

Энэтхэг улс худалдаа болон дижитал шилжилтийг амжилттай хийснээр 6.5-6.6%-ийн өсөлт үзүүлж, бүс нутагтаа эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж байна. Мөн Вьетнам 7.1-7.2%, Индонези 5% зэргээр АСЕАН-ы гол зах зээлүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын идэвхжлээр өсөлтөө хүчтэй хадгалсаар байна.
Харин Азийн хамгийн том эдийн засаг болох Хятадын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.6% болж буурахаар байна. Үүнд үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацааны хямрал болон иргэдийн худалдан авах чадвар, итгэл сул байгаа нь голлон нөлөөлжээ.
Хятадын засгийн газраас төсөв, мөнгөний бодлогоор дотоод эрэлтийг дэмжиж байгаа ч эдийн засгийн бүтцийн гүнзгий асуудлуудаа бүрэн шийдэж чадахгүй байгааг Дэлхийн банкны тайланд дурдсан байна.
Бусад хөгжсөн орнуудын хувьд Япон цалингийн нэмэгдэл, дотоодын хэрэглээндээ тулгуурлан 0.6-0.7%-ийн өсөлт үзүүлж байгаа бол Өмнөд Солонгосын эдийн засаг чип, хиймэл оюун ухааны тоног төхөөрөмжийн экспортын ачаар 1.9-2.6%-аар өсөх төлөвтэй байна.
2026 онд Азийн эдийн засагт тулгарч буй хамгийн том эрсдэл нь Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй эрчим хүчний хямрал юм. Нефть, байгалийн хийн үнэ өссөн нь түлш шатахуунаа гаднаас импортолдог Азийн орнуудын инфляцыг хөөргөж байна.
Бүс нутгийн хөгжиж буй орнуудад инфляц 4.3-4.6%-д хүрч хурдассан, мөн эрчим хүчний үнийн өсөлт нь тээвэр, логистикийн зардлыг нэмэгдүүлснээр хүнсний бүтээгдэхүүн болон бусад өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлж эхэллээ.
Иймд Индонези, Филиппин, Пакистан зэрэг орнуудын Төв банкууд инфляцыг барихын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөх, эсвэл өндөр түвшинд хадгалах шийдвэр гаргаж байна. Төв банкуудын энэхүү хатуу бодлого нь инфляцыг тогтоон барихад тустай ч дотоодын хөрөнгө оруулалт болон зээл олголтыг шахаж, эдийн засгийн идэвхжлийг бууруулах сөрөг талтай.
Барилга болон уул уурхайн салбараас өндөр хамааралтай Монгол Улсын хувьд ч эрчим хүчний өндөр үнэ болон дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, шатахууны нийлүүлэлтийн хомсдол нь экспортын зардлыг өсгөж, дотоодын хэрэглээг хязгаарлах сөрөг нөлөө үзүүлж байгааг Дэлхийн банкнаас тусгайлан сануулжээ.
Дэлхийн банкны 2026 оны "Дижитал эрин үе дэх аж үйлдвэрийн бодлого" илтгэлд Азийн бүс нутагт хиймэл оюун ухаан, хагас дамжуулагчийн экспорт хамгийн хурдацтай өсөж байгааг онцолсон байна. Малайз, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг орнууд дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээний гол зангилаа болон хувирч, энэ чиглэлийн тоног төхөөрөмжийн экспорт нь тэдний эдийн засгийг чирч байна.
Гэвч ажиллах хүчний бүтээмжид урт хугацааны аюул ажиглагдлаа. Азийн олон оронд ажиглагдаж буй хямрал нь ажиллах хүч өндөр бүтээмжтэй аж үйлдвэрийн салбар руу биш, бүтээмж багатай үйлчилгээний салбар руу шилжиж байгаа нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хязгаарлаж байна.
Тиймээс Дэлхийн банкнаас бүс нутгийн улс орнуудад зөвхөн бэлэн мөнгөний татаас олгохоос татгалзаж, боловсрол, суурь дэд бүтэц, засаглалын үр ашгийг дээшлүүлэх замаар "суурь бүтцийг эрүүлжүүлэх" аж үйлдвэрийн бодлого баримтлахыг зөвлөв.
Азийн улс төрийн орчинд АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн, шинээр тогтоосон тарифын хоригууд хамгийн гол нөлөөг үзүүлсээр байна. АНУ-аас Хятадын экспортод өндөр тариф ногдуулсны улмаас Хятадын компаниуд ба бараа бүтээгдэхүүнээ Азийн бусад орнууд болон Европын зах зээл рүү чиглүүлэн өөрчилж байна.
Энэхүү геополитикийн хуваагдал нь нэг талаас Азийн бусад орнуудад шинэ боломж олгож байгаа юм. Дэлхийн том корпорацууд эрсдэлээс сэргийлж нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх зорилгоор "Хятад+1" стратегийг баримталж, хөрөнгө оруулалтаа Энэтхэг болон АСЕАН-ы орнууд руу татаж байна.
Гэвч нөгөө талаас, худалдааны протекционизм буюу дотоодын зах зээлээ тэтгэх бодлого чангарах тусам чөлөөт худалдаанаас шууд хамааралтай Азийн нээлттэй эдийн засагт урт хугацааны тодорхойгүй байдал үүсгэж байна.
Мөн Ойрх Дорнодын сунжирсан мөргөлдөөн нь бүс нутгийн аюулгүй байдал, логистикийн зардлыг өсгөж, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул Азид хөрөнгө оруулах тал дээр гадаадын шууд хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахдаа илүү болгоомжтой хандахад хүргэж байна.
Олон улсын байгууллагуудын таамаглаж байгаагаар, 2027 он гэхэд Ойрх Дорнодын хямрал тогтворжиж, эрчим хүчний үнийн дарамт буурснаар Азийн хөгжиж буй орнуудын өсөлт буцаад 5.1%-д хүрч сэргэх боломжтой.
Эцэст нь дурдахад, Азийн эдийн засаг дэлхийн бусад бүс нутгаас илүү уян хатан, тогтвортой өсөж байгаа ч геополитикийн дарамт болон эрчим хүчний үнийн савлагаа нь бодлого тодорхойлогчдоос мөнгө болон төсвийн маш нарийн ухаалаг шийдвэрийг шаардаж байна. Бүс нутгийн цаашдын амжилт нь худалдааны дайныг хэрхэн даван туулах болон дижитал шилжилтийг ажлын байрны бүтээмжтэй хэрхэн уялдуулахаас шууд шалтгаална.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.