унагааж буй нь ч зүгээр олон нийтэд таалаглахын дон. Улс төрийн өндөр албан тушаалтан, улстөрчийн үг бол хувь иргэний үг биш болдог. Хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан Үндсэн хуулиар олгосон эрх ч, парламентын гишүүний хувьд Үндсэн хуулиас давсан үг-үйлдэл гаргахгүй гэж өргөсөн тангараг бий.
Тэр тусмаа улс орныхоо төлөө улстөржиж болох ч улстөржихийн тулд улсынхаа аюулгүй байдлаар наадаж болдоггүй. Үүнийг монголчууд “тоглоом тоотой нь дээр” гэдэг.
Жирийн иргэн хүн гүтгэвэл хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтнууд хэлсэн үг-үйлдлийнхээ төлөө иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Энэ нь гадныханд том өгөөш болдог. Баян-Өлгийн асуудал орон нутгийн маргаан биш. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, геополитикийн асуудал. Асуудлын гүнийг харахгүй бол, бид бусдын тоглоомын хүү болоход тун ойрхон байна.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.