НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эрх баригчдын аманд багтаж мөнгө хэвлэдэг гажуудлыг зогсоохоо С.Наранцогтын баг амалж байна
АНАЛИЗ

Эрх баригчдын аманд багтаж мөнгө хэвлэдэг гажуудлыг зогсоохоо С.Наранцогтын баг амалж байна

10 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Ардчилсан, чөлөөт зах зээлтэй аль ч оронд байдаг засаглал, улс төр, эдийн засаг, хууль эрх зүй гээд нийгмийн амьдралыг хэвийн явуулахад шаардагдах институцүүд Монголд бий. Үзүүлэх самбар, эсвэл тайлан мэтийн зүйлд жагсаан бичихэд Монгол чинь үнэхээр л үлгэр жишээ юм гэгддэг. Гэвч үзүүлэх самбар нэг хэрэг, өдөр тутмын амьдралын талх тариа дээрээ тулаад ирэхэд эдгээр институц жинхэнэ утгаасаа хэдийн гажиж, үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай нүүр тулахаар болдог. Гажаад барахгүй дөмөгхөн ганц түлхэхэд нурж унахад бэлэн шахам болтлоо гажуудсан зүйл ч байна. Ийм жишээний нэг нь монгол хүн бүрийн амьдралд хамаатай Монголбанк хэмээх байгууллага. Өөрийн гэсэн хуультай, уг хуулиараа төрөөс хараат бусаар, бие даасан үйл ажиллагаа явуулахаар зохицуулагдсан ч эрх баригчдын аманд багтаж, халаасанд чихэгдэтлээ жижгэрсэн.

“Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт- төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн зорилт хэрхэн хангагдаж байгааг $1=₮3600 гэсэн харьцаа олон үггүй илэрхийлээд өгнө. Монголбанк нь хуулиа ярьж, арьсаа хамгаалсан, Засгийн газар нь үүрэгдсэн харилцаа олон жил үргэлжилж байна. Энэхүү буруу харилцааны гор нь Монголбанкны өр ₮6.9 их наяд гэсэн тоо. Зуут, мянгатын орноор ярихаа хэдийн больж тэрбум дээр хэсэг эргэлдэж байснаа одоо зөвхөн их наядын орноор ярих болсон улстөрчдийн хувьд энэ тоо аманд нь торохгүй багтаж байгаа ч улс орны мөнгөний эргэлтийг хариуцаж буй институтын хувьд амиа хорлоход хангалттай шалтгаан болох тоо юм.

Ийм маягаар удаан явах боломжгүйг томилогдоод жил болж буй С.Наранцогт ерөнхийлөгч болон түүний багийнхан ил цагаан хэлж, энэ гажуудлыг засах мөнгөний бодлогыг УИХ-д өргөн бариад байна.

 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлд Монголбанк үндсэн зорилтоо умартаж, гал унтраагч маягаар ажиллаж ирсэн байдлыг халж, Төв банкны хараат бус байдлыг хангаж, хуримтлагдсан 6.9 их наяд төгрөгийн алдагдлыг ил тод шийдвэрлэх, цаашлаад төсөв-мөнгөний бодлогын уялдааг хуульчлах зэрэг олон жил гацсан системийн өөрчлөлтүүдийг хийж эхлэх гарааны цэг болгоно гэж төлөвлөжээ. “Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг байдлыг 2027 оноос зогсооно” хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч нэг бус удаа олон нийтэд мэдэгдээд байна.

2025 оны эцэст Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наядад төгрөгт хүрсэн. Ингэснээр Монголбанк 4.8 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай болсон бөгөөд энэ нь ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх хэмжээний сөрөг баланс гэсэн үг юм.

Бараг 7 их наядын алдагдал хаанаас үүссэн бэ? Үүнд 3 шалтгааныг Монголбанк нэрлэж байна. Нэгд, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Төв банкнаас санхүүжүүлж ирсэн. Монголбанк 2012 оноос хойш ипотекийн зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, цар тахлын үеийн санхүүжилт зэрэг төсвийн шинж чанартай арга хэмжээнд нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой ажлыг хэрэгжүүлэхийн тулд Төв банк өөрт байхгүй мөнгийг хэвлэж, үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй эдгээр хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлыг эхлүүлж цаашид өсөх шалтгаан болсон.

Хоёрт, өнгөрсөн хугацаанд Монголбанк валютын зах зээлд зохицуулагч биш харин гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний мөнгө зах зээлд хэвлэж нийлүүлснийхээ гор нь төгрөгийн ханшаа алдахад хүргэсэн. Төгрөгийн ханшаа унагахгүйн тулд Төв банк гаднаас их хэмжээний валют зээлж, валютын захад интервенц хийсэн. 2012 оноос хойш жилд дунджаар 188 тэрбум төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлсөн, одоо ч үргэлжлүүлэн төлж байгаа ажээ. Үүнээс гадна банкуудтай хийсэн валютын урт хугацаат своп хэлцлээс 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн.

Гуравт, жирийн хүнд сонин сонсогдох нөхцөл байдал үүссэн, юу гэвэл банкны системд байнга илүүдэл нөөц мөнгө хуримтлагдах болсон. Монголбанкны тайлбараар энэ илүүдэл нөөц мөнгө бий болж байгаагийн нэг гол шалтгаан нь Монголын эдийн засгийн суурь бүтэц. Мөчлөг дагасан экспортын орлого нэмэгдэх, үүнийг дагасан эдийн засгийн идэвхжил илүүдлийг үүсгэдэг. Мөн төсөв орлогоосоо давсан хэмжээгээр зардал гаргаж, алдагдлаа нэмэгдүүлээд байвал эдийн засагт шинэ мөнгө, эх үүсвэр нэмэгдэнэ. Ингэж бий болсон илүүдэл мөнгийг шингээх зөв механизм ажиллаж байх ёстой. Ийм механизмаа бүрдүүлэхгүй зөвхөн Монголбанк Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) гаргах замаар банкны системээс татан авч байгаагаас Төв банкны бодлогын зардлыг нэмэгдүүлж байна. Илүүдэл эх үүсвэрийг эдийн засгаас татахгүй орхивол зах зээл дэх мөнгөний хэмжээ хэт нэмэгдэж төгрөгийн худалдан авах чадвар огцом доройтох учраас ТБҮЦ гаргахаас өөр аргагүй болжээ.

Илүүдэл нөөц мөнгийг ТБҮЦ-аас буцаан татахдаа банкуудад өндөр хүү төлөн буцаан татдаг учраас бодлогын зардал тогтмол нэмэгдсээр иржээ. 2012 онд ТБҮЦ-ны үлдэгдэл 0.75 их наяд байсан бол 2025 оны эцэст 11 их наяд болж, 14.6 дахин өссөн байна.

Алдагдлыг буй болгож буй эдгээр шалтгааныг хаах бодлогыг ирэх 2027 оны мөнгөний бодлогод тусгагдсан.

Үүнээс гадна Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл ид хэлэлцэгдэж байна. Төв банкны үндсэн зорилт хоёрдмол утгатай, төсвийн шинжтэй үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглоогүй, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх механизм хэрэгжихгүй байгаа зэрэг хүчин зүйлсийг залруулан Монголбанкны дархлааг бэхжүүлэх алхмууд хийгдэхээр төлөвлөгджээ.

Ингэснээр 2027 он Монголбанкны хувьд эргэлтийн цэг байхаар байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!