НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ
АНАЛИЗ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

2 өдрийн өмнө
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Ц.Нямдорж: Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрт хилсээр хэрэг үүрүүлсэн. Ингэхдээ эрүүдэн шүүсэн. Тэр хүмүүс нь сая хоёр зүйлээр ял авлаа. Би Б.Хурцад алдаа гарч байна шүү гэж хүний ёсоор зөндөө захиж байсан. "Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ хянаарай" гэж хэлж байсан юм.

Энэ бол хэдэн жилийн өмнөх Б.Хурцын шүүхээс ял авахынхаа өмнө өгсөн ярилцлага. Түүнийг С.Зоригийн аллагын хэрэгт шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тагнуулын ажилтнууд эрүүдэн шүүсэн гэж буруутгасан. Эрүүдэн шүүсэн гэх уг бичлэг нь Ц.Нямдоржийн түүж, шүүж байгаад дэлгэсэн 6 минутын дүрс. Дүрс бичлэгээс харахад эрүүдэн шүүсэн гэж хэлэхэд хэцүүхэн үйл явдал гардаг.

Харин Ц.Нямдорж нь Б.Хурцыг шүүхээс ял авсны дараа бас ийм байр суурийг илэрхийлж байлаа. Өнгөрсөн цаг үеийн тэдний хэрүүл өнөөдөр ч эргэлзээ, тээнгэлзэл, хардлага дагуулсаар байгаа юм. Тэр тусмаа 28 жил улс төрийн шоглоом болсон С.Зоригийн сүнсийг хэзээ чөлөөлөх вэ гэдэг томоос том асуултын тэмдэг хэвээрээ.

С.Зоригийн гэх гурван хавтас бүхий эрүүгийн хэргээс зарим хэсгийг нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа төрийн нууцаас гаргаж байлаа. Төрийн нууцаас гаргасан тэрхүү бичлэгт аллагын гол сэжигтэн (УДШ-ээс цагаатгаагүй тул одоогоор сэжигтэн хэвээр байгаа) Б.Содномдаржаа хэргийг хэрхэн үйлдсэнээ өөрийн амаараа ярьж, биечлэн үзүүлж байгаа нь гардаг.

Хэрэг дээр хяналт тавьж ажиллаж байсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа их олон ноцтой асуудал хөнддөг. Нэгдүгээрт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар Б.Булганы гэрт хоол идсэн гэх баримт бийг, хоёрдугаарт, хавтаст хэрэгт авагдсан маш нарийн деталиудыг Б.Содномдаржаа маш сайн мэдэж байсан тухай. Мөн шоронд байгаа Ц.Амгаланбаатараас дарамталсан мессеж Б.Содномдаржаад бүр 2004 оноос ирж байсныг эхнэр нь баталсан болохыг, тухайн үед буюу 1998 онд тэднийг харсан гэрчүүд зургийг нь харангуутаа таньсан талаар. Нийгмийг цочроосон хэрэг учраас гэрчүүд зургийг шууд заасан гэх мэт.

Гэтэл гол гэрч болох, хохирогчтой хамтран амьдарч байсан Б.Булган өдгөө ч алуурчны талаар амаа ангайдаггүй. Прокурор асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар энэ талаар урьд өмнө, удаа дараа ярилцлага, мэдээлэл өгөхдөө “Б.Булганд хэргийг илрүүлэх сонирхол байдаггүй. Гэмт хэрэгтнүүдэд Б.Булган туслаад байна” гэж байв.

Гэмт хэрэгтнүүдийг олж тогтоож, шүүхээс ял шийтгэл өгч байх үед "би ямар ч үг хэлэхгүй" гэж амаа тас хамхиж явсан Б.Булган харин 2024 оны сонгуулиар “Херо энтертэймент”-ийн нэвтрүүлэгт орохдоо эмгэнэсэн, харууссан шинжгүй инээж хөхөрсөн ярилцлага өгч байлаа. 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг гурван шатны шүүхээс яллахад хамгийн их сандарч, хэрэгтнүүдийн өмгөөлөгч шиг ажилласан улстөрч бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болонгуут түүний Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон байдаг. Үүнээс хэдэн сарын дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар нар өөрсдийн биеэрээ Т.Чимгээтэй очиж, уулзсан агаад төд удалгүй прокуророос тавьсан хүсэлтийн дагуу УДШ-ээс тэдэнд ял оноож байсан шүүхийн өмнөх тогтоолуудыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буюу прокурорт буцаасан. Хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд тэдэнд авсан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах арга хэмжээ авснаар тэд ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангиас суллагдсан бий. Тэгэхээр одоо нэмэлт мөрдөн байцаалтад буцсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэрэг хаана, хэний сэйфэнд "саатсан" нь сонирхол татаж байна.

Хачирхалтай нь, УДШ тэднийг цагаатгаагүй байхад нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар ямар шалтгаанаар хилс хэрэгт гүтгэгдсэн гэх үндэслэлээр аллагын сэжигтэн Т.Чимгээд хоёр ч удаа хоёр өрөө байр өгсөн нь анхаарал татаж байна. Энэ нь алуурчныг авлигадсан, амыг нь хамхих гэсэн зорилго бүхий хахуулийн шинжтэй үйлдэл гэж харагдаж, хардагдаж буйг нуух юун.

Үнэндээ С.Зоригийн аллагаас улс төрийн ашиг хонжоо хийсэн хэдхэн хүн бий. Нэгд, гэрч буюу хамжигч Б.Булган. 28 жилийн турш тэрбээр нэг ч удаа алуурчны араас яваагүй. Хоёрт, аллагын сэжигтнүүд болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар. Тэднийг С.Зоригийн амийг онц ноцтой бүрэлгэсэн гэх хэргээс гадна хамтран хэрэг үйлдсэн Б.Отгонбаатарыг гэр бүлийн хамт галдан шатаасныг шүүх тогтоосон. Харин өдгөө тэд эрх чөлөөтэй алхаж явна. Гуравт, төрсөн дүү С.Оюун. Төрсөн ахынхаа эмгэнэлт явдлаар тэрбээр улс төрийн замналаа эхлүүлж байсан агаад нэг ч удаа С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг төрийн нууцаас гаргахыг шахаж, шаардаж байсан удаагүй юм. Дөрөвт, МАН. Үеийн үед,  сонгууль болгоноор эрх баригч МАН хохирогч С.Зоригийн аллагаар шоудаж ирсэн нь баримттайгаа үйл явдал билээ. Тавд, Ц.Нямдорж. С.Зоригийн хэргийг хамгийн их будилаантуулсан, ажлын хэсгийг олон удаа тараасан гол хүн гэж ТЕГ-ын дарга Б.Хурц мэдээлж байв. Тэрбээр Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болонгуут захиалагчийн хэрэг замхардаг тутай ярьж байлаа. Зургаад, Л.Оюун-Эрдэнэ. Өнгөрсөн 2024 оны сонгуулиар С.Зоригийн амь насыг хөнөөсөн аллагын сэжигнтнүүдээр пиар хийж, сонгуулийн ялалт байгуулсан. Эл гутамшигт түүх түүний улс төрийн намтарт бичигдэн үлдэнэ. Үүнээс гадна С.Зоригийн нэр, үзэл санааг ч тэрбээр хулгайлсан агаад нотолгоо нь “Хурдтай хөгжлийн төлөөх ЗОРИГ” хөтөлбөр юм.

С.Зоригийн хэргийг төрийн нууцаас гаргасан гэж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа мэдээлж байсан ч, энэ нь уг хавтаст хэрэгтээ ямар ч холбоогүй шийдвэр байлаа. Товчхондоо бол шоу байв.

“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн С.Зориг амь насаа алдаад 28 жил өнгөрчээ. Энэ хүртлэх хугацаанд түүний сүнс амирласангүй. Хөшөөг нь хүртэл өөрийнх нь үүсгэн байгуулсан МоАХ-г хулгайлсан нөхөд хулгайлахдаа тулсан нь саяхны үйл явдал билээ.

Эцэст нь, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар болоод МАН-ын үг үйлдлээс харахад монгол хүнд бүү хэл Монголын төрд саруул ухаан алга. Амь насыг нь хөнөөсөн аллагын сэжигтнүүдэд орон сууц бэлэглэх хүртлээ тэд С.Зоригийг үнэхээр доромжилж иржээ, эмгэнэлтэй нь!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Al Jazeera (2026-10-01)

Oct 1, 2026

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана