НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын агаарын тээврийн доголдол арилаагүй хэвээр байна
АНАЛИЗ

АНУ-ын агаарын тээврийн доголдол арилаагүй хэвээр байна

3 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Арваннэгдүгээр сарын 14-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотын Олон улсын нисэх онгоцны буудлын (LAX) нисэх хэсэгт байгаа зорчигчид.

2001 оны есдүгээр сарын террорист халдлагаас хойш үндэсний хэмжээнд хамгийн удаан хугацаагаар нислэг зогсоосон явдал болсны дараа АНУ-ын агаарын тээврийн салбар бямба гаригт хэвийн горимдоо орохын тулд хүндрэлтэй тулгарч байна. Америкийн нисэхийн дэд бүтцийн хэврэг байдлыг илчилсэн энэхүү техникийн саатлын улмаас олон мянган нислэг цуцлагдаад байна.

Bloomberg (2026-11-15)

Нисэхийн мэдээллийн "FlightAware" компанийн мэдээлснээр агаарын тээврийн компаниуд ердийн хуваариа сэргээхээр яаравчилж байгаа ч Нью-Йоркийн цагаар бямба гаригийн 19:00 цагийн байдлаар АНУ руу чиглэсэн, АНУ-аас хөөрөх болон ялангуяа дотоодын 6100 гаруй нислэг цуцлагдаж, өөр 7400 нислэг хойшлогджээ.

Холбооны нисэхийн захиргааны (FAA) дарга Брайан Бедфорд уг сааталд уучлал хүсээд, бямба гаригт 4000-5000 орчим нислэг цуцлагдах төлөвтэй байгааг дурдаж, ням гаргийн ажлын цаг дуусахад агаарын тээврийн компаниуд ердийн нислэгийн хуваарьтаа бүрэн шилжинэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.

"Хамгийн хүнд үе ард хоцорсон гэж би бодож байна" хэмээн тэрбээр бямба гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, "Гэхдээ агаарын тээврийн салбарын оролцогч талуудтайгаа хамтран сэргээн босгох нэлээд их ажил бидний өмнө хүлээж байна" гэж нэмж хэллээ.

Баасан гаригт Холбооны нисэхийн захиргаанаас дөрвөн цаг гаруй хугацаанд нислэг хөөрөхийг хориглох шийдвэр гаргаснаар АНУ-ын түүхэнд гурав дахь удаагаа үндэсний хэмжээнд агаарын хөдөлгөөн бүрэн зогссон юм. Нислэгийн хөдөлгөөний удирдлагын холбоо болон радарын системд мэдээллийн хэт ачаалал үүссэнээс болж тэнгэрт нисэж байсан 3500 орчим онгоцны тоо 400 хүрэхгүй болтлоо цөөрчээ.

Тээврийн сайд Шон Даффи "X" сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ "Өнөө өглөөнөөс үйл ажиллагаа аажмаар хэвийн болж байна. Агаарын тээвэрлэгчид нислэгийн хуваариа шинэчилж, онгоц болон нисэх багийн бүрэлдэхүүнийг хамгийн их шаардлагатай байгаа чиглэлүүд рүү шилжүүлэн байршуулж байгаа тул зарим нислэг хойшлох, цуцлагдах үзэгдэл үргэлжилнэ" гэжээ.

АНУ даяарх нислэгийн саатал

Холбооны Нисэхийн Захиргаанаас үндэсний хэмжээнд нислэг хөөрөхийг зогсоосны дараа салбарын хэмжээнд нислэг цуцлагдах, хойшлох явдал огцом нэмэгдлээ.

Сайд Даффигийн хэлснээр, уг саатал нь "L3Harris Technologies Inc." компани алслагдсан бүс дэх хуучирсан зэс утсыг сольж байх үед гарсан бөгөөд тэндхийн чиглүүлэгч төхөөрөмж нислэгийн хөдөлгөөний удирдлагын систем рүү холбогдох хүсэлтийг хэт олон дахин илгээж, ачаалал үүсгэснээс үүдэлтэй аж.

"Энэ бол цаг үеэсээ хоцрогдсон Холбооны нисэхийн захиргааны систем байлаа. Манай гэрээт гүйцэтгэгч, эсвэл тоног төхөөрөмж нь үүргээ гүйцэтгэж чадалгүй саатал үүсгэлээ" хэмээн Даффи онцлов.

"L3Harris" компани уг асуудлыг шалгахад Холбооны нисэхийн захиргаатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Баасан гаригийн үдээс хойш хөөрөх нислэгүүдийг зогсоосноор онгоц болон нисэх багийн бүрэлдэхүүн өөр газар тарж, байрлал нь алдагдсан тул агаарын тээврийн компаниуд хуваариа дахин төлөвлөх, мөн нисэх зурвас болон терминалууд дээр гацсан хэдэн зуун мянган зорчигчийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарав.

Бямба гаригт Атланта хотын Хартсфилд-Жексоны нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал (ATL) дээр "Delta" агаарын тээврийн компанийн ажилтнаас тусламж авахаар дараалалд зогсож буй зорчигчид.

"American Airlines Group Inc." компани онгоц болон багийн бүрэлдэхүүнээ зохих байршилд нь хүргэхээр ажиллаж байгаа тул нислэг хойшлох, цуцлагдах үр дагавар үргэлжилнэ гэдгийг анхаарууллаа. Даллас хотод төвтэй тус компани бямба гаригт болон ирэх өдрүүдэд "сэргээн босголтыг хамгийн өндөр түвшинд хийхээр агаарын тээврийн сүлжээгээ зохион байгуулж байна" гэж мэдэгджээ.

"Delta Air Lines Inc." компани мөн "онгоц болон багийн бүрэлдэхүүнийг дахин байршуулах зэрэг үйл ажиллагаагаа хэвийн горимд оруулахад цаг хугацаа шаардагдана" гэв.

"JetBlue Airways Corp." болон "United Airlines Holding Inc." зэрэг АНУ-ын бусад тээвэрлэгчид ч бямба гаригт нислэгийн хуваарьт саатал үргэлжилнэ гэдгийг анхааруулж, зайлшгүй яаралтай зорчих шаардлагагүй иргэдийг нислэгийн өдрөө хойшлуулахыг уриалсан байна.

"FlightAware"-ийн мэдээллээр "American Airlines" өдрийн нийт хуваарийнхаа 40 гаруй хувь буюу 1,380 нислэгээ цуцалсан бол "United Airlines" төлөвлөсөн үйлчилгээнийхээ дөрөвний нэгээс илүү буюу 793 нислэгээ цуцалжээ. Түүнчлэн "Delta"-гийн үндсэн чиглэлийн 799 нислэг (өдрийн хуваарийн 25 хувь), "JetBlue"-ийн хөөрөх байсан нислэгийн тал шахам буюу 423 нислэг тус цуцлагдсан байна.

Даффи баасан гаргийн орой сэтгүүлчдэд хэлэхдээ, уг саатлын үр дагаврыг арилгахад "цаг хугацаа орно", гэхдээ энэ сарын сүүлээр тохиох "Талархлын баярын ачаалалтай зорчих үе эхлэхэд систем бүрэн сэргэж, хэвийн ажиллана" гэсэн хүлээлэлттэй буйгаа илэрхийлсэн юм.

Баасан гаригт Цагаан ордны Жеймс С.Брэйдигийн нэрэмжит хэвлэлийн хурлын танхимд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Шон Даффи (зүүн гар талд) болон Марквейн Маллин нар.

Нисэхийн албаныхан болон агаарын тээврийн компаниуд доголдолтой технологи болон хуучирсан систем давхацсан хямралтай нүүр тулаад байна. АНУ-ын агаарын хөлгүүдийн холбоо болон хяналтын системийн үндэс болсон доройтсон дэд бүтцийг их хэмжээний зардлаар шинэчлэх улс төрийн маргаантай хүчин чармайлт өрнөж буй энэ үед дээрх саатал гарлаа.

Өнгөрсөн жил Конгрессоос Холбооны нисэхийн захиргаанд шинэчлэлийн ажилд зориулж 12.5 тэрбум ам.доллар баталж өгсөн ч сайд Даффи үүнээс илүү хөрөнгө шаардлагатай байгааг мэдэгдсэн. Тэрбээр эхэндээ нэмж $30 тэрбум хүсэж байсан бол баасан гаргийн саатлын дараа энэ дүнг 50 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Өмнө нь хэрэгжүүлж байсан "NextGen" гэх шинэчлэлийн хөтөлбөр нь зардал хэтэрсэн, зорьсон үр дүндээ хүрээгүй гэх шүүмжлэлд өртөж байсан юм. Нислэгийн удирдагчид өдөрт олон мянган нислэгийг зохицуулж байх явцад системийг зэрэг шинэчлэх нь агаарын хөдөлгөөний удирдлагын тогтолцоог өөрчлөхөд тулгардаг хамгийн хүнд сорилт болдог.

Трампын засаг захиргаа уг санаачилгыг хурдацтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байгаа ч хэт яарах нь системийг эрсдэлд оруулна хэмээн зарим хүмүүс болгоомжилж байна. Харин дэмжигчдийн зүгээс олон арван жилийн настай хуучин тоног төхөөрөмжид найдсаар байвал саатал гарах магадлал улам нэмэгдэх тул хурдан шинэчлэх нь зайлшгүй гэж маргаж байгаа юм. Холбооны Нисэхийн Захиргаа болон Тээврийн яамнаас Конгрессын эхний ээлжийн санхүүжилтээр хийгдэх томоохон шинэчлэлүүдийг 2028 он гэхэд дуусгахаар зорьж байгаагаа мэдэгдсэн.

Тээврийн сайд баасан гаригийн орой Цагаан ордонд Дотоодын аюулгүй байдлын сайд Марквейн Маллинтай зэрэгцэн зогсож, хүчин чадлаасаа хэтэрч ачаалалтай ажиллаж байсан хуучирсан тоног төхөөрөмж хэрхэн туйлдаа хүрч эвдэрснийг тайлбарлав.

Сайд Маллин сэтгүүлчдэд хандан Холбооны нисэхийн захиргаа "системд нөхөөс (түр засвар) хийж байсан" бөгөөд шинэ технологи нь "хуучин системийг дийлэхээ больж, хэт ачаалал өгсөн" гэж хэллээ.

Бямба гаригт Лос-Анжелесийн Олон улсын нисэх онгоцны буудал (LAX) дээр бүртгэгдсэн ачаа тээшээ хайж буй зорчигчид.

Уг асуудлыг сайн мэдэх эх сурвалжуудын "Bloomberg"-т мэдээлснээр Холбооны Нисэхийн Захиргаанаас салбарынханд хийсэн танилцуулгын үеэр хүчин чадлаасаа хэтрэн ажиллаж байсан гол тоног төхөөрөмжүүд баасан гаригт ачааллаа дийлэхээ больсныг дурджээ. Энэхүү гэмтэл нь гинжин урвал үүсгэж, нислэгийн удирдагчид болон нисгэгчдийн ашигладаг дуут болон өгөгдлийн мэдээллийг дамжуулдаг Холбооны нисэхийн захиргааны хуучин харилцаа холбооны системийн гол суурь сүлжээнд нөлөөлсөн байна.

Гэсэн хэдий ч тодорхой байршлууд л сааталд өртсөн бөгөөд хуучин харилцаа холбооны сүлжээг ажиллуулж, засвар үйлчилгээг нь хариуцдаг "L3Harris" компанид мэдээллийн хэт ачааллын шалтгааныг оношлох үүрэг өгсөн гэж эх сурвалжууд мэдээлэв. АНУ-ын сансар судлал, батлан хамгаалахын тус компани ажлын бус цагаар тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй.

Сайд Даффи ирээдүйд нислэгийн хөдөлгөөний удирдлагын системд үүнтэй ижил саатал дахин гарахыг үгүйсгэж чадахгүй байсан ч АНУ "дэлхийн хамгийн аюулгүй системтэй" гэдгийг онцолж, агаарын тээврийн зорчигчдыг нисэхэд аюулгүй хэмээн тайвшруулахыг хичээлээ.

"Яг ийм зүйл дахин давтагдах уу гэж үү? Яг энэ хувилбар дахин давтагдах эсэхийг би мэдэхгүй байна" гэж тэрбээр хэлэв.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!