2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Улс төр бол олон хувилбарт тоглоом. Заримдаа нэг нь бүгдийг хамж, нөгөө нь бүгдээ алддаг. Үүнийг тэг нийлбэртэй бооцоот тоглоом гэнэ. Зарим үед тоглоомд бүгд хожиж болдог. Энэ нь стратегийн тактик агаад товчхондоо, “сүрэг бүтэн, чоно цатгалан” үлдэхийг хэлнэ.
УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд Ардчилсан намын бүлгээс МАН-ын дарга Н.Учралыг спикерийн суудлаасаа буух шаардлага тавьж, эрх баригч нам хүлээж авах хүртэл “ажил хаялт” зарлав. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент ийнхүү бүтэн 14 хоног гацсаны эцэст Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох өргөдлөө өгснөөр Н.Учрал шинэ нэкстээр тодорч байна.
Түүнийг Ерөнхий сайдад томилохыг МАН-ын Бага хурлаас 99.7 хувь дэмжсэн агаад тэрбээр намын дүрмийн дагуу суух ёстой суудалдаа суухаар болов. Ердөө долоохон хоногийн дотор Монголын улс төрд өрнөсөн үйл явдлыг маш товчхон дүгнэвэл дөрвөн нүүдэл бүхий тоглоомд дөрвөн тоглогч дөрвүүлээ хожив.
Нэгдүгээр тоглогч-АРДЧИЛСАН НАМ
Н.Учралыг УИХ-ын даргаас Ерөнхий сайдын суудал руу шилжих процессыг Ардчилсан нам урагшлуулсан нь үнэндээ сөрөг хүчний өөрийнх нь акц байсан уу, эсвэл айлын талын захиалга байв уу гэдэг нь асуултын тэмдэг болж үлдсэн. Алин ч байсан Ардчилсан нам гэдэс цатгалан үлдэж байна. Учир нь, УИХ дахь сөрөг хүчний зүгээс хийсэн акц ямартай ч үр дүнд хүрч, МАН жилийн дотор хоёр дахь Засгийн газраа огцрууллаа.
Ялгаатай нь, хүү, бэрийнх нь тансаг хэрэглээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох томоохон шалтгаан болсон юм. Түүнийг Ерөнхий сайдаас огцрохыг шаардсан залуус талбай дээр 21 хоног жагссан ч Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өөрөө өгөхийг хүсээгүй. Харин ч эсрэгээрээ өөртөө итгэл үзүүлэхийг УИХ-аас хүссэн. Түүнд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдаанд Ардчилсан намын бүлэг эс оролцох шийдвэр гаргаж, харин МАН-ын бүлгийн олонх Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхийг дэмжээгүй юм.
Тэгвэл өнгөрөгч Баасан гаригт Г.Занданшатар Ардчилсан намаас тавьсан акцын хүрээнд, төрийн тэг зогсолтын гацааг арилгах үүднээс өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхдөө “хулгай, худалтай эвлэрэхгүй шүү” гэдгээ илэрхийлж, албан тушаалаасаа буусан нь Ардчилсан намын акцын үр дүн байлаа. Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах чуулганы хуралдаанд Ардчилсан нам мөн л оролцоогүй. Ингэснээрээ Ардчилсан нам нэг мэхээр МАН-ыг хоёр удаа давж байна.
Хоёрдугаар тоглогч-Г.ЗАНДАНШАТАР
“Надад хүсэл, айдас, шунал алга. Тиймээс хулгай, худалтай эвлэрэхгүй. Би албан тушаалтай зууралдаагүй. Тиймээс улс төрийн хувьд үлгэр дууриалал болохын тулд ийм шийдвэр гаргасан” гэж Ерөнхий сайдаас хоёр дахиа огцрохдоо хэлсэн Г.Занданшатарын үг чухамдаа хоёр утгатай мессеж байв. Нэгдэх нь, албан тушаалтайгаа зууралдаж, гэрийн зовлонгоо улсын зовлон болгож хувиргасан журмын дүү нартаа зориулсан үг болох нь нэн ойлгомжтой. Хоёр дахь, олон нийтээс оноо авах зорилготой түүний далд пиар байлаа. Тэрбээр 9 сарын хугацаанд нэлээд дуулиан, шуугиантай ажиллаж, багагүй асуудлыг шийдсэн. Ямартай ч өмнөх Засгийн газрын хар пиар, хагарал талцлаас залхсан иргэд түүнийг алга ташилттай үдсэн нь нэг талаас цагаа олсон нүүдэл байв.
Ойрхи Дорнодын зөрчилдөөнөөс үүдсэн эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч, Монгол Улс ч үүнээс тойрч гарахгүй нь тодорхой болсон. Өмнөх засгийн алдаатай бодлого, геополитикийн эффектүүд манай эдийн засагт сүүдрээ үлдээж эхэлсэн агаад үүнээс жаахан л удвал Г.Занданшатарын рейтинг багагүй унаж мэдэхээр байлаа. Ядахад яр гэгчээр Туулын эсрэг террорист халдлага явуулж буй хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг иргэд Засгийн газраас шаардаж эхэлсэн. Энэ бүхэн Г.Занданшатарын холын зорилгод сөрөг оноо цуглуулж мэдэхээр байсан учраас “авлига, хулгайтай тохирохгүй” гэх үгээр өргөдлөө өгөх нь өөрийнх нь нэг мэх ч байж мэднэ.
Гуравдугаар тоглогч-Д.АМАРБАЯСГАЛАН
Г.Занданшатар Ерөнхий сайдаас огцрохоос өмнөх өдрийн орой Ерөнхийлөгчийн өрөөнд Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Я.Содбаатар нар уулзсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан. Бүтэн жил шахам цусаа гартал зодолдсон МАН-ынхан тосоо гартал тэврэлдсэн тэр үдэш чухам юу ярьцгаасан нь нууц боловч ямартай ч ойлголцлын төвшинд хүрсэн гэдэг нь оргүй хоосон цуурхал биш байх. Төрийн ордонд болсон МАН-ын уулзалтад Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ очоогүйгээс харвал анд найзуудын зам салсан уу, аль эсвэл тэдний арга заль нь байв уу гэдэг нь асуултын тэмдэг.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдон, прокуророос яллагдагчаар татагдан, хавтаст хэрэг нь шүүхэд шилжсэн Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй учраа ололцохыг хүссэн ч байж мэднэ. Төдийгөөс өдий хүртэл улс төрд "бойжуулж", эрх мэдлийг дөрөөнд хөл тавихад нь өргөж тусалсан нутгийн ахтайгаа эвлэрэх орон зайг Л.Оюун-Эрдэнэ үлдээгээгүй бол Д.Амарбаясгалан одоо ч У.Хүрэлсүхийн талаар элдэв үг амнаасаа унагаагүй яваа юм.
Тэр тусмаа Төрийн ордонд болсон нууц хүрээний уулзалтад оролцохдоо Д.Амарбаясгалан Л.Оюун-Эрдэнэтэй биш С.Амарсайхантай очсон нь санамсаргүй тохиолдол биш. Тэгээд ч МАН-ын дарга Н.Учралын хувьд Л.Оюун-Эрдэнээс илүү Д.Амарбаясгалантай илүү ойлголцох нь хялбар байж мэднэ. Учир нь, өнгөрсөн 2024 оны орон нутгийн сонгуулиар Н.Учрал, Д.Амарбаясгалан нар нийлж Х.Нямбаатарын эсрэг ажиллаж байна гэх хардлага бүхий хар пиарыг 15 давхраас сэвүүлж ч байсан удаатай. Энэ үүднээс харвал Л.Оюун-Эрдэнэ ганцаараа эл тоглоомын гадаа үлдсэн байх талтай юм.
Дөрөвдүгээр тоглогч-Н.УЧРАЛ
Шинэ нэкстээр тодорсон Н.Учрал нь өөрийн кабинатдаа бүх фракцынхаа эрх ашгийг хангаж ажиллахаа МАН-ын Бага хурлаараа амалсан. Эндээс харвал тэр үдшийн уулзалтаар МАН-ын зарим бүлэглэл том эрх ашиг дээрээ нэгдсэн болох нь ойлгомжтой байна. Д.Амарбаясгалангийн хувьд хэр тохироо хийсэн нь ирэх өдрүүдийн албан тушаалын наймаанаас харагдана. Ц.Нямдорж Бага хурлаараа Д.Амарбаясгалангийн талд УИХ-аа өгөх ёстой гэдэг нь нэг талаасаа Н.Учралыг шахалтад оруулж байгаа үг-үйлдэл. Хэзээнээсээ Ц.Нямдорж Монголын төрд хов, хутгуур хийж ирсэн. Тэр аливаа эрх ашиггүйгээр амаа нээдэг хүн биш. Нөгөө талдаа УИХ-ын даргаар анх удаа сонгогдсон хүнийг тавьж болдоггүйг Д.Амарбаясгалангаас харсан. Улс төрд мерит зарчим бас чухал. Нөгөө талдаа МАН-ын тохиролцооноос илүү олон нийтийн уур амьсгалыг мэдрэх ёстой. Энэ утгаараа Н.Учралын улс төр хэр стратегич болохоо харуулах цаг ирж байна.
Улс төр бол стратеги. Хэзээ хатуу, хэзээ зөөлөн байх нь улстөрчийн мэдрэмжээс шалтгаална. Ямар ч байсан өнгөрсөн өдрүүдээс харахад хэн, хэндээ л хожилтой тоглоом тоглосон байна.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19