

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн чиглэлээр байгуулсан гэрээ хэлцэл, хөндөгдсөн асуудлаар Засгийн газрын өгсөн сайд нарын мэдээллийг хүргэе.
Сангийн сайд З.Мэндсайхан: Японы Засгийн газраас нэн хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотай “Чингис хаан” нисэх онгоцны буудлын 2-р өргөтгөлийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Онгоцны буудлын өргөтгөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт юм. “Чингис хаан” буудал 1,6 сая зорчигчийг хүлээн авах хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар бол ачааллаасаа давж, жилдээ 2 орчим сая зорчигчийг хүлээн авч байна. Зээлийн хэлэлцээрийн хүрээнд 158 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийг Япон улсаас авахаар боллоо. Дэлхийн банкны ангиллаар Монгол дундаас дээш орлоготой орны ангилалд орсон. Энэ ангилалд орсноор Монгол Улс хөнгөлөлттэй зээл авах боломжгүй болж байгаа. Цаашдаа Монгол Улс арилжааны зээлээр хөгжлийн төслүүдээ санхүүжүүлэх болж байгаа. Энэ бол Япон улсаас авч байгаа сүүлийн хөнгөлөлттэй зээл, жилийн 1,1%-ийн хүүтэй, 40 жилийн хугацаатай. Эхний 10 жил бол үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Энэ төслийг хэрэгжүүлснээр нисэх буудлын хүчин чадал 2-3 дахин нэмэгдэнэ. Нийтдээ 5,2 сая зорчигчийг хүлээн авах чадал бүхий ачаа терминалын өргөтгөлийг шинээр байгуулна. Нийтдээ 81 орчим мянган м.кв барилга байгууламж, инженерийн шугам, дулаан сүлжээний ажлыг энэ төслийн хүрээнд хийж гүйцэтгэнэ. 2039 он гэхэд ашиглалтад орохоор тооцоолж байна.
Шадар сайд Т.Доржханд: Чухал ашигт малтмал болон эрчим хүчний салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан
Монгол Улс 35 жилийн турш Японоос их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авсан байдаг. Эдгээр зээл, тусламжийн чамгүй хэсэг нь дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан. Ерөнхий сайд Н.Учралын айлчлалаар нэг хөнгөлөлттэй сүүлийн зээл авах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр манай хоёр улс хамтын ажиллагааны дараагийн түвшин рүү шилжиж байна. Цаашдаа хоёр улсын хамтын ажиллагаа нь хувийн хэвшил, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нь дэмжих чиглэлд төвлөрнө. Ялангуяа чухал ашигт малтмал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Ногоон устөрөгчийн төслүүд ихээхэн анхаарал татаж байгаа. Эрчим хүчний салбарт нефть хадгалах цогцолборыг барих асуудлыг Ерөнхий сайд албан ёсоор сая хүслээ. Мөн ЖДҮ-ийг дэмжих зээлийн асуудал яригдаж байна. Энэ төслийн үр дүнд хамгийн багадаа 50 орчим мянган ажлын байр бий болох боломжтой. Зөвхөн Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт энэ маань хэрэгжээд явдаг. Япон улстай ярьж, хэрэгжүүлж байгаа эдгээр төсөл бодит салбарыг дэмжсэн төслүүд байна.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: Буянт-Ухааг орон нутгийн нисэх буудал болгож ашиглах талаар ярилцсан
Монгол Улсын Засгийн газар Японы “Жайка”-тай 995 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй буюу жилийн 1,1%-ийн хүүтэй зээлийн гэрээ зурлаа. Энэ гэрээгээр Чингис хаан онгоцны буудлын өргөтгөлийн асуудлыг шийднэ. Мөн 6 жилийн өмнө хийгдсэн гэрээнд өөрчлөлт оруулах талаар ярилцлаа. Өөрөөр хэлбэл, хуучин ашиглагдаж байсан Буянт-Ухаа буудлыг орон нутгийн нисэх онгоцны буудлаар ашиглая гэдэг дээр санал солилцсон. Японы тал энэ саналд нааштай хариу өгсөн. Мөн “Чингис хаан” буудлаас “Буянт-Ухаа” буудлын хооронд болон Буянт-Ухаагаас нийслэлийн төв хүртэл MRT буюу хөнгөн галт тэрэг явуулах төслийн талаар санал солилцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол иргэдийн Япон улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын зэрэгцээ боловсрол, хүний нөөцийн хөгжлийн чиглэлд хэрэгжиж буй MJEED, KOSEN төслүүдийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх асуудлыг хөндлөө.
Монгол иргэдийн Япон улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын чухлыг мөн онцоллоо.
Ирэх 2027 онд Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр орны найрамдал, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх шинэ боломж болгон өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.