

Парламентын сөрөг хүчин бол засаглалын тэнцвэрийг хангах, эрх баригчдын алдаа дутагдалд хяналт тавих, шаардлагатай бол улс төрийн хариуцлага тооцох эрх бүхий чухал институт. Монголын парламентад энэ үүрэг Ардчилсан намд оногдсон. УИХ-ын 2024 оны сонгуулиар хүчтэй, хяналттай сөрөг хүчин байх үүргийг сонгогчид АН-д үүрүүлсэн.
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцээд сөрөг хүчний зүгээс хоёр акц эхлүүлэв. Нэгдэх нь, хууль наймаалцаж буй бичлэг нь дэлгэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаардсан. Сөрөг хүчний хувьд энэ нь цагаа ч, байгаа ч оносон улс төр мөн үү, мөн.
Танхимын сайд нь иргэнийг дарамталж, хууль наймаалцаж буй бичлэг нь дэлгэгдсэн байхад Ардчилсан нам нүдээ аниад өнгөрвөл жинхэнэ “асуудалтай” болно. Тэр тусмаа С.Амарсайханы удирдлага дор ажилладаг төрийн байгууллагын удирдлага түүнтэй холбоотой шүгэл үлээсээр байхад сөрөг хүчин анхаарч, ажиллах нь зөв.
Харин хоёр дахь нь Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг өөрөө УИХ-д оруулж ирэх шаардлага. Үндсэндээ, АН-ын энэхүү шаардлага нь Үндсэн хуулийн хэм хэмжээнээс авсан үйлдэл болов. Баталсан Үндсэн хуульдаа парламент нь үйлчлэхгүй бол улс оронд засаглалын хямрал гардаг, гаардаг. Үндсэн хууль нь тогтворжсон нийгмийг бататгасан бус, харин төлөвших нийгмийн үндсийг бэхжүүлсэн хууль юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар:
УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан тохиолдолд
Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргах буюу УИХ-д итгэл хүлээлгэх тухай асуудлыг өөрөө оруулж ирснээр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг парламентаар хэлэлцдэг.
Огцруулах асуудлыг парламентын нийт гишүүдээс 64 хүн дэмжвэл Ерөнхий сайд огцорсонд тооцно.
Ардчилсан нам парламентад 42 суудалтай. Энэ нь Н.Учралыг Ерөнхий сайдаас огцруулах санал гаргахад хангалттай хүрэлцэх тоо. О.Цогтгэрэл даргын хэлснээр нэгээс бусад гишүүд Н.Учралыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэх. Гэхдээ одоогоор ямар нэг гарын үсэг зурагдсан цаас хэвлэлээр болон сошиалаар ил болоогүй. Нөгөөтэйгүүр Н.Учралыг огцруулахыг дэмжихгүй гэдгээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ил хэлсэн болохоос ийм байр суурьтай яваа гишүүн АН-д нэжгээд бий. Тиймээс АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулна гэж наанаа хэлж яриад яваа ч цаанаа бол тийм хүсэл зориг бий юу гэдэг нь асуултын тэмдэг болжээ.
Хэрэв Н.Учралын Засгийн газрыг огцруулах хүсэл зориг байсан бол Ардчилсан нам аль эрт огцруулах шаардлага УИХ-д өргөн барих хугацаа ч байсан. Өнгөрсөн хавраас эхлээд Н.Учралыг огцруулна гэж О.Цогтгэрэл улиг болтол яриад яваа. Хоёрдугаарт, Ерөнхий сайд өөрөө хүсэлтээ гаргах эсвэл тодорхой бодлого, төсвийн асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулж, тэр нь унах тохиолдолд огцрох зохицуулалт нь Н.Учралын бүрэн эрхийн асуудал.
Атал АН-ын зүгээс “Итгэл хүлээлгэх эсэх асуудлаа өөрөө оруулж ир” гэдэг үнэндээ шахалт гэхээсээ шантааж болж харагдаж байна. Н.Учрал өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентад оруулж ирэхгүй нь ойлгомжтой. Ийм ойлгомжтой асуудлаар АН улстөржинө гэдэг угтаа өөрсдөдөө хасах оноо цуглуулж буй хэрэг.
Дэлхийн ямар ч эрх баригч, ямар ч улстөрч сөрөг хүчнийхээ гуйлтаар өөрийгөө унагахаар өргөдөл бариад гүйхгүй. Тэгэхээр АН-ын энэ удаагийн "түүхий" акц Н.Учралын Засгийн газрыг шахахаас илүүтэй Ардын намын доторх авлигач, хулгайчдад л хожоо авчирч байна. Ардын намын авлигач, хулгайч нар хожих нь Ардчилсан намын хүсэл, зорилго мөн гэж үү?!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.