

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа 24 мега төсөл хэрэгжүүлэх нэрээр татвар төлөгчдийн мөнгийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн компаниар дамжуулан хулгайлсан баримт нь дэлгэгдсэний дараа Канад руу шувуу болж ниссэн Х.Нямбаатар долоо хоног болгон “тамхины цэг”-ийн хов ярьдаг болсон. Ямартай ч түүний ярьсан хэр үнэн эсэх, үг-үйлдэл нь яаж зөрж байгааг нь factcheck-ээр сонирхуулъя.
НЭГ: Х.НЯМБААТАР ТӨРӨӨС ТЕНДЕР АВААГҮЙ ГЭДЭГ НЬ ХУДАЛ ҮГ
Тэрбээр ээлжит нэг лайваараа төрөөс ямар ч тендер аваагүй гэж хэлсэн. Гэвч баримт түүний хэлснийг үгүйсгэж байна. Тэрбээр “Хамаг Монгол” компанийн эзэн болохыг монголчууд мэднэ. Авааль эхнэр И.Баярмаагийнх нь нэр дээр байсан компаниа тэрбээр энэ оны эхээр өөрийн өмчлөл дээр болгосныг “opendatalab.mn”-ээс харж болно. Тэгвэл isee.mn сайтад мэдээлснээр Х.Нямбаатар урьд нь Б.Сүнжидмаа гэх бүсгүйтэй "Хамагмонгол групп" ХХК-ийг 50:50% эзэмшиж явсан байдаг аж. Харин өдгөө Б.Сүнжидмаа "ББСМО" компанитай, Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхад хотоос олон тэрбум төгрөгийн тендер авч байсны нэг нь “Сэлбэ дэд төв”. Тус компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй "Сэлбэ дэд төв" төслийн ТЭЗҮ-г боловсруулах тендерт ялжээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга нь нийслэлийн хатан хаан гэгддэг Д.Батцэцэг агаад мөн л гадагшаа шувуу болж ниссэн гэх мэдээлэл бий. Д.Батцэцэг нь Х.Нямбаатарыг СХД-ийн ИТХ-ын дарга байх үед тус дүүргийн Төрийн санд ажиллаж байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд болонгуут нь мөн л тус яаманд дагаж очсон, хотын даргаар томилогдсоны дараа Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга болжээ.
Нийслэлийн худалдан авах газрын дарга болонгуутаа СХД-т 23 удаа тендерт шалгарч байсан компанийг нийслэлээс зарласан 17 томоохон тендерт давуу эрх олгон шалгаруулсан гэх асуудалд нэр холбогдох болсон билээ. Тэрчлэн Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад нь Дотоод хэргийн их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ТЭЗҮ-г боловсруулах тендерт ялж байсан гээд тэдний бизнесийн харилцаа нэлээд “ойр, дотно” явж ирснийг баримт нотлож байна.
ХОЁР: Х.НЯМБААТАРЫН ХОМ-ЫН ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ба ФРАНЦ ҮҮЛДРИЙН НЭГ ҮХЭР НЬ ₮36 САЯЫН ҮНЭТЭЙ
Нийслэлийн засаг дарга нь Хэнтийн Дадал суманд 3200 айлын газартай тэнцэх хэмжээний эдлэнтэй. Тус эдлэндээ онгоцоор очдог гэдгийг нутгийн иргэд хэвлэлийнхэнд мэдээлжээ. “Монголиан каттле ферм” тус газрыг 2021 онд авсан. Зөвшөөрлийн бичиг нь мөн л нэг өдөр гарсан, газар эзэмших хугацаа нь 2050 он. Чухамдаа Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050”-ийн ашиг сонирхол бүхий алсын зорилготой авлига, албан тушаалын хулгай эндээс үнэртэж байна. Учир нь, газрын бүртгэлийн мэдээллээр "Монголиан каттле ферм" ХХК (РД: 6736203) нь 2021 оны 7-р сарын 30-нд байгуулагдсан бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд Онон мөрний эрэг дагуу нийт 2.25 сая гаруй м.кв (3 тусдаа байршил бүхий) газар эзэмшдэг байна.
Францын зах зээлд үүлдрээсээ шалтгаалаад нэг үхэр 1.500-4.000 еврогийн үнэтэй байдаг. Зарим нь, Францын гоштин үхрийн үнэ гэхэд 19500 еврогийн үнэтэй аж. Дундажлаад тооцвол махны чиглэлийн үүлдэр нь $10 мянган буюу монгол төгрөгөөр 36 сая орчим болж байна. Монгол руу тээвэрлэх зардал, хорио цээр, хил, гааль, даатгалын төлбөрийг нь тооцсон нэг үхрийн өртөг.
Үүнийг 300-600 толгой үхрээр үржүүлэхэд ₮18 тэрбум болж байна. Энэ бол зөвхөн үхэр сүргийн үнэ. Түүн дээр нэг үхрийн тэжээл, маллагаа, фермын барилга, байшин, тог цахилгаан гээд тооцох юм бол нэлээд өндөр дүн гарна.
Атал Х.Нямбаатарын АТГ-т 2024 онд мэдүүлсэн ХОМ-ээс харвал өөрийн жилийн орлого нь 65.7 сая төгрөг, гэр бүлийн жилийн орлого нь 59.2 сая төгрөг. 1 тэрбум төгрөг үл хөдлөх хөрөнгөтэй. Хурдан удмын адуу-25, үхэр-31, ямаа-10, хонь-43 гэж мэдүүлжээ. Гэтэл махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлдэг “Монголиан каттле ферм” компанийн гүйцэтгэх захирлаар Б.Хосбаяр бүртгэлтэй байдаг агаад 4 хувьцаа эзэмшигчийн нэгээр А.Солонго юм байна. А.Солонго нь Х.Нямбаатарын хожим ханилсан эхнэр нь буюу одоо Канадад хамт амьдарч буй эмэгтэй аж. Өөрийнх нь жилийн орлого, гэр бүлтэйгээ нийлээд дөнгөн, данган ₮125 сая болж байгаа хүн яаж 100 тэрбум орчмын тансаг эдлэнтэй болсон бэ гэх асуултын ард авлига, төрийн тендерийн луйвар, төсвийн мөнгөний хулгай бий нь ойлгомжтой.
ГУРАВ: Х.НЯМБААТАР ХУЛГАЙ ХИЙСНЭЭ МЭДЭЖ БАЙГАА УЧРААС ХУУЛИАС АЙГААД ИРЭХГҮЙ
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өмнө нь Хууль зүйн сайд байсныхаа хувьд өөрийнхөө хийсэн хулгай, луйвар ямар ялтайг сайн мэдэж байгаа. Тиймээс түүнд сайхан шалтаг хэрэгтэй байсан тул Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн гэх хэдэн барилгын зургийг дэлгэхдээ “У.Хүрэлсүхийг орлогоо нотолсны дараа очно” гэсэн. Атал У.Хүрэлсүх нь Х.Нямбаатарын дэлгэсэн барилгууд өөрийн өмчлөлд байхгүйг баримтаар няцаасны дараа У.Хүрэлсүхийг огцронгуут очно гэсэн.
У.Хүрэлсүх нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Гэтэл Х.Нямбаатар мөн л хэлсэн үгнээсээ буцаж дараагийн Ерөнхийлөгч сонгогдсоны дараа очно гэв. Үнэндээ хулгай, луйвар хийгээгүй юм бол хууль шүүхийн өмнө Х.Нямбаатар нүүр бардам очоод өөрийнхөө үнэнийг нотлож, У.Хүрэлсүхийг гэрчээр дуудах ёстой байв. Гэвч түүнд хууль, шүүхийнхэнд үзүүлчих баримт байсангүй. Бас өөрийгөө хууль бус орлогоо нотлох баримт бас алга. Хулгай, луйвар хийснээ мэдэж байгаа учраас Х.Нямбаатар хуулийнхнаас айгаад ирэхгүй байна.
ДӨРӨВ: Х.НЯМБААТАР ЖИНХЭНЭ ДЭГЛЭМИЙН ЭЗЭН БАЙЛАА
Х.Нямбаатар шувуу болсныхоо дараа л ардчилалд хайртай дүр эсгэдэг болсноос биш үнэн хэрэгтэй ардчиллын заналт дайсан, дэглэмийн том эзэн болсон байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн олон иргэдийн шоронд хориулж байсан билээ. Тэрчлэн хотын даргаар ажиллаж байхдаа шүүмжилсэн болгонтой шүүхдэж, Үндсэн хуулиар эрхээ эдлэж буй иргэдийнхээ эсрэг террорист ажиллагаа хүртэл зохион байгуулсан.
Тэрбээр нэр бүхий иргэдийн гэрийн гадаа тролл, бот багаа дагуулан очиж, буллидье, хаая гэх утгатай үг байнга хэлж ирсэн. Өнгөрөгч бямба гаригт лайв хийхдээ үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг буллидье гэж олон нийтэд уриалж байгаагаас харвал тэрбээр үнэхээр дэглэмийн эзэн явжээ гэж хэлж болно.
Канадад шувуу болоод ниссэн байж л бусдыг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдахаар улайрч байгаас харвал жинхэнэ дарангуйлагч бол Х.Нямбаатар юм.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.