

The guardian
Вашингтонд 11 жилийн дараа Төрийн өндөр дээд айлчлал хийж буй Хятадын дарга Ши Жинпин их гүрнүүдийн сөргөлдөөнөөс зайлсхийж, хиймэл оюун ухаан, худалдаа болон Тайваний асуудлаар Вашингтонтой өргөн хүрээнд хамтран ажиллахыг уриаллаа.
Цагаан ордонд Доналд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтын эхэнд Хятадын төрийн тэргүүн хоёр талын харилцааг цэргийн мөргөлдөөнөөс холдуулж, харилцан ашигтай зам руу чиглүүлэх суурь нөхцөлүүдийг танилцуулав.
Ши Жинпин Трампын улс төрийн уриаг дурдаж, сөргөлдөхөөс илүүтэй Хятад үндэстний агуу сэргэн мандалт болон Америкийг дахин агуу болгох зорилго хамтдаа зэрэгцэн эх дэлхийд хэрэгжих ёстойг онцоллоо.
Тэрбээр хоёр улсын нөхцөл байдал өөр боловч илэн далангүй, хамтын харилцаагаа гүнзгийрүүлж байж бие биеэ илүү сайн ойлгож харилцан итгэлцлийг бэхжүүлж чадна гэж мэдэгдэв.
Мөн томоохон гүрнүүдийн хувьд хамтын ажиллагаа нь хожил авчирч, сөргөлдөөн нь хохирол дагуулна гэдгийг сануулж, хоёр улсын цэргийн салбарын тогтмол яриа хэлэлцээ болон хямралаас урьдчилан сэргийлэх механизмыг сайжруулах хэрэгтэйг сануулав
Ши Жинпин Грекийн түүхчийн тодорхойлсон шинээр гарч ирж буй гүрэн болон ноёрхогч гүрний хоорондын сөргөлдөөнийг илэрхийлдэг “Тукидидын хавх” гэх тодорхойлолтыг дурдаж, эдгээр нөхцөлийг бүрдүүлснээр уг хавхнаас гарч чадна гэж үзэж байгаагаа нуусангүй.
Түүний дэвшүүлсэн саналд 100 мянган америк залууг Хятадад суралцуулах солилцооны хөтөлбөр багтжээ.
Трамп Хятадын төрийн тэргүүн болон тэргүүн хатагтайг Цагаан ордонд угтан авахдаа Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн ой тохиож цаг үед уг айлчлал болж байгааг онцолж, Ши Жинпинтэй сайн нөхөрсөг харилцаатай гэдгээ дурдлаа. Хоёр тал хөдөө ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг нээх худалдааны тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг мэдээлэв.
Уулзалтын үеэр аюулгүй байдал, технологи болон хиймэл оюун ухааны талаар хэлэлцсэн бөгөөд Трамп үүнийг супер оюун ухаан гэж тодотгожээ.
Ши Жинпин Трамптай хувийн сайн харилцаатай болохоо баталж, стратегийн тогтвортой харилцааг бий болгохын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлэв.
Угтан авах ёслолын өмнө Трамп Эндрюсийн агаарын цэргийн баазад өөрөө очиж Хятадын удирдагчийг угтан авсан юм. Ёслолын дараа хоёр тал хоёр талын албан ёсны хэлэлцээ хийж, орой нь төрийн зоог барив. Зоогт технологийн салбарын нөлөө бүхий томчууд оролцлоо.
Хоёр удирдагчийн хоорондын хэлэлцээ хэдийгээр эерэг уур амьсгалд өрнөсөн ч шинжээчид дунд болон урт хугацааны тогтвортой тохиролцоонд хүрэх боломжид эргэлзэж байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.