

Нэг талаас дэлхийн хиймэл оюун ухааны салбарыг атгаж буй технологийн хаан, нөгөө талаас хүйтэн дайны үеийн тагнуулын зохиолын гол дүрийн романсын эзэн.
Савхин хүрэмтэй тэрбумтан Женсен Хуаны хувийн амьдралын алдаа өдгөө Цахиурын хөндийн хил хязгаарыг давж, Вашингтон болон Бээжингийн технологийн тулааны хамгийн эмзэг цэг болон хувирлаа. Женсен Хуан Хятадын тагнуул байж болзошгүй гэх Алис Хуантай амрагийн харилцаатай байсан явдал дэлхийн улс төр, технологийн салбарт томоохон доргилт болж байна.
Өнгөрсөн аравдугаар сард “The New York Times” сонин АНУ-ын тагнуулын байгууллагуудаас авсан нууц мэдээллийг дэлгэснээр дуулиан анх дэгдсэн. Тагнуулынхны үзэж буйгаар Женсен Хуантай дотно харилцаатай байсан Элис Хуан гэх эмэгтэй нь Хятадын тусгай агент байж болзошгүй аж.
Өдгөө 63 настай Женсен Хуан бол байдаг л нэг корпорацийн удирдлага гэхээсээ орчин үеийн технологийн түүхийн хамгийн том амжилтын бэлгэ тэмдэг юм. 1963 онд Тайванийн Тайнань хотод төрж, 9 настайдаа АНУ-д цагаачлан очсон тэрбээр Орегон мужийн их сургууль, улмаар Стэнфордод цахилгааны инженерээр боловсрол эзэмшжээ. 30 настайдаа Nvidia-г үүсгэн байгуулсан агаад анх видео тоглоомын график карт үйлдвэрлэж эхэлсэн түүний компани өнөөдөр AI салбартаа аварга “мангас” болсон. Тэрбээр компани үүсгэн байгуулсан цагаас завсаргүй удирдаж ирсэн агаад Nvidia олон их наяд долларын үнэлгээтэй дэлхийн тэргүүлэгч корпораци болгосон түүний амжилт юм. Харамсалтай нь, түүний тэрхүү олон жилийн амжилт нэгэн бүсгүйтэй гэр бүлээс гадуурх амрагийн харилцаатай болсноор хэдхэн өдрийн дотор багагүй шаталт амсаж байна.
Жэнсен Хуан Хятадын тагнуулын албатай холбоотой байж болзошгүй Элис Хуан гэх эмэгтэйтэй романтик харилцаатай байснаа, эхнэртээ үнэнч бус хандсанаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүссэн. Гэхдээ тэрбээр уг эмэгтэйг тагнуулч байсныг огт мэдээгүй гэдгээ Ерөнхийлөгч Трампт утсаар ярихдаа илэрхийлсэн бөгөөд "Би эх орондоо, компанидаа хайртай. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад бүрэн тууштай байна" гэж мэдэгджээ.Үүний дараа компаний ТУЗ болон АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тус хэргийг албан ёсоор шалгаж эхэлсэн байна.
Тагнуулч бүсгүйтэй нууцаар учир ургуулсан гүйцэтгэх захирлынх нь скандалаас хойш Nvidia-ийн хувьцаа шууд 4%-иар унаж, $220-250 тэрбумын хохирол амсчээ.
Энэхүү үйл явдал нь зөвхөн нэг корпорацийнн удирдлагын асуудал гэхэд хэцүү. АНУ-ын эдийн засаг ба хөрөнгийн зах зээлийн өсөлтийг AI ганцаараа чирж яваа. Хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулагчид AI салбарын хэт өндөр үнэлгээ хэр хугацаанд тогтвортой байх вэ гэж аль хэдийнэ эргэлзэж эхэлсэн. Гэтэл дайрин дээр давс үрэх мэт геополитикийн дуулиан нь хөрөнгийн зах зээлд асар том болгоомжлол дагуулав. Хэрэв Вашингтон энэхүү явдлын эсрэг Хятад руу гарах хагас дамжуулагчийн экспортын хоригийг улам чангаруулвал (одоогоор Nvidia-ийн орлогын 8%-ийг Хятад бүрдүүлдэг) дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд нөхөж баршгүй хохирол учирна.
АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд Хуанаас тайлбар шаардаж байна. АНУ-ын Конгрессын холбогдох хороод түүнийг 11 дүгээр сарын 18-нд хаалттай мэдээлэл өгөх уулзалтад оролцуулах хүсэлт гаргажээ. Ерөнхийлөгч Дональд Трамп Хуаныг "сайн хүн, эх орныхоо эдийн засагт олон гайхамшиг бүтээсэн нэр хүндтэй бизнесмен" гэж өмгөөлсөн байр суурь илэрхийлжээ.
Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуо Жякун тагнуулын ажиллагааны талаарх мэдээллийг үндэслэлгүй, Бээжинг харлуулах оролдлого гэж няцаасан байна.
Женсен Хуан Хятадын зах зээлд Nvidia-ийн чип борлуулах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө АНУ-ын засаг захиргаанд лобби хийж ирсэн. Харин Вашингтоны үндэсний аюулгүй байдлын чиглэлийн албаныхан Хятад руу дэвшилтэт чип экспортлохыг хязгаарлах байр суурьтай байдаг. Энэ хэрэг тэдгээр зөрчлийг дахин хурцатгаж байна.
Дэлхийн хиймэл оюун ухааны өрсөлдөөнд хэн түрүүлэхийг Nvidia-ийн чипүүд шийдэж байна. Тус компанийн технологийн нууц, цаашдын төлөвлөгөө нь зөвхөн бизнесийн мэдээлэл бус, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийн нөөц юм. Тиймээс гадаадын тагнуулын албадын хувьд Женсен Хуан шиг үнэ цэнтэй "бай" дэлхий дээр үгүй. Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн удирдагчийн хувийн сул тал компанийн аюулгүй байдалд цоорхой үүсгэсэн эсэхийг ТУЗ шалгаж байна. Хэдийгээр Nvidia-ийн ТУЗ компанийн болон үндэсний нууц алдагдсан гэх ямар ч баримт байхгүй гэж Хуаныг албан тушаалд нь хэвээр үлдээсэн ч Уолл Стритийн итгэлийг эргүүлэн олох амаргүй даваа түүний өмнө тулгараад байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.