

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны захирамжийн дагуу С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээд СХД-ийн 8-р хороо, Баянхошуунд байрлах 39.4 м.кв 2 өрөө орон сууц олгосон баримт ил болсон. Уг захирамжид дурдсанаар дээрх 2 өрөө байрны төлбөр болох ₮128 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын дарга Т.Амгаланд даалгасан байна.Түүнчлэн нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байхдаа мөн Т.Чимгээд Буянт-Ухаа хороололд 2 өрөө байр олгожээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 5а гудамжны 264 тоот 590 м.кв газрыг ХУД, 21-р хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1054-р байрны хоёр өрөө орон сууцаар сольсон өөр иргэний өмчийг Т.Чимгээг өгсөн нь багагүй хардлага дагуулж буй юм.
Олон нийтийн дунд багагүй эргэлзээ, хардлага, дуулиан тариад буй энэхүү асуудалд FACTCHECK хийе!
FACTCHECK: Т.Чимгээг шүүх цагаатгаагүй!
2021 оны тавдугаар сард Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг хэлэлцээд хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, УДШ-ээс тэднийг хүн амины хэрэг хийгээгүй гэж цагаатгаагүй. Харин прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон нь анхаарал татаж байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шүүхийн шийдвэрийн дараа С.Зоригийн төрсөн дүү С.Оюун хэвлэл хандаж “Хэргийг дахин шалгахаар болсныг дэмжиж байна. 25 жил боллоо. Бидний хувьд насан туршдаа л гомдолтой үлдэнэ. Гол нь хүн битгий хэлмэгдүүлээсэй гэдгийг хүсэж байна. Шүүх, прокурор цаашид сайн ажиллаад, хэргийн үнэн мөнийг олоосой гэж хүсэж байна. Зориуд нэг зүйлийг хэлэхэд, энэ хэрэг буруу явж байна гэдэг дээр Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар тууштай байр суурь илэрхийлж, анхаарал тавьж байгаад баярлаж байна” гэж байв.
FACTCHECK: Т.Чимгээд нөхөн төлбөр өгөх шүүхийн шийдвэр гараагүй!
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээр яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахлаж байлаа. Тэрбээр тухайн үед “Т.Чимгээгийн хувьд сэтгэл санааны болон хууль бусаар цагдан хоригдсон, таван жил, 10 сар орчим хугацаагаар эрх чөлөөгөө хасуулсан, гэр бүл, бие махбодын хохирол учирсан гэж 48 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Нөхөн төлбөрийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг төрөөс төлөх шаардлагатай. Хэрэв төрөөс тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарвал буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлыг ярина. Татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн төлбөр төллөө гэхэд хууль зөрчсөн буруутай этгээдүүд хариуцлага хүлээж, нөхөн төлбөрийг барагдуулах асуудал яригдах ёстой” гэж байв.
Хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас учирсан хохирлын хэмжээг шүүхээс заавал тогтоох ёстой.
Жишээ нь, хүн амины хэрэгт хилсээр яллагдаж, 7 жил шоронд хоригдсон Завханы Ч.Эрдэнэ-Очирын нөхөн төлбөрт 18 сая төгрөг олгохыг шүүхээр шийдвэрлэсэн байдаг.
FACTCHECK: Х.Нямбаатар мэдэн будилав уу, мэдлэг нь хүрсэнгүй юу?!
Х.Нямбаатарын захирамжид “С.Зоригийн хэрэгт хилсээр хэлмэгдэн цагаатгагдсан иргэн Т.Чимгээ” гэж тодотгосон нь анхаарал татаж байна.
Шүүхээс цагаатгагдах, прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох нь шийдвэр гаргаж буй байгууллага, хэрэг хянан шийдвэрлэх шат болон эрх зүйн үр дагаврын хувьд зарчмын асар том ялгаатай.
Прокурорын шатанд хэрэгсэхгүй боллоо ч шинэ нөхцөл байдал илэрвэл дээд шатны прокурор тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах боломжтой. Харин Улсын дээд шүүхээс цагаатгаснаар гэм буруугүй гэсэн эцсийн шийдвэр болдог.
Үүнийг Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэдэхгүй байна гэж үгүй. Үнэхээр мэдэхгүй бол хуулийн салбарынхны хувьд хамгийн шившигтэй үйлдэл юм. Товчхондоо, Х.Нямбаатар мэдэн будилав уу, мэдлэг нь хүрсэнгүй юу гэдэг нь асуултын тэмдэг.
FACTCHECK: Х.Нямбаатар эрх мэдлээ хэтрүүлсний шалтгаан юу байв?
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны захирамжид дурдсанаар Т.Чимгээгийн хүсэлтийн дагуу амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 өрөө орон сууц олгосугай гэжээ. Тэгвэл эндээс нэг зүйл анхаарал татаж байна. Т.Чимгээ үнэхээр хилсээр хэлмэгдсэн гэж өөрийгөө үзэж байсан юм бол яагаад шүүхэд биш Х.Нямбаатарт хандав. Хуульд зааснаар хотын дарга Х.Нямбаатарт хэн нэгнийг хилсдүүлсэн гэдгийг тогтоох эрх байхгүй. Тэр тусмаа хилсдүүлсэн гэж үзээд хэн нэгэн иргэний хохирлыг нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргах нь хууль зөрчсөн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцогдоно. Учир нь, Т.Чимгээгийн гэм хохирлын нөхөн төлбөрийг төлөх ёстой гэж шүүхийн ямар ч шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд ШШГЕГ хариуцна. Атал Х.Нямбаатар шүүх засаглалын эрх мэдэлд хууль бусаар оролцсоны ард хэний ямар ашиг сонирхол байсан нь анхаарал татаж байна. Чухамдаа хотын дарга Х.Нямбаатар эрх мэдлээ хэтрүүлсний шалтгаан юу байв.
FACTCHECK: Т.Чимгээ шантааж хийсэн үү?!
С.Зоригийн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхийн шийдвэрээр яллагдаж явсан Т.Чимгээ яагаад хотын дарга Х.Нямбаатараас орон сууц хүссэн бэ гэдэг гол хардлага болж байна. Т.Чимгээ хүсэлт гаргасан уу эсвэл шантааж хийсэн үү. Т.Чимгээгийн тавьсан “хүсэлт”-ийг биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл, шахалтад хотын экс дарга нар болох Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар орсон уу. Тэгвэл тэр шахалт нь чухам юу байсан бэ.
Т.Чимгээгийн хүсэлт эсвэл шахалтыг хүлээж авах хэмжээний асуудал нь хилсдүүлсэн нь байв уу, хэргийн нууц нь байв уу.
Нэн ялангуяа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээр яллахтай зэрэгцээд Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж яг л хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажилласан нь худлаа биш. Үүнээс өөр ямар ч хэрэг дээр Ц.Нямдорж ингэтлээ анхаарч ажиллаж байсан удаа байгаагүй гэлцдэг. Л.Оюун-Эрдэнийг 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд болсны дараа Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар улирсан болсон. Улмаар дөрвөн сарын дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронгоос суллагдсан байдаг. Гэх мэтчилэн олон хардлага эндээс төрж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.